Post

Ц.Нямдорж: Чи энд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хооронд яс хаядгаа хэзээ зогсоох юм?

Politik.mn 20 үзсэн0

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай  хууль болон дагалдан батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэн, дэмжээгүй.

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ш.Раднаасэд, Г.Занданшатар,  Ц.Нямдорж, Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол, З.Нарантуяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан хатуухан үгсийг хэлжээ.

Түүний хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр,

-Намайг гишүүд та бүхэн уучилна биз ээ. Би өөдөөс харж сууж байгаад худлаа хэлэхээр биеэ барьж чаддаггүй юм. Арай дэндэж байна. З.Нарантуяа та нар боллоо, бүтлээ гээд л төсөв батлуулсан биз дээ. Одоо юу яриад байгаа юм.

Ер нь бол хоригийн цаана санхүүгийн тогтворгүй байдалд дөрөөлж улс төрийн тогтворгүй байдал бий болгох зорилго агуулагдаж байна. Ийм юм хийгээд та нар бүтэн хоёр жил болж байна шүү дээ. Энэ чинь нууц юм уу, ингэж болдог юм уу. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч үүрэгтэй Ерөнхийлөгч нь ингэж улсаа үймүүлээд байж болдог юм уу, З.Энхболд оо, чамаас асууя. Хэтэрхий үймүүлж байна шүү. Арай дэндэж байна. Юм болгоныг улстөржүүлж турхирч байна. Өөрсдийнхөө хийж байсныг мартчихаад, яагаад байгаа юм та нар.

2016 сонгуульд АН-ыг унагасан хонзонг авах гээд байгаа юм уу чи. Чи удирдаж байгаад унагаж, чи удирдаж байгаад эдийн засгийг сүйтгээ биз дээ. Одоо юун хорлон сүйтгэх ажиллагаа яриад байгаа юм. Н.Алтанхуягийн засгийн газрыг чи зохион байгуулж байгаад унагасан биз дээ. Дараа нь бөөн луйвар болсон биз дээ. Үүнийхээ хонзонг энэ УИХ-аас авах гэж байгаа бол чи зүгээр чадахгүй за. АН-ынхан сууж байна. Яаж хуралдаж байсныг чинь, чиний энэ муухай хонзонг мэднэ. Чи чавганц шиг хориг тавьсан учраас би чавганц шиг юм ярьж байна за. Чи дуугүй сууж бай. З.Энхболд гэж хүн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн статусын хооронд яс хаяж өөрийнхөө бүх хорон санааг гүйцэлдүүлж, төрийн тогтворгүй байдлыг үүсгэх гэж их оролдож байна. Чи чадахгүй шүү, чадахгүй. Чи галзуу юм уу З.Энхболд оо.

Х.Баттулгыг УИХ-ын гишүүн байгаагүй, сайд байгаагүй бол, З.Энхболдыг УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга байгаагүй бол ийм хориг тавихыг ойлгох л юм байна. Аль алийг нь хийж байсан байж, ийм сонин хориг тавьсныг одоо хүртэл гайхаад л сууж байна. Тэр Аж үйлдвэрийн комбинатуудаа байгуулж байх чинь яасан юм бэ. Зураг төсөвгүй барилга байшин барих гэлээ гээд хориг тавьж байгаа хэр нь зураг төсөвгүй, ТЭЗҮ-гүй 500 тэрбум төгрөг нэхэж байгааг чинь юу гэж ойлгох юм. Хоригийнхоо эсрэг байгаа юм биш үү.

Энэ асуудал Засгийн газарт яригдаж байхад 350 тэрбум төгрөг яригдаж байсан юм. Одоо 500 болоод 150 тэрбумаар нэмэгдээд ороод ирж байна. Төсөв татах тухай асуудал яригдаж байхад Г.Занданшатар Засгийн газрын хурал дээр 350 тэрбум гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ.

Хоёрдугаарт Аж үйлдвэрийн комбинат бодлогын асуудал бусад нь хамаагүй гээд байх юм. Нөгөө нэг 30 гэр бүл ярьснаа хэн хэн байгаа юм гэхээр та нар өөрсдөө олцгоо гэж заадаг шиг юм болж байна аа. Яагаад энэ хэмжээ нэмэгдсэн юм, зураг төсөл, ТЭЗҮ нь хаана байгаа юм хэл.

УИХ-ын гишүүдийн мөнгө гээд юм яриад байх юм. Ямар учиртай юм. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа зовлон, жаргалыг Монголын төр мэдрэх гэж сонгууль болдог. Чи ч УИХ-ын гишүүн байхад тойрогтоо очиход ийм ч цэцэрлэг, сургууль барьж өг гээд тэрийг нь Засгийн газарт санал болгож, боломжтой бол төсвийг нь баталдаг байсан. Одоо ч тэр ажил явагдаж байна. Энийг гишүүний мөнгө гэж мушгин гуйвуулаад байдаг ямар учиртай юм. Чи УИХ-ын дарга байхдаа Шинэ сум төсөл гээд Баянхонгор аймгийн хоёр суманд 35 тэрбум төгрөг өгч л байсан шүү дээ З.Энхболд оо, энийгээ мартсан уу. Энэ юу юм тэгвэл.

Хоригт эдийн засгийг санаатайгаар хорлох гэдэг үг орсон байна. Чи УИХ-ын дарга байхдаа эдийн засгийг санаатайгаар хорлоогүй юу? Ингэж л та нар төсөв зохиож, Фортуна Н.Батбаяр ханцуйн дотроо наймаа хийж гүйж байгаад 2013-2016 онд жил бүр их наяд төгрөгөөр төсөв тасарсан. Энэ чинь тэгвэл чиний эдийн засгийг санаатайгаар хорлож байсан үйлдэл байсан юм байна тийм ээ. Чи УИХ-ын дарга байсан шүү дээ. Одоо юугаа яриад байгаа юм.

Чи энд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хооронд яс хаядагаа хэзээ зогсоох юм. Чи гишүүдийг өрөөндөө дуудаад төсөв ярьдаг хэн болчихсон юм. Төсвөөс 500 тэрбум төгрөг гаргаж шинээр батал гэж хориг дээр биччихээд одоо тайлбар хийхээрээ төсвөөс мөнгө гаргахгүй аж ахуйн нэгжүүд эрсдэл үүрээд өөрсдөө мөнгөөрөө зураг төслөө хийнэ гэж яриад байх юм. Энийг чинь юу гэж ойлгох юм.

Би З.Энхболдоос асуулт асуухгүй. Чамаас асуух асуулт үнэхээр байхгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийн сан гээд яриад байх юм, Мал хамгаалах сан гэж байгааг мэдэх үү. Хэдэн онд байгуулагдсан сан билээ, тэр сантай чиний нэр яаж холбогддогийг одоо ярьчихъя. Зурагтай чинь, авсан зээлтэй чинь гаргаад тавьсан байна. Энэ бол Х.Баттулгын хориг биш” хэмээн нэлээд ундууцжээ.

Сэтгэгдэл үлдээх