Other Voices

ЖДҮ-ийг хөгжүүлэхийн тулд төрөөс хуваарилж байгаа мөнгө хамгийн таатай нөхцөлтэй

News.mn 7 үзсэн0

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:


Хоёр өөр хариуцлагын асуудлыг ялгаж, ярьсангүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төрөөс хуваарилж байгаа мөнгө хамгийн таатай нөхцөлтэй. Бизнесээ эхлүүлж, хөгжүүлэх жижиг аж ахуйн нэгжүүдийг төрөөс тусгайлан дэмжихээр хууль, бодлого, хөтөлбөр баталж, зөвхөн үүнийг хэрэгжүүлэхийн төлөө зарцуулагдах мөнгийг ЖДҮ дэмжих санд хуваарилсан. Гэтэл хуулиар тавьсан нөхцөл, шаардлагыг зөрчөөд зориулалт бусаар ашиглах, ашиглуулах,  олгогдох ёсгүй аж ахуйн нэгжид олгох зэргээр хуулийн шаардлагаас гадуур хуваарилсан нь тодорхой хуулийн зүйл, заалтуудыг зөрчиж байгаа үйлдэл. Тиймээс УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах үүрэг бүхий Гүйцэтгэх засаглал-Засгийн газар, түүнийг төлөөлж, Ерөнхий сайд эхлээд хууль зөрчиж зээл олгосон болон зээл авсан этгээдүүдэд хуулийн дагуу эрүү, зөрчлийн болон захиргааны хэрэг үүсгүүлэн, шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлж, хуулийн байгууллага шалгахад саад үүсгэхгүйн тулд төрийн өндөр албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг тавьсан бол хуулийн дагуу болох байсан. Шалгах явцад хохирол барагдуулах зарчмынхаа дагуу зээлийг эргүүлэн төлүүлэх ажлыг эрх бүхий хуулийн байгууллагууд хийлгэх ёстой.

Харин уучлалт гуйх бол ёс зүйн хариуцлага. Намын даргын хувьд намаас нэр дэвшиж сонгогдсон гишүүдээ иргэдээсээ уучлалт гуйж, ёс зүйн хариуцлага хүлээхийг шаардах нь улс төрийн хариуцлага ярьж буй зөв үйлдэл. Хуулийн хариуцлагыг улс төрийн хариуцлагаар орлуулах нь өөрөө хууль зөрчиж буй хэрэг болно.

News.mn

Сэтгэгдэл үлдээх