Asia/Africa

Далай лам Си Зиньпинд мессеж илгээв

Н.Төгсмандал 741 үзсэн3

Дээрхийн гэгээн XIV Далай ламыг АНУ-ыг зорих төлөвлөгөөгөө өөрчилсний дараа түүний эрүүл мэнд муудаж байгаа тухай цөөнгүй мэдээллийн хэрэгсэл уламжилсан. Харин үүний хариу болгох гэсэн үү буддын шашны тэргүүн эрүүл саруул гэдгээ батлаж, CNN агентлагийн сэтгүүлч Кристина Аманпурт ярилцлага өгчээ. Тэд цөөнгүй сэдвээр ярилцсаны дотор дараагийн Дээрхийн гэгээн хэн байх тухай болон Түвд Хятадаас тусгаарлах хэрэггүй тухай Далай ламын яриа олны анхаарлыг татаад байгаа юм.

Ялангуяа Түвд их гүрнээс салан тусгаарлах ямар ч хэрэггүй, өнгөрсөн цаг хугацаанд л бид тусгаар улс байсан, одоо ирээдүйгээ харж Хятадын нэгэн хэсэг болж амьдрах хэрэгтэй гэсэн Дээрхийн гэгээний үгсийг Хятадын дарга Си Зиньпинд өгч буй мессеж хэмээн ажиглагчид үзэж байна.

12071514_919462544814640_1258932343_nТэрээр хэдэн жилийн өмнө Кристина Аманпуртай ярилцахдаа “Би бол Түвдийн улс төрийн лидер биш харин оюуны санааны удирдагч” хэмээж байсан. Харин энэ яриаг Кристина эргэн сануулаад Далай ламын залгамжлагч хэн байх тухай, хятадууд Банчин богдыг амьд сэрүүн байгаа учир түүнийг залгамжлах ёстой гэдэг тухай санаа бодлыг нь сонирхсон юм.

Хариуд нь Дээрхийн гэгээнтэн “Би бол сүүлчийн Далай лам. Энэ бол миний л бодол сэтгэгдэл. Би хувьдаа хүмүүсийг үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж байвал сэтгэл таатай байдаг.  Улс төрийн үүрэг хариуцлагын тухайд, өнгөрсөн дөрвөн зуун жилийн турш Далай лам ерөнхийдөө Түвдийн бүхий л үйл хэргийг хамаардаг удирдагч байсаар ирсэн.

12092597_919462484814646_248120181_nХарин 2011 онд би өөрийн улс төрийн үүрэг хариуцлагаас бүрэн татгалзаж оюун санааны лидер болсон шүү дээ. Дөрвөн зууны түүхтэй энэ уламжлалаас бид, түвдүүд татгалзсан. Сайн дураараа, албан ёсоор, баяртайгаар энэ бүхнийг төгсгөсөн. Далай ламын засаглал болон залгамжлагчийн тухайд надаас илүүтэй Хятадын Засгийн газар анхаардаг шүү.

Би болон манай түвдүүд одоо тусгаар тогтнох талаар арга чарга эрэлхийлэхээ больсон. Түвд, Хятад хоёр тусгаар улсууд байсныг өнөөгийн Хятадын албан ёсны түүхчдээс бусад нь бүгд мэддэг.

Гэхдээ үүнийг өнгөрсөн үетэй нь хамт орхиод ирээдүйгээ харж амьдрах хэрэгтэй. Түвд БНХАУ-ын нэг хэсэг хэвээр үлдэнэ. Бид ирээдүйн материаллаг хөгжлөө харж, Хятадын нэг хэсэг болон үлдэх, гэхдээ өөрийн хэл соёл, оюун санааны тусгаар байдлаа хадгалж үлдэх сонирхолтой байгаа. Угаас Түвдийн буддист уламжлалыг хадгалж үлдэх нь Хятадын буддын шашин шүтдэг 400 сая хүний хувьд маш чухал асуудал” хэмээсэн юм.
Мөн тэрээр өнөөгийн Хятад улс ихээр өөрчлөгдөж байгааг ч яриандаа онцлож байсан юм.

Энэ үгсээрээ Далай ламыг БНХАУ-ын дарга Си Зиньпинд манай ард түмэн танай улсаас тусгаар тогтнох тухай яриаг мартсан, тиймээс одоо асуудлыг өөр өнцгөөс харцгаая гэсэн далд уриалгыг дайж явууллаа хэмээн өрнөдийн мэдээллийн хэрэгслүүдэд дурджээ.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам 1959 онд Түвдийг хятадууд эзэлсний дараа нутгаа орхин Энэтхэгийн Дарамсалад дүрвэн гарсан юм. Түүнийг түвдүүдийн оюун санааны удирдагч төдийгүй салан тусгаарлах үзэл санааы бамбар хэмээдэг билээ.

Харин өнөөгийн нөхцөл байдалд дэлхийд бүхий л салбарт тэргүүлэгч гүрний нэг болсон Хятадтай амьдаараа зулын гал болон тэмцээд нэмэргүй гэдгийг түвдүүд ойлгож байгаа бололтой.
Тиймээс Далай лам насан туршдаа хийсэн тэмцлээсээ ухарсан мэдэгдлийг хийж эхэллээ хэмээн хэвлэлүүд бичиж байна. Магадгүй энэ ухралт нь түүний хувьд төгс ялалт ч байж болох юм.

Сэтгэгдэл үлдээх