Chronicle

Монголд “Хар машин” хөл тавьсан түүх

Politik.mn 4,624 үзсэн1

-Монголын “Интерактив” компанитай хамтарч уг төслийг хэрэгжүүлж байгаа “Dominion Voting” компанийн зүгээс автомат машиныг ажиллуулах програм хангамжийн эх кодыг олон нийтэд ил тод байлгах боломжтой, харин санал авах, тоолохтой холбогдсон программын эх кодыг СЕХ-нд хүлээлгэн өгөх, нийтэд ил болгох боломжгүй гэж мэдэгдэж байжээ-

Нью-Йоркийн шинийг бүтээгч Jacob H.Myers гэгч 19 дүгээр зууны сүүлчээр сонгуулийг луйвраас хамгаалж, санал өгөх аргыг энгийн, хурдан, нууц болгох зорилгоор уг машины анхны хувилбарыг зохион бүтээсэн нь өнөөгийн цахим сонгуулийн эхлэл байжээ. Анх 1892 онд Нью-Йорк мужийн Lockportin тойргийн сонгуульд үүнийг хэрэглэсэн ба хүний өндрийн дайны цахилгаан-механик болхидуу машин байсан ч тэр үед бүгд шагшран магтаж байсан гэдэг. Өдгөө санал тоолох автомат машиныг АНУ , Бразил, Мексик гэх мэтхэдэн арав, зуун сая сонгогчидтой орон, мөн зарим Европын улсууд хэрэглэдэг туршлага бий.

Бас тийм ч цагаан мөргүй, сонгууль будилиантуулж байсан цөөнгүй тохиолдолтой. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ал Горын замыг заахад энэхүү хар нөхөр их үүрэг гүйцтгэсэн гэж яригддаг. Нэг тойрог дээр хасах 16022 санал гэж гаргасан нь урьдчилсан дүнгээр олж авсан ялалтыг нь эргүүлчихэж. Тулгаж ярих гэтэл мэдээлэл хадгалагч карт нь алга болсон гэснээр мухарджээ. Энэ тойргийн санал Ж.Бушийн ялалтад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэдэг.

Шотланд 2008 онд Монголд хэрэглэх машинтай ижил төстэй машинаар буюу сонгуулийн хуудсыг сканерддаг техникээр сонгууль явуулсны дараа худлаа тоололт болсон нь батлагдсан тул хуулиа өөрчилж буцаж үзэг цаасаа барьж авчээ.

2011.11.10                                                          

-Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталж, автоматжуулсан системийг хуульчиллаа.

2011.12.22

-Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын сонгуульд ашиглах автомат машиныг СЕХ танилцуулсан. Гишүүдэд СЕХ-ны дарга Н.Лувсанжав санал хураах машиныг танилцуулсан нь БНСУ-д үйлдвэрлэсэн скайнер байсан нь гишүүдийн дургүйцлийг хүргэж, уур бухимдлаа зэрэг зэрэг илэрхийлэхэд хүргэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Энхбат “Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Сонгууль авдаг машин бол систем. Өөрийн шаардлагатай байдаг. Хүн цаасанд гар хүрэхгүй байхаар нууцлалтай байдаг. Би энэ скайнерыг хараад үнэмшээгүй. Дугуй, мотор өгчихөөд машин гэж хэлээд байна. СЕХ-ны нөхдөд хэлье. Энэ чинь сонгуулийн машин биш байна шүү дээ. Зүгээр л бичгийг хувилаад хадгалдаг л машин байна. Сонгууль гэдэг бол бичиг хувилах ажил биш. Сонгуулийн машинд гурван шаардлага тавьдаг. Олон улсын стандарт, үнэмлэхтэй байх ёстой. Програм хангамж нь нээлттэй байх ёстой. Бусад улс орнуудад хэрэглэгдсэн байх ёстой” гэв.

Энэ үеэр З.Энхболд гишүүн “Сонгуулийн машин аваад ир гэж байхад ердийн скайнер аваад ирсэн байна. Үүнийг заавал хэрэглэх гээд байгаа нь авлига авсан гэсэн үг” гэлээ. Тэрбээр СЕХ-ны ажлын хэсгийнхэнд хариуцлага тооцох ёстой. АТГ-т шалгуулна гэдгээ ч хэлсэн. Ийнхүү цаг хугацааг тулгаж ийм машиныг ашиглана гэж оруулж ирсэн нь үүний цаана үнэхээр ашиг сонирхол байна уу гэж гишүүдийг бодоход хүргэв.

2011.12.27

-СЕХ хуралдаж АНУ-ын “Dominion Voting” компанийн оптикал-скан технологи бүхий санал авах, тоолох “New Image cast” автомат машиныг сонгуульд ашиглах шийдвэр гаргасан байна. УИХ-аас санал тоологч автомат машин, төхөөрөмж авахад зориулж 24 тэрбум төгрөг төсөвлөв.

2011.12.28

-УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтад ашиглах автомат машины бүтэлгүй сонголтоосоо болоод огцрох дээрээ тулаад байсан СЕХ-ныхон эрхэм гишүүдэд өөр нэгэн хувилбарыг санал болгож, Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, санал хураалтад ашиглахаар сонгосон шинэ машиныг танилцууллаа.

АНУ-ын “Dominion Voting” компани тус улсын сонгуулийн техник хэрэгсэл үйлдвэрлэгч томоохон үйлдвэрлэгч. Энэ компанийн үйлдвэрлэсэн техник хэрэгслийг АНУ-ын Флорида, Нью-Йорк, Вашингтон, Оклахома зэрэг хот, муж улсуудад ашигладаг ажээ. Тус компанийн албан ёсны цахим хуудас дахь танилцуулгад сонгуулийн тоног төхөөрөмж худалдан авдаг 400 гаруй хэрэглэгчтэй хэмээн бичжээ.

Америкчууд Монголын “Интерактив” компанитай хамтарч уг төслийг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна өмнө нь бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр ярьж байсан АНУ-ын “ES&S” компанийн хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан гэрээний нөхцөлүүдийг АНУ-ын “Dominion Voting” зөвшөөрсөн гэдгийг СЕХ-ны удирлагууд Төрийн байгуулалтын байнгын хороонд мэдээлсэн байна.

Тодруулж хэлбэл, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг дагаж мөрдөх, аливаа маргаан гарсан тохиолдолд Монголд шийдвэрлэх, төхөөрөмжийн аюулгүй ажиллагаанд баталгаа гаргах зэрэг нөхцөлийг хүлээн авах, харилцан тохиролцох боломжтой гэсэн үг. Төхөөрөмжийг богино хугацаанд нийлүүлэхийн тулд онгоцоор тээвэрлэх, гааль болон бусад татвар хураамжийг СЕХ төлөх ёстой гэсэн нөхцөлийг америкчууд тавьсан байна.

Интернэтийн мэдээллийн орчинд АНУ-ын “Dominion Voting” компанид үйлдвэрлэсэн санал тоолох автомат машины талаар таагүй мэдээлэл бараг харагдсангүй. Төгс машин гэж байдаггүй ч харьцангуй найдвартай төхөөрөмжид тооцогддог юм байна. Автомат машиныг ажиллуулах програм хангамжийн эх кодыг олон нийтэд ил тод байлгах боломжтой, харин санал авах, тоолохтой холбогдсон програмын эх кодыг СЕХ-нд хүлээлгэн өгөх, нийтэд ил болгох боломжгүй гэдгийг “Dominion Voting” компанийнхан албан ёсоор мэдэгдсэн юм билээ.

Санал тоолох машины LCD дэлгэц болон хэвлэгдэж буй тайлангууд нь монгол хэл дээр программчлагдсан байх аж. Энэхүү машин нь сонгогчийн саналыг авч тоолох, дүн гаргах ажиллагаа, мэдээллийг гар утасны сүлжээ ашиглан дамжуулах, дүнг цаасаар хэвлэн гаргах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, саналын хуудас дээр тухайн сонгогчийн хийсэн тэмдэглэгээ зурган файл хэлбэрээр хадгалагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд саналын тоог нягтлах боломжтой гэсэн үг. Саналын нэг хуудсыг таван секундэд тоолох техникийн боломжтойг үзүүлэлтэд дурдсан байв. Цахилгааны гэнэтийн саатал гарсан тохиолдолд 8-12 цаг ажиллах чадал бүхий тусгай зайтай ажээ. Энэхүү автомат машин эвдэрч мэдэх эрсдэл 100 мянгад 0.3 хувьтай байна гэдгийг нийлүүлэгч тал мэдэгджээ.

-2012.01.09

-Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн санал авах, тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах ажиллагааг нэг зэрэг гүйцэтгэх техникийн боломж бүхий сонгуулийн зориулалттай, АНУ-ын “Dominion voting systems” компанид үйлдвэрлэсэн Image Cast загварын төхөөрөмжийг авч ашиглахаар гэрээ байгуулж, гэрээнд заасан ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна гэв.

2012.04.03

-Санал тоолох машиныг АНУ-ын “Dominion voting systems” компаниас авахаар СЕХ гэрээ хийж, эхний 705 машиныг хүлээж авав. Гэрээний нийт 2500 техник хэрэгслийг тавдугаар сарын 15-ны дотор нийлүүлэх юм. Мөн тэдгээрийг ашиглахтай холбоотой бүхий л үйлчилгээг сонгуулийн үйл ажиллагаа явагдаж дуусах хүртэлх хугацаанд нийлүүлэгч тал үзүүлэх ёстой./www.time.mn/

2012.04.27

-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Ц.Нямдорж гишүүн “Та нар хоёр сонгуулийг автоматжуулсан байдлаар хийнэ гэж ярьцгааж байна. Тун удахгүй эргээд өөр асуудал яригдана шүү. Америкийн компани чинь хоёр сонгуулийг зэрэг хийвэл үүргээ биелүүлж чадахгүй гэсэн бичиг ирүүлэх байх. Тэгээд та нар дахиад эргэж хуралдана шүү” гэв. Үүнд нь хуралдаан даргалагч Ж.Сүхбаатар “Бид аль хэдийн сонгуулийг автоматжуулсан аргаар хийнэ гэдгээ шийдчихсэн, тэгээд ч тэр америкийн компани чинь чадна гэдгээ бичгээр аль хэдийн ирүүлчихсэн байна” гээд хурлыг цааш нь үргэлжлүүллээ. /www.news.mn/

2012.06.20

-Сонгуулийн ерөнхий хороонд 2500 ширхэг ICP машин байна. 2010-ыг нь хуваарилахад 490 ширхэг машин үлдэнэ. Үүнийг сонгогч олонтой хэсгүүдэд нэмж хуваарилаад нөөцөд цөөн тоогоор авч үлдэнэ. Машин эвдэрсэн, гацсан тохиолдолд нөөцөд авч үлдсэн машинаа ашиглахаар төлөвлөж байна./СЕХ-ны мэдээллээс/

2012.06.26

-УИХ-ын 2012 оны сонгуульд 1908 сонгуулийн хэсгийн хороо ажиллана. Эдгээр хэсгийн хороодод 5892 хэвлэгч болон хурууны хээ уншигч, 2946 зөөврийн компьютер, 2946 цахим үнэмлэх уншигч төхөөрөмж, 2540 санал тоолох автомат машин ашиглах юм байна. Санал тоолох машиныг 24 тэрбум төгрөгөөр АНУ-ын “Dominion voting” компаниас оруулж иржээ. /shuum.mn/

2012.06.28

– УИХ, НИТХ-ын сонгууль 07.00 цагт эхэллээ. Санал хураалтыг эхлүүлэхийн өмнө хэсгийн хороодын ажилтнууд санал авах машины ажиллагааг санал өгөхөөр ирсэн сонгогчдод танилцуулж, битүүмжлэлийг хийсэн тул эхний сонгогч 07.15 цагт саналаа өгч эхлэв. Санал авах ажиллагаа эхэлснээс хойш саналын хуудас тоолох автомат машин гацах, саналын хуудас уншихгүй байх зэрэг техникийн асуудал үүсч байсан ч тухай бүрт нь явуулын техникийн баг ажиллаж хэвийн үйл ажиллагааг хангав. Техникийн энэ мэт асуудлаас болж зарим хэсгийн хорооны санал авах ажиллагаа цагтаа эхэлж чадсангүй. Тухайлбал, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий, Сэлэнгэ зэрэг аймгуудад автомат машин саналын хуудас уншихгүй байх, саналын хуудасны зүсэлт өргөн нарийн байх зэрэг зөрчлүүд гарсан ч СЕХ-ны ажилтнууд хэсгийн хороодод ажиллаж, цаг хугацаа алдалгүй зөрчлийг зассан байна.

2012.12.21

-МАН-ынхан УИХ, НИТХ-ын ээлжит сонгуулиас хойш л автомат машинд гомдож, эргэлзэж буйгаа илэрхийлсээр ирсэн. УИХ дахь тус намын гишүүд эргэлзээгээ тайлахын тулд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд автомат машин ашиглахгүй байя гэсэн санал гаргаж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Монгол хүн юмыг гараараа мэдэрч байж итгэдэг. Өмнөх хоёр сонгуулиар бий болсон эргэлзээгээ тайлахын тулд саналын хуудсыг гараар тоолсон нь дээр”

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “санаатайгаар сонгууль будлиантуулдаг үйлдлийг зогсоох гэж л автомат машин ашиглаж байгаагаа тайлбарлаад, “иргэд эргэлзэж байна” гэдэг үгийг өөрсдийнхөө эрх ашгийн өмнөөс хэлж болохгүй шүү” гэж МАН-ын гишүүдэд анхаарууллаа.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Та нар хувийн ашиг сонирхол шингэсэн эргэлзээгээ ингэж хамаагүй гаргаж болохгүй. Ард түмэн та бүхнийг харж, сонсч байгаа. Гэнэтхэн иргэд автомат машинд эргэлзэж эхэлбэл та бүхний буруу шүү. Яагаад гэвэл ийм эргэлзээ ухралыг бий болгох шат болно. Та нар үүнийг тавьж байна”

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Тэгвэл иргэдийн дундах эргэлзээ, тээнэгэлзээг арилгахын тулд хяналтын тооллого явуулах хэсгийн хорооны тоог нэмэх шаардлагатай, АН бүх зүйлд мөлхөө маягаар түрэмгийлэл хийж, асуудалд хандахаа зогсоох хэрэгтэй”. /assa.mn/

2013.06.07

-Намуудын болон төрийн бус байгууллагын төлөөлөл байлцаж нийслэлийн хэмжээний санал тоолох хар машиныг 341 хувилбараар шалгаж үзжээ. Товчхондоо гэвэл хар машин шалгалтанд тэнцээгүй байна. Уг шалгалтанд МАН-ыг төлөөлж Б.Долгор тэргүүтэй хүмүүс, АН-аас Ариунболд, Медиас ТББ-ыг төлөөлж Энхжаргал, МАХН-аас даргын зөвлөх Батбаяр нарын хүмүүс оролцсон байна.

Туршилтаар гурван нэр дэвшигчийн нэрийг гурвууланг нь дугуйлсан хүчингүй нэг саналын хуудсыг хүчингүй гурван санал гэж уншин, гурван ирцээр бүртгэсэн, цоолсон, балалсан, нугалсан хуудсыг уншсан, ийм хуудсуудыг хүчинтэйд тооцсон гээд олон зөрчил гарсан байна. Тухайлбал Б.Бат-Эрдэнийн нэрийн санал өгөх хэсгийг будаад Ц.Элбэгдоржийн нэрийн санал өгөх хэсгийг цоолон авахад Б.Бат-Эрдэнэ дээр санал авч байх жишээтэй. Энэ мэт олон зөрчлөөс гадна энэхүү хар машины программ хангамж нь Монгол Улсын өмч биш ажээ. Уг программыг аудитийн байгууллагаар баталгаажуулсан гэдэг нь ч худлаа, баталгаажуулсан тухай баримт бичиг байхгүй байсан гэнэ. /zone.mn/

2015.12.09

-Ч.Хүрэлбаатар: Хар машиныг хэвлэл мэдээллийнхний өмнө харуулж байгаад IT-гийн залуусыг оруулж ирж байгаад асуудалгүй байна гэдгийг олон нийтийн өмнө баталгаажуулчих л ёстой юм. Машин нь хаана байгаа нь ч мэдэгдэхгүй байгаад эргэлзээ бий. Тийм учраас МАН-ын бүлэг хар машиныг хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулах гэдэг асуудлыг тавьсан. /УИХ-ын чуулганы хуралдаан/

2015.12.10

-МАН тэргүүтэй улс төрийн 21 намын төлөөлөл Сонгуулийн хар машин болон Сонгуулийн хуулийг гацааж байгааг эсэргүүцэн Тусгаар тогтнолын талбайгаас Сүхбаатарын талбай чиглэн тайван жагсаал зохион байгууллаа. НАМЗХ-ны удирдлага, гишүүд, дэмжигч олон зуун залуучууд уг жагсаалд идэвх санаачлагатайгаар оролцон өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн дэмжлээ. Жагсаалд оролцсон улс төрийн намуудын зүгээс Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхгүй бол Засгийн газар, УИХ-ыг тараах хүртэл арга хэмжээ авна гэсэн юм. Товлосон хугацаанд улс төрийн намуудын шаардлагын хариуг УИХ-ын дарга өгөөгүй учраас тус жагсаал улс төрийн суултаар үргэлжлэхээр боллоо.

2015.12.14

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж МАН-ынхан өнгөрсөн долоо хоногоос эхлэн жагсаал зохион байгуулж, улс төрийн суулт зарлаад байгаа. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд “МАН-ын шаардлагыг хүлээн авах боломжгүй” хэмээн үзжээ.

Мөн хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооныхон санал тоолох машин саналын хуудсыг үнэн зөв тоолж чадаж байгаа эсэх асуудлаар мэдээлэл өгч, туршилтын тооллогыг сэтгүүлчдэд нээлттэйгээр зохион байгууллаа. Туршилтад УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийг жишээ болгон авч, санал хураалт явуулав. Санал тоолох машинаар уншиж гаргасан дээрх дүн гар тооллогын дүнтэй таарч байсан ба ямар нэг будилаан байхгүй гэж үзэв.

УИХ-ын дарга З.Энхболд “2012 оны УИХ-ын болон орон нутгийн, 2013 оны Ерөнхийлөгчийн гэсэн гурван сонгуулиар бид сонгогчдын саналыг хар машинаар тоолсон. Гурван удаагийн сонуулиар энэ автомат машиныг ашигласан. Санал хураалт тоолох үед ямар нэг зөрүү гараагүй. Сая та нараар санал хураалт явуулахад файл л өгөөгүй. Жинхэнэ сонгууль явагдахад нийт 1.3 сая сонгогчийн саналын хуудасны файлыг нэр дэвшигчдэд үнэгүй тараана. Нийт нам, нэр дэвшигчдэд 3.6 сая саналын хуудасны зураг багтаасан файл өгнө. Хэрвээ саналын хуудас, тоолсон тооллого хоёроос зөрүү гарвал СЕХ-нд гомдол гаргаж болно. Энэ хар машиныг яаж ч шалгасан шалгалтад унахгүй” гэлээ.

Энэхүү туршилтыг УИХ-д суудалтай бусад намын бүлгийн хуралдаан дээр ч мөн хийж баталгаажуулах бөгөөд парламентад суудалгүй улс төрийн хүчнүүд Сонгуулийн ерөнхий хороон дээр очиж автомат машинаар санал тоолох ажиллагаатай танилцаж, туршиж үзэх боломжтой юм байна.

2015.12.14

-МАН УИХ-ын үйл ажиллагааг гацаагаад байсан зүйлгүй. УИХ-д суудалтай нам, эвслийн бүлэг тодорхой асуудал дээр завсарлага авч байгаа. Бид Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьж байгаа. УИХ хэлэлцээд эхэлсэн асуудлаа тодорхой шалтгаангүйгээр зогсоож болохгүй. Тэр тусмаа тухайн асуудлын хэлэлцэх хугацаа нь дуусгавар болох гэж байгаа үед УИХ-ын дарга гэдэг хүн мэдээд, хаагаад байж болохгүй. Өнөөдөр сонгуулийн хуулийн ямар тогтолцоо Монголд таарахыг ард түмнээсээ асууя гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард санал гаргасан. МАН-ын саналыг хэлэлцэхгүй гэсэн. Гурван жилийн өмнө байгуулагдсан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг төслөө УИХ-д оруулж ирэхгүй байсан. Бид улс төрийн 21 намтай хамтраад Сонгуулийн хуулийн төсөл боловсруулсан. АН-аас бусад намын төлөөллийн гишүүд оролцсон төслөө өргөн барихад гурван жил ажилласан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг мөн төслөө өргөн барьсан. Бид асуудлыг өмнө нь түүчээлж явахгүй бол эрх баригчид хөдлөхгүй байна. Монголын 22 улс төрийн хүчнээс ганцхан нам л сонгогчдын саналыг гараар тоолохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид сонгогчдын санал хураалтыг хар машинаар тоолсныг гараар дахин нэг удаа баталгаажуулахгүй бол иргэд итгэхгүй байна. Төр иргэдийнхээ итгэл үнэмшлийг бий болгох ёстой./ МАН-ын бүлэг/

Сэтгэгдэл (1)

  1. I just want to say I am just all new to weblog and definitely loved your page. More than likely I’m planning to bookmark your blog post . You really have amazing posts. Bless you for sharing your web-site.

Сэтгэгдэл үлдээх