Hot Topic + Experts

Н.Энхбаяр Ерөнхий сайдын хүзүүнд олс шидчихлээ

О.Наранхүү 8,145 үзсэн55

Н.Энхбаяр улс төрийн өргийг гарцаагүй ганган, яах ч аргагүй эвгүй нүүдэг хүн юм. Одоо тэр Ерөнхий сайдын хүзүүнд олс шидчихээд л юу болохыг ажиглаж сууна. Түүнийг Шадар сайд болно гэсэн яриа заримдаа цуу үг байдаг ч энэ удаад тийм биш бололтой. АН-ын генсек хүртэл Н.Энхбаярыг хүлээн зөвшөөрч байгаагаа ярьж байна. Түүний үг бол намын даргын үг байх магадлалтай гэж харвал З.Энхболд Н.Энхбаярыг засагт ороход эсэргүүцэхгүй бололтой. М.Зоригт сайд хүртэл Н.Энхбаяртай нэг кабинетэд багтаж сууж чадахгүй гэдгээ бүхнээс түрүүнд дуугараад амжсан.

Ер нь Н.Энхбаяр Шадар сайд болно гэдэг яриа зүгээр ч нэг тардаггүй. Зориуд тараадаг. Харин өрсөлдөгчид нь эсрэг нүүдэл тавьж Н.Энхбаярын хүү Шадар сайд болно гэж олны дургүйцлийг хүргэхийг оролддог. Харин энэ удаа Н.Энхбаяр үнэхээр засагт зайдлахаар шийдсэн байна. Г.Шийлэгдамбын холоос хаялгатай баривчилгаа Н.Энхбаярт боломж олгосон нь энэ. Тэр ч боломжийг алдах дургүй улстөрч дөө.

Н.Энхбаярыг шоронд байхад нь хэвлэлийн хурал зарлаж эрүүл мэнд нь муудаж байгааг хуулийнханд анхааруулж олон нийтийн хандлагыг эргүүлэхэд хувь нэмэр оруулж явсан Л.Жамбалжав эмчийг Ч.Сайханбилэг голсон. Харин зөрүүлээд Н.Энхбаярын түлхсэн нүүдэл яах аргагүй хурц байна. Өршөөлийн хуулиар ялгүй болох санаархлыг нь унагаж чадсан ч одоо энэ нүүдэл Ч.Сайханбилэгийг яах аргагүй мад тавихаар хийгдлээ.

Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэндийн сайдаар жинхлээд өөрөө Шадар сайдын сэнтийд залрах түүний санаархлыг Ч.Сайханбилэг зөвшөөрөх хэцүү, эс зөвшөөрөх бүр ч хэцүү юм. Н.Алтанхуяг урт хугацааны хамтран ажиллах гэрээг Н.Энхбаяртай үзэглэснийхээ төлөөсөнд намын гишүүдийнхээ эсэргүүцэлд өртөж, улмаар “онхолдсон” түүхийг Ч.Сайханбилэг мартаагүй биз. Нэгэн цагт өөрийг нь Ерөнхий сайд болгож өрөөлийг суудлаас нь унагахад нэмэр болсон Н.Энхбаяртай халз нүүр тулах цаг ирнэ гэж тэр битүүхэн гадарлаж л байсан байх.

Ямар ч байсан Н.Энхбаяртай шадарлаад улс төрд онхолдсон нэг биш улстөрчийн гашуун түүхийг тэр давтахыг хүсэхгүй нь лавтай. Харин одоо өөрт нь шадарлах гээд байгаа Н.Энхбаярыг түлхэж чадах уу?

Сүрхий зориг гаргаад эс зөвшөөрлөө гэхэд Г.Уянгын цуглуулсан гарын үсгийг гуравханаар ахиулах МАХН-ын даргын хувьд алга урвуулах төдийг Ерөнхий сайд эрхбиш тооцоолж таарна.

Түүх яривал парламентаас гадуур байгуулагдсан М.Энхсайханы Засгийн газрыг 1998 оны хавар бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, дараа нь Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралтын танхимыг ч унагасан үеэс Н.Энхбаяр бол МАХН-ын барьцгүй хавсардаг лидер гэдэг нь гарцаагүй танигдаж эхэлсэн. Тэгэхээр Н.Энхбаярын идэвхтэй оролцоотой унагасан Засгийн газар гарын таван хуруунаас давчихаар, Ч.Сайханбилэг байтугайг өвдөг шороодуулах туршлага хангалттай гэдгийг нь бодоод зөвшөөрөхгүй байх хэцүү.

Зөвшөөрье гэхэд ард нь олон зүйл дээр тулах цэг болж яваа Ерөнхийлөгч энэ асуудалд эмзэг хандана. Ц.Элбэгдорж Ардчилсан намыг бодож Н.Энхбаярыг хүлээн зөвшөөрнө гэдэг ч эргэлзээтэй.

З.Энхболд яахав намаа бодож байгаа нь тодорхой. Одоо Ардчилсан намын тэргүүлсэн Засгийн газар унавал дахиж эмхлэхэд хэцүү, намын нэр хүнд ч дахин шалдаа унана гэдгийг тэр гадарлаж л байгаа. Харин Ерөнхийлөгчийн хувьд байдал огт өөр юм.

Үүсээд буй улс төрийн энэ нөхцөл байдлыг МАН анхааралтай ажиглаж байгаа. Нэгддэггүй юмаа гэхэд сонгуульд эвсэж орох магадлалтайг МАН, МАХН-ын дарга нар харуулж АН-д дохио өгсөн. Тэгвэл одоо Н.Энхбаярын нүүдэлд АН хэрхэн мад тавиулчихалгүй гарахыг, араас нь ямар угсраа цохилт хийхээ Ардын нам төлөвлөж суугаа. Болж өгвөл Н.Энхбаяртай Засгийн газрыг дахин татаж унагана гэх мэтээр.

Дашрамд өгүүлэхэд Шадар сайд Ц.Оюунбаатарын хувьд Н.Энхбаяртай үйлээр учирсан улстөрч бололтой. Энэ парламентад МАХН-аас жагсаалтаар орсон гишүүдийн хамгийн адагт нэр нь бичигдсэн байсан Ц.Оюунбаатарыг Н.Энхбаяр няслаад оронд нь өөрөө Их хуралд суух тухай их бичигдэж байв. Ц.Оюунбаатар ч өөрөө “Би жагсаалтын хамгийн сүүлд байгаа нь үнэн л  дээ. Би өмнө нь Энхбаяр даргад хэлж байсан. УИХ-д суух нь миний зорилго биш. Хэрвээ тийм боломж нь гараад ирвэл би дуртайяа, хадаг бариад өгчихнө, татгалзахгүй” хэмээж байсан юм.

Тэгвэл Өршөөлийн хуулийг өргөн мэдүүлж намын даргынхаа төлөө чамгүй зүтгэсний шанд олж авсан Шадар сайдынхаа суудлыг Ц.Оюунбаатар гишүүн одоо эргүүлээд эр хүн шиг өгчих л юм байна. Таныхаа ачаар гишүүн ч боллоо, сайд ч боллоо гээд л хадаг барих даг.

Ер нь өөрийн тойрон хүрээлэгчдээ хүссэнээрээ хөдөлгөж чаддаг нь Н.Энхбаярын бас нэг ил авьяас юм даа. Э.Бат-Үүлийн хэлснээр “Н.Энхбаяр улс төрийн амьдралын бүх тооллын эхийг өөрийгөө гэж боддог. Бүх зүйлийг өөрөөсөө тоолж эхэлдэг” гэсэн нь үнэхээр санамсаргүй үг биш юм.

Сэтгэгдэл үлдээх