Post

“Олон зуун жилийн түүхтэй хиргэсүүрүүдийг нууцаар малтан авч шилжүүлсэн хэргийг ТЕГ-т шалгуулна”

ikon.mn 47 үзсэн0

Баянхонгор аймгийн Заг сумын иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хүсэлт тавьж байгаа бөгөөд ТЕГ-т нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар хандаж байгаагаа мэдэгдлээ.

Тус сумын Эх булаг хэмээх газарт 411 га талбайд “Централ Эшиа Майнинг” компани ашиглалтын лиценз эзэмшиж буй талаар нутгийн иргэд өнгөрсөн долоодугаар сард мэдээлэл хийсэн. Тэгвэл энэ удаа бас нэгэн ноцтой асуудал үүсжээ.

“Централ Эшиа Майнинг” компанийн ашиглалтын лиценз эзэмшиж буй уг талбайд өнгөрсөн 2017 оны тавдугаар сард Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэ-Очироор ахлуулсан судлаачдын баг очиж, хайгуул судалгаа хийжээ. Хуулийн дагуу БСШУСЯ-наас тусгай зөвшөөрөл авсан шинжлэх ухааны байгууллага археологийн хайгуул, судалгаа хийдэг бөгөөд тайлангаа зургаан сарын дотор харьяа яаманд ирүүлэх ёстой аж. Гэтэл тус судалгааны баг өнөөдрийн хүртэл тайлангаа танилцуулж, улсын бүртгэл, мэдээллийн санд мэдээлээгүй байна.

Түүнээс гадна МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэн н.Батсайханаар ахлуулсан баг хэсэг үнэт дурсгалын зүйлс, хиргэсүүрүүдийг малтан авч, нүүлгэн шилжүүлжээ. Энэ талаараа 30 хоногийн дотор орон нутгийн холбогдох байгууллагад тайлагнах ёстой ч Мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналт тавиагүй, хэчнээн тооны ямар үнэт өвийг нүүлгэн шилжүүлсэн нь тодорхойгүй байгаа талаар Заг сумын иргэдийн төлөөлөл өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхдээ ярьсан юм.

Хэрэв археологийн судалгаагаар олон тооны үнэт өв тухайн талбайд байвал БСШУСЯ-ны саналаар ашиглалтын лицензийг цуцлах боломжтой аж. Гэвч БСШУСЯ-ны Соёлын өв хариуцсан зөвлөл олон 100 жилийн түүхтэй, үнэ цэнтэй соёлын өвийг малтах боломжийг олгож үйлчилсэн, нэр дурдсан эрдэмтэд “Централ Эшиа Майнинг” компанийн эзэмшиж байгаа талбай дээрх олон зуун жилийн түүхтэй хиргэсүүрүүдийг нууцаар малтан авч шилжүүлсэн тул хэргийг шалгуулахаар Заг сумын иргэд Тагнуулын ерөнхий газарт хандаж байгаагаа мэдэгдлээ.

Мөн Засгийн газрын зарим гишүүн, УУХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БСШУСЯ-ны соёлын өв хариуцсан ажилтнууд уул уурхайн компаниудтай үгсэн хууль бус ажиллагаа явуулсан, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй байгаад Ерөнхий сайдыг анхаарал хандуулахыг хүсээд АТГ-т мөн хандаж байгаагаа дуулгалаа.

Ikon.mn

Сэтгэгдэл үлдээх