Budget Observer

Хоёр нүүртэй мөнгөний талаар Д.Баттулга дарга хэдий болтол еэвэндэх бол?

Ил тод байдал сан 983 үзсэн0

Лав 2015 оныг дуустал нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бүрт олгож байгаа улирал тутмын 15 сая, жилийн 60 сая (ноднин 80 сая байсан) төгрөг тойргийн мөнгө үү, урамшууллын мөнгө үү гэдэг асуудал маргаантай хэвээр байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаанд идэвх, санаачлагатай оролцсон байдлаар нь харгалзан төлөөлөгчид “урамшуулал” олгож болно” гэсэн заалт бий. Гэтэл нийслэл, дүүргийн төлөөлөгчид өөрсдийгөө идэвхтэй, идэвхгүй оролцсоныг харгалзах нь битгий хэл тойрогтой, тойроггүйг зориудаар “мартаж” урамшууллын багагүй мөнгийг өөрсөддөө хуваарилж хувааж авсаар өдий хүрлээ. Тухайлбал, нийслэлийн ИТХ төлөөлөгчиддөө 2014 онд нийт 3,6 тэрбум төгрөг олгосон бол 2015 онд арай бага буюу 2,7 тэрбумыг өгч байна. Ийм их урамшуулал байж болдог юм уу гэсэн асуултанд “бид хувьдаа авдаггүй, тойрогтоо, сонгогчиддоо зориулдаг мөнгө” хэмээн тайлбарладаг. Харин тэдэнд тойргийн мөнгө байх ёсгүйг сануулахад “урамшууллын мөнгө байхгүй юу” гэж хэлээд “Зэрэг нэмэхийн өмнө” киноны еэвэнгийн үлгэрийг шинэ хувилбараар ярьж өгдөг болсон билээ.

Өнгөрсөн намар урамшууллын мөнгийг тойрсон дуулиан дэгдэх үеэр нийслэлийн  ИТХ-ын дарга Д.Баттулга юу хэлснийг эргэж саная.

… Хууль дээрээ урамшуулал гэсэн болохоор… Тэгээд энийг манай төрийн өндөрлөгүүд цалин, пүнлүү гээд буруугаар ойлгоод явж байна.Энэ бол тийм биш ээ, энэ бол төлөөлөгчид тойрогтоо ажилладаг зардал. Үйл ажиллагааны зардал, тухайн төлөөлөгч нар олон нийтийн арга хэмжээ тойрог дээрээ зохион байгуулдаг… Хоёрдугаарт хэлэхэд, энэ мөнгийг хэрхэн зарцуулснаа манай төлөөлөгчид ИТХ-д тайлагнадаг, энэ тайланг оны эцсээр Аудитын газар шалгаад тодорхой дүгнэлт гаргадаг… 

Энд “аудитын газар шалгаад тодорхой дүгнэлт гаргадаг” гэж өгүүлбэр анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл төлөөлөгчдийн мөнгөнд төрийн аудитын байгууллага шалгалт хийж, зарцуулалтыг хянаж, хууль зөрчөөгүй гэж дүгнэлт гаргадаг байх нь. Иймээс бид тэр дүгнэлтийг олж үзэхээр “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн дагуу нийслэлийн Аудитын газарт албан бичгээр хандсан юм.

Нийслэлийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Очирбатын (саяхан албан тушаалаасаа өөрчлөгдсөн байна) гарын үсэгтэй уг хариунд “ИТХ-ын төлөөлөгчдийн авч буй мөнгө нь цалин, урамшуулал учраас хэрхэн зарцуулсныг нь төрийн аудитын байгууллага хянах боломжгүй, хууль эрх зүйн үндэсгүй” гэж цагаан дээр хараар бичжээ.

Тэгвэл хэн нь худлаа хэлсэн бэ? Төлөөлөгчдийн урамшууллын мөртлөө тойргийн гэгдэх  хоёр нүүртэй мөнгөний талаар Д.Баттулга дарга хэдий болтол еэвэндэх бол?

Нийслэлийн Аудитын газраас ирсэн бичиг 1

Нийслэлийн Аудитын газраас ирсэн бичиг 2

Бас “УИХ-д Засгийн газраас Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль өргөн барихдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.2 дахь заалтыг хүчингүй болгуулахаар өргөн барьсан, мөн 2015 оны 11 дүгээр сарын 30-нд баталсан Нийслэлийн 2016 оны төсөвт ИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллыг тусгаж батлаагүй болно” гэжээ.

Бидний ойлгосноор, урьд жилүүдийн нийслэлийн төсөвт урамшууллын мөнгө гэж бичээгүй хэрнээ байсныг бид харлаа. 2016 оны төсөвт бас тэгэж бичээгүй ч байж магадгүй. Нийслэлийн Иргэний танхимд болсон төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Засаг даргын орлогч Н.Батаагаас энэ талаар асуухад “Би мэдэхгүй. Үүнийг Иргэдийн хурлын төлөөлөгчид өөрсдөө шийддэг” гэж хариулсан юм. 2016 оны нийслэлийн ИТХ-ын зарлагыг 7,3 тэрбум төгрөг гэж ямар нэгэн задаргаагүй бүхлээр нь баталж өгчээ. Удахгүй он гараад төлөөлөгчид хуралдаад шийдвэр гаргаад ээлжит урамшуулал авч болно гэсэн үг?  Хууль зөрчлөө гэж хэн ч хэлж чадахгүй. Дээр дурдсан 14.2 заалтыг хүчингүй болгоогүй юм байна. Учир нь нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Би 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч байсан. Тэгэхэд урамшуулал авч байсан, тэрнээс өмнө бас байсан л юм билээ. Бид нарын үед гараад ирсэн цоо шинэ асуудал биш, биднээс өмнө байсан. Хоёрдугаарт хуулиас гадуурх зүйл ч биш… Энэ талаар УИХ-ын удирдлагад тодорхой асуудал тавьсан, хэрвээ та энийг болохгүй гэж үзэж байгаа юм бол, хуульдаа өөрчлөлт оруулаач ээ. Хэн нэгэн дарга нь зогсоо гэж хэлээд зогсоохгүй, бид хуулиа л хэрэгжүүлж байгаа хүмүүс. УИХ-ын гишүүд ч бас өөрсдийнхөө тойрогт ажиллах зардлаа авдаг. Тэгээд тэрийгээ ч гэсэн больчихъё. Тэгээд үндсэн ажлаа хийгээд явчихъя гэдэг асуудлыг шат шатанд нь тавьж байгаа” гэсэн дайчин мэдэгдэл хийж байж уг хуулийн 14.2 дахь заалтыг хамгаалж чаджээ. Жирийн иргэдийн эрх ашиг хөндсөн асуудлаар Төрийн эрх барих дээд байгуулллагатай ингэж зоригтой барьцаж огт айхгүйгээр үзэлцэж чаддагсан бол төрөөс хамаардаг нийслэлийн бүх асуудал аль хэдийнэ шийдэгдсэн байхсан.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master