Breaking

Иргэдийг төөрөгдөлд оруулж хууль бус үйлдэлд турхирч байгааг Үндсэн хуулийн цэц анхааруулжээ

www.zasag.mn 317 үзсэн1

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн.

Уг хуулиудын холбогдох заалтаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсныг хүчингүй болгосон билээ.

Гэтэл Үндсэн хуулийн цэц банкны зээл, түүний хүүгийн талаар ямар ч асуудал хэлэлцэж шийдвэрлээгүй байхад зарим этгээд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээрээ орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон гэх мэтээр илт буруу ташаа мэдээлэл түгээж олон нийтэд буруу ойлголт төрүүлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж хууль бус үйлдэлд турхирч байгааг Үндсэн хуулийн цэц анхааруулж байна.

Цэцийн уг шийдвэр ипотекоор хангагдах шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөөгүй.

Мөн ипотекийн зүйл хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь хуулийн дагуу барьцаалагчид хэвээр хадгалагдана.

Иймд Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрээр орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг эрсдэлд оруулсан мэтээр буруу ташаа мэдээлэл тараагч этгээдүүд хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна.

Үндсэн хуулийн цэц, түүний шийдвэрийг мушгин гуйвуулж буруу мэдээлэл тарааж байгаа нь Үндсэн хуулийн шүүх эрх мэдэлд халдсан хууль зөрчсөн үйлдэл болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдэгдэж байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл (1)

  1. Hello very cool website!! Guy .. Excellent .. Amazing .. I’ll bookmark your website and take the feeds also…I am glad to seek out a lot of useful information right here within the put up, we’d like develop extra techniques in this regard, thanks for sharing.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

Сэтгэгдэл үлдээх