Hot Topic + Experts

Кувейтийн хааны арга Монголд тохирохгүй

News.mn 7 үзсэн0

УИХ-аа ч тарааж, Засгийн газраа ч огцруулж “Зөвхөн Нарыг” хэвээр үлдээх сонголт үлдлээ гэж үү. Хоёр жилийн өмнө буюу 2016 оны аравдугаар сард Кувейтийн хаан буюу Эмир шейх Сабах Аль Ахмед Аль-Жабер Аль-Сабах Засгийн газар нь парламенттайгаа хамтарч ажиллаж чадахгүй байна гэж үзээд улс орноо “хамгаалах” гэж яг ийм алхам хийсэн юм. Түүнийг монголчууд ядаж л өгсөн бэлгээр нь сайн танина. Яагаав, Монголд хан хүүгийнхээ хамт ирж Хэнтийд амарч яваад гэнэт бие нь муудаж амийг нь аварсан эмч нарт амласнаараа аймгийн Нэгдсэн эмнэлэгт 400 орчим сая төгрөгийн үнэ бүхий 12 нэр төрлийн эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дараа нь түргэн тусламжийн хоёр ч автомашин өгч байсан юм даг.

Тэр нөхөр “зөвхөн нар хэвээрээ” үлдэж яг манай Ерөнхийлөгч шиг шинэ парламент сонгоё гэж уриалж, тарсан парламентын дарга нь “Кувейтэд ардчилал маш өндөр түвшинд хөгжиж байгаагийн нотолгоо боллоо” гэж хэлээд ажлаа өгсөн. Энэ бол Кувейт. Манайх шиг ОУВС-аас тусламж горьддоггүй, гадаадын хөрөнгө оруулагчдад хэлээ гаргаад бууж өгдөггүй, улс төрийн тогтвортой байдал нь эдийн засгийн хямралтай нь шууд нөлөөлөлтэй орон биш л дээ. Зөвхөн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр л гэхэд 2020 оны босгоор Монгол Улс арваад мянган ам.доллартай /одоогоор 4000 ч хүрэхгүй байгаа/, Кувейт 70 гаруй мянган ам.доллартой алхана гээд бодохоор улс төрийн технологийг нь импортлох боломж байна уу.

Оросыг далдын хүч гэмээр зовлон даах чадвартай гэдэг шиг Монгол бол хямрахдаа туйлшрахдаа хосгүй дадамгай. Дэргэдээ байтугай дэлхийн хаана ч хямрал үймээн болсон Монголд нөлөөлчихдөг байтал дотроосоо хагалан бутаргах, задлан эвдрэлцүүлэхэд нэг их хүч шаардагдахгүй онцгой шинж чанартай.

Тэгэхээр М.Энхболдын “сайхан, муухай”-гаас үл шалтгаалан Улсын Их Хурал гэдэг байгууллагаа ЗААВАЛ нэр хүндтэй байлгах шаардлагатай. Тэр байгууллагад сонгогчдын итгэлийг авч сонгогдчихоод одоо шоронд явахаар сонгогдож байгаа нэр бүхий хүмүүсийн тухайд тэдний л хариуцлагын асуудал. Яагаад гэвэл Монгол Улсад Улсын Их Хурал дэндүү хэрэгтэй. УИХ-ыг тараахын тухайд бол Монголын хувьд анхны тохиолдол болчих гээд байна. Цаашдаа жишиг болчихвол Төрийн эрх барих дээд байгууллагаа тараасан, Төрөө ганхуулсан хоёр адилхан. Ялангуяа ийм жишгийг дараагийн удаад гадны улс орноос санхүүжүүлбэл яах вэ гэдэг асуудал ч хөндөгдөнө. Айлгаж байгаа хэрэг биш, бодитой шалтаг бий.

УИХ-ыг Ерөнхийлөгч тараах гээд байна уу, яг дээрх Кувейтийн хааны жишиг шиг. Эсвэл “УИХ өөрөө тарах”-ыг санал болгосон уу гэдгийн эцсийн үр дүнд хуулийн заалтыг эс тооцвол тийм ч хол зай байхгүй. Учир нь манайд “тараах” санкц хязгаарлагдмал болохоор л хазаарлагдчихаж байгаа юм. Түүнээс биш УИХ дотор саналыг нь дэмжих магадлал өндөр учраас биш шүү дээ. Хоригийг нь хүлээж авахгүйг мэдсээр байж хориг тавиад байдаг, тэгсэн хэрнээ зарлиг гаргах боломжгүйтэй нь л адил.

Ямар азаар Үндсэн хуульдаа “Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулж болно” гээд “биччихээгүй” юм бэ. Магадгүй УИХ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гэнгүүт Ерөнхийлөгчийн зарлигаар Засгийн газрыг огцруулахгүй гээд тогтоочихдог хуультай байсан бол яана.

Одоо үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд бол УИХ-ыг сонгогчид байтугай УИХ-ын гишүүн нь ч жигшихээр, гутахаар үйл явдлууд өрнөж байна. Ичээд, жигшээд байна гээд тараад явчих боломж, ухамсар, шийдвэрийн тухайд бас харьцангуй асуудал. Одоо мөрдөж байгаа хуулийн дагуу УИХ энэ тохиолдолд яах вэ, юу хийж байна вэ гэхээр УИХ-ын даргын албан бичгээр өгсөн хариудаа дурьдсанчлан “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлд гэмт хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-д оруулж, УИХ шийдвэрлэхээр заасныг дурдаад, нэр бүхий гишүүдийн ёс зүйн асуудлаар дүгнэлт гаргаж, ёс зүйн хариуцлага тооцох, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлыг хуулийн дагуу яаралтай зохион байгуулах чиглэлийг Төсвийн байнгын хороо, Ёс зүйн дэд хороонд өгсөн байна.

Өөрөөр яаж болох вэ. УИХ “өөрөө тарах” гэдгээр шийдвэл хэдэн сонгогчийн эрх зөрчигдөх вэ. Ямар жишиг тогтох вэ. “Отон тоглолт” хийж УИХ-ын гишүүнийг асуудалд холбогдуулаад, шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад олон нийтээр УИХ-ыг жигшүүлээд парламентыг тараагаад байвал Монголын төрд ямар дархлаа үүсэх вэ.

Эндээс үзэхэд хэдэн гишүүнийг ч шалгуулсан, шийтгүүлсэн, эгүүлэн татсан Монгол Улс “Улсын Их Хурал” гэдэг байгууллагатайгаа үлдэх, энэ байгууллагынхаа нэр хүндийг сэвтээсэн бүхэнд төрийн төмөр нүүрийг харуулдаг байх тогтолцоо л шаардлагатай гэдэг дээр хүн бүр санал нийлэх байх аа. Мөн нэгэнт парламентын нэр хүндийг сэвтээсэн тохиолдол гарч байсан л бол тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч УИХ-д нэр дэвших боломжгүй байх, хаалга үүрд хаалттай байх зарчмын шийдлийг тодотгох шаардлагатай. Үндсэн хууль, бусад хууль, тогтоомжийн ямар ч сиймхийгээр “эрхээ өндөрт өргөөд” ороод ирэх боломжтойг үгүйсгэхгүй. Тиймээс “гэмт хэрэгт холбогдож байсан бол” гэдгийг маш сайн тодотгож, дөвийлгөж гол үзүүлэлт болгон эрх мэдэл, албан тушаалын өндөрдлөгт нисэхэд нь “тийз” болгох хэрэгтэй. Яг үнэндээ арайхийн нэр дэвших эрхээ олж авч санд мэнд бүрдүүлж СЕХ-нд бүртгүүлдэг УИХ-д өнөөдөр ч яллагдагчаар татагдсан, холбогдсон хэрэг нь хэрэгсэхгүй болоогүй, хэргийг түдгэлзэх хооронд нь нэр дэвшчихсэн хэд хэдэн жишээ бий. СЕХ-г УИХ томилдог, дугаар хорооны иргэнийг биш улстөрчийг томилдог. Тэр нь “дархан цаазтай” шахам болчихсон улстөрчийг “Таныг бүртгэхгүй” гэх чадамжтай юу. Энэ мэтчлэн УИХ чинь муухай болоогүй, босго нь намдаад, бүр босгоо аваад хаячихъя гээд байгаа юм биш биз. Түүнээс биш аль ч талаас нь бодсон Кувейтийн хааны арга Монголд зохихгүй. Арабын орнуудаас анхны парламентат орон гэгддэг 63 настай Кувейтийн парламент, гивлүүртэй ардчиллын үлгэр дуурайлал нь Азийн анхны ардчилагч гэх 29 настай “нүцгэн” ардчиллаас юугаараа илүү, дутууг дэнслэх чадвар Ерөнхийлөгчид маань ч байгаа гэж найдаж байна.

У.Оргилмаа

News.mn

Сэтгэгдэл үлдээх