Breaking

Виферон лааг хэрэглэснээр ямар хор уршиг гардгийг судалж байна гэлээ

Politik.mn 16 үзсэн0

ОХУ-аас орж ирдэг “Виферон” лааг хүүхдэд вирусын халдварын үед хэрэглэхэд эмчилгээний үр дүнгүй гэдгийг ЭМЯ-ны мэргэжилтнүүд болон эмч нар хэллээ.

Энэ нь эм, шулуун гэдсээр хийдэг лаа, тариа хэлбэрээр манай улсын эмийн бүртгэлд 2010 оны наймдугаар сарын 25-нд бүртгэгдэж, орж ирсэн байна. Эмийн бүртгэл нь 2015 оны наймдугаар сарын 25-нд сунгагдсан бөгөөд 2016 оны гуравдугаар сарын 25-наас эхлэн Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад багтаж 80 хүртэлх хувийг хөнгөлөлттэй болжээ.

Энэ үед ЭМ-ийн сайдын албан тушаалыг шадар сайд Ц.Оюунбаатар давхар гүйцэтгэж байсныг онцлох нь зүйтэй болов уу.

2016 онд тус эмийн хөнгөлөлтөд зориулж Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2018 оны долдугаар сарын 18-наас эхэлж тус эмийг хөнгөлттэй эмийн жагсаалтаас хасах шийдвэр гарах хүртэл Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.9 тэрбум төгрөг тус эмийн хөнгөлөлтөд зарцуулагдаж, тус эмийн 91 мянган хүн хэрэглэсэн гэсэн тооцоо гарчээ.

Вифероныг эмчилгээний үр дүнгүй гэдгийг 2018 оны гуравдугаар сард илрүүлсэн байна. Улсын эмнэлэгийн эмийн хангамж хүртээмжийг нэмэх судалгааны үеэр Азийн хөгжлийн банкны багаас хийсэн судалгаагаар Вифероныг Томуу, томуу төст өвчний үеэр хэрэглэх нь үр дүнгүй хэмээн ЭМЯ-нд илүүлсэн тайландаа зөвлөсөн байжээ.

Үүнээс үүдэн эмч, мэргэжилтнүүд судалгаа хийсэн бөгөөд ДЭМБ-аас томуу, томуу төст өвчний үеэд тус эм бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөөгүй болохыг судалж мэджээ.

Өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн сангийн 3.9 тэрбум төгрөгийн үр ашиггүй зарцуулсан гэдгийг ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнууд хүлээн зөвшөөрч байна. Тус яаман дээр ажлын хэсэг гарган энэ талаар судалж байгааг ч хэллээ. Мөн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийн хэлснээр “Виферон лааг хэрэглэсэн хүүхдийн дархлаа 2-3 жилийн дараа байхгүй болно” гээд шууд хэлж болохгүй бөгөөд энэ лааг хэрэглэснээр ямар хор уршиг гардгийг судалж байна гэсэн тайлбар өглөө.

2018 оны долдугаар сарын 25-ны өдрөөс тус эмийг эмчийн жороор олгодог болгож, хүүхдэд хэрэглэх үед ямар нэг хөнгөлөлтгүй болгосон бол том хүнд 26-30 хувийн хөнгөлөлт олгож байгаа юм байна.

Манай улсын эмийн нэгдсэн хяналт алдагдсан гэдгийг энэхүү бодит жишээ батлан харуулж байгаа юм. Одоогийн байдлаар 384 эм ханган нийлүүлэх байгууллага эмийн хэрэгцээг хангаж байна.

Сүүлийн жилүүдэд манай улсын эмний хэрэглээ маш их нэмэгдсэн аж. 2017 оны байдлаар эмийн зах зээлд 441 тэрбум төгрөгийн эргэлт хийгдсэн бол энэ нь 2016 оныхоос даруй 200 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Эх сурвалж: Newspress.mn

Сэтгэгдэл үлдээх