Post

Даржин мөртлөө сүржин байвал гоё уу…

Ж.Эрдэнэцогт 1,982 үзсэн12

Монголчууд бид чинь ер нь хаашаа ч янзын улс вэ дээ гэж танд зарим үед бодогддог байх. Надад ч мөн адил, тийм бодол хааяа төрдөг байсан бол одоо улам л олшрох маягтай боллоо. Өчигдөр оройхон ажил тарах үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Монголд айлчлан ирлээ хэмээн нийслэлийнхнийг хэдэн цаг “хөл хорио”-нд оруулж чамгүй бухимдуулав.

Солонгосын Ерөнхий сайдад ямар буруу байхав дээ, Монгол Улсын Ерөнхий сайд уриад байхаар нь дипломат ёс баримтлан Монголд ирж хоёр хоног айлчлал хийгээ биз, өөрийн улсынх нь сонирхолд нийцэж байвал хэдэн гэрээ, санамж бичигт дагалдан яваа бараа бологчдоороо гарын үсэг зуруулаад буцах биз.

“Энэ ноён яаж угтана, бид тийм хариу барина” гэж нэгэн кинон дээр гамин ноён хэлдэг нь монгол ноён түүнийг гэрийн үүдэндээ гарч ирээд угтан авах ёстой гэхээсээ илүүтэйгээр түүнтэй цаашид хэрхэн хамтран ажиллах, дэмжихийг нь харна л гэсэн утгатай үг байсан нь киноны төгсгөлд тайлагддаг. Дипломат ёс, угтах, хүндлэх зэрэг дэв гэж байдаг нь маргаангүй. Гэвч юм хэмжээнээсээ хэтэрвэл хоосон маяглал төдийгүй хүнд суртал, сүржин байдал болж хувирдаг гэдэг нь сүүлийн үед гадаадын өндөр хэмжээний зочдын айлчлалыг зохион байгуулж байгаа болон манай дарга нарын өдөр тутмын харуул хамгаалалтыг яаж хийж байгаагаас харагдах боллоо.

Хэдэн жилийн өмнө БНХАУ-ын дарга Зян Зэминь Монголд айлчилж билээ. Тэр зун халуун байсныг хэлэх үү, гэтэл хамгаалалтад гарсан цагдаагийн офицер “дээрээс авсан” үүргийнхээ дагуу гудамжинд модны сүүдэрт зогсож байсан хүмүүсийг ил байж болохгүй гээд хэний ч хамаагүй машинд чихэн суулгаж, ёстой нэг “хөлсөлсөн” юм даг.

Сүүлийн үед гадаадын хүндтэй зочныг угтах ёслолыг Төв талбайд хийх болбол манай төрийн тусгай хамгаалалтын болон цагдаагийнхан тэр хавийн байр, байшинд байрладаг албан байгууллагын ажилтнуудыг цонхондоо ойртохыг хориглож, эвгүй хөдөлгөөн хийвэл мэргэн буудагч шууд устгах маягийн санаа цухалзуулж, хэдэн цагаар ч хамаагүй салхивчийг нь хаалгаж, хөшгийг нь буулгуулдаг боловч, буцаагаад хэзээ нээж болох тухай эргэж мэдээлэл өгөлгүй алга болдог болчихоод байна.

Бидний нэрлэж заншсанаар”төрийн гурван өндөрлөг” маань ямар нэгэн арга хэмжээнд хамтаар оролцох, эсвэл наадмын талбайд залрахдаа хүртэл тус тусын бие хамгаалагч нараар хүрээлүүлэн морилдог болсон учир хана хэрэм мэт тойрсон, хөмсөг зангидаж, чухал царайлсан олон хамгаалагч нарынх нь дундаас тэднийхээ царайг олж харахаа больчихоод байгаа олон нийт, “энэ гурав маань яагаад нэгдсэн нэг хамгаалалттай ирж болдоггүй юм бол?” гэж гайхах, тэр ч байтугай “манай гурван дарга бие биенээсээ биеэ хамгаалуулдаг” гэсэн шооч үг гарахад хүргэхэв.

“Гурван өндөрлөг” ийм байх ёстой юм гэхэд сүүлийн үеийн Хуульзүйн сайд нар ч 2-3 офицероор хамгаалуулдаг уламжлал тогтлоо. Өөрсдийнх нь хэлж байгаагаар Зоригийг хөнөөсөн хэргийн явцын талаар ямар ч мэдээлэлгүй, бас мөрдөгдөж байгаа гэмт хэрэгтэй танилцах эрхгүй юм бол ийм сайдыг хамгаалах гэж нэмэлт зардал гаргах хэрэг байхгүй баймаар. Ийм жишиг тогтвол тун удахгүй Батлан хамгаалахын сайд бас, заавал ч үгүй дунд тушаалаас дээгүүр цолтой, хэд хэдэн офицероор биеэ хамгаалуулахыг шаардаж мэднэ. Гэвч цаашдаа манай улс “төвийг сахисан бодлого” хэрэгжүүлэх учир дарга нарын харуул хамгаалалтыг арай зөөлрүүлж, зардал төсөв хэмнэх боломжтой ч болж магадгүй л юм.

Өчигдөр 17.00 цагийн үеэс л Төв шуудангаас урагш замыг бүрэн хааж бүх машинуудыг зүүн тийш нь хөөсөн. Үйлдвэр, 120 мянгат, Зайсан чиглэлийн автобуснууд ЗЦГ, Үндэсний паркийн дундуур түгжрэлд орж зүтгэсээр 30 минутын дараа Төв цэнгэлдэхийн хойгуур гарч ирээд дахин хаалтанд орж “нам зогсоход” хүндэт зочдын цуваа ирээгүй л байсан. Хамгаалалтад гарсан цагдаа нар автобуснаас буусан зорчигчдыг явганаар зам хөндлөн гарахыг байтугай, замын хажуугаар явахыг хүртэл хориглож, автобусны буудал дээр бөөгнүүлэн хорьж “чухал алба хашдаг, бас өндөр сонор сэрэмжтэй болох”-оо мэдрүүлсэн юм.

Тэнд 10 гаруй минут хашигдсаны эцэст гэрэл дохио гялалзуулсан 10-аад машинтай цуваа явж өнгөрлөө, тэгээд л “концерт дуусаа” гэдэг шиг удтал хашигдсан машины жолооч нар уур цухлаа бие биедээ гарган дохиогоо чарлуулж, явган зорчигч нар “хаа газрын муусайн…” гэх мэт бухимдлын үг шидэлсээр тал тал тийш одлоо.

Ерөнхий сайд зочноо өндөр хэмжээнд угтана, харуул хамгаалалтаа сайн зохион байгуул! гэсэн үүрэг өгсөн болохоос Солонгосын Ерөнхий сайдын хөлөглөсөн онгоц Буянт-Ухаа дээгүүр дөнгөж гарч ирж байхад хотын төв замыг хааж, зочид хот руу хөдөллөө гэхээр нь замын хажуугаар мөрөөрөө алхаж явсан иргэдийг автобусны буудлын цаагуур оруулаад хорьж бай! гэж хэлээгүй байлтай.

Гадаадад манай төрийн тэргүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг айлчлахад хамгаалалтын 2 машин, эсвэл 4-5 мотоцикльтой цагдаа гаргаад л зохицуулчихаж байгааг нь зурагтаар харсан, бас дагаж явж ч үзсэн.

Түүнээс биш бүтэн цагийн өмнөөс зам хаагаад, явган зорчигчийг хүртэл зогсохыг шаарддаг тийм байдал харагдаагүй. Харин манайхан энэ янзаараа бол, өмнөх нийгмийн үед ЗХУ-ын Коммунист намын дарга Брежнев, эсвэл Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын дарга Ким Ир Сен нарыг ирэхэд замын хоёр талаар иргэд хөдөлмөрчдийг зогсоож хэдэн цагаар “шийтгэдэг” байсан дүр төрхийг давтах л дутуу байна.

Ирэх онд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг Монголд хийе гэж манай Ерөнхийлөгч олон улсын хэмжээнд зарлачихсан, гэтэл эдийн засаг хямарчихсан болохоор “нэр нүүрээ улайлгахгүй” гэсэндээ Засгийн газар маань ёстой л “хойд хормойгоо огтлон авч урд хормойгоо нөхөж” байна. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулбал /гэхдээ амжилттай зохион байгуулбал шүү дээ/ манай улсын нэр хүндэд цаагуураа сайн зүйл болно гэсэн ойлголтыг энгийн иргэд авч эхэлсэн. Шууд үр дүн их л гарах байх л даа.

Гадаадын 50 гаруй улс орны тэргүүн ирж 2-3 хоног Улаанбаатарын гудамжаар давхих тул тэр үед юу болох бол оо…

Манай Төрийн тусгай хамгаалалтынхан гадаадын хамгаалалтын элдэв албыг “уруу татаад”, ёстой л “пижигнүүлж” өгнө биз. Тэр үеэр нийслэлийн иргэдийг ажил, албанаас нь чөлөөлж, хүүхэд багачуудаа аваад хөдөө гарахыг шаардах болов уу, аль эсвэл ажил болоод гэрт нь хэд хоног “хорих” болов уу, юутай ч хотын төв рүү цухуйлгахгүй болгож “сүржигнэх” нь тодорхой. Тэр үед амралтаа ч авдаг юм уу даа, яршиг.

Уул нь ямар ч орны, ямар ч хэмжээний зочин гийчин Монголд ирсэн иргэд бид авто машиныхаа хөдөлгөөнийг хориуллаа ч, замын хажуугаар өөд сөөргөө алхах эрхтэйгээ үлдэж, хэдийгээр дарга нар маань гадны даргыг урьж, зээл тусламж авч биднийгээ нэмж өрөнд оруулж байгаа ч тэдэнд баярлаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, нэрэлхүү зангаараа 2-3-хан хоногт хэдэн арван тэрбум төгрөгөө зарцуулан байж шүд зуун өнгөрөөх хэдий ч, дэлхийн хэмжээний уулзалтыг тансаг зохион байгууллаа, Монгол хөгжсөн байгаа биз хэмээсэн хөөргөн сэтгэлээр гадаадын тэргүүнүүдийн цуваа руу гар даллан үлдэх эрхтэй баймаар байна.

Бас Сүхбаатарын, эсвэл Чингисийн гэж алинаар нь нэрлэхээ мэдэхээ болчихоод байгаа Төв талбайд болж байгаа ёслол хүндэтгэлийн ажиллагааг зав чөлөөндөө цонхоороо харчихаж болох, бас “Төрийн гурван өндөрлөг”-өө хүндэлж явдагаа илэрхийлж “холоос ч гэсэн барааг нь харж” тагтан дээрээсээ уриа цуурайтуулж баймаар байна. Хэрвээ даржин байж сүржин загнах ёстой л юм бол дарга, цэрэггүй л бүгдээрээ сүртэй байя л даа…

Сэтгэгдэл үлдээх