Post

Ялагдлаас айсан МАН-ын захиалгыг Цэц гүйцэлдүүлэв

Politik.mn 35 үзсэн0

Сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль  зарлах тухай УИХ-ын  тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн Цэц өчигдөр   МАН-ын талд хүрд эргүүлж байгаагаа  батлав.
Тэгэхээр ажил хэрэгч дүр эсгэж өдөржин хуралдсан  дунд суудлын хуралдаан нь тавилттай жүжиг байсан гэсэн үг. УИХ-ын байр суурийг хамгаалж төлөөлөгчөөр оролцсон Д.Лүндээжанцан гишүүн ч итгэмжит  “мануухай” -н дүрийг чадварлаг  бүтээв.
Цэцийн хурал өчигдөр 9:00 цагт эхэлж, үдээс хойш болтол үргэлжилсэн юм. Харин үдээс хойш  “Хэнтий аймаг дахь сонгуулийн 42 дугаар тойрогт  нөхөн сонгууль зарлах тухай УИХ-ын тогтоол нь  төрийн албанд  ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна. Иймд УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэв”  гэсэн шийдвэрийг гаргав. Ер нь бол нөхөн сонгуулийн хувь заяаг Цэц шийдэхээр болсон нь Үндсэн хууль зөрчсөн, эсэхэд  биш, МАН-аас өгсөн даалгавартай л холбоотой  юм. Ийм яриа  хөөрөө  ч улс төрийн хүрээнд эртнээс яригдсан.  Ямар мэдээлэл байв гэвэл, Хэнтий аймагт нөхөн сонгууль зарлавал Ардын нам ялагдана. Өөрсдөө тэрийгээ судлаад мэдчихсэн гэнэ.  Ялагдчихвал намын удирдлагууд нь хариуцлага хүлээн  өөрчлөгдөж, албан тушаалын дахин хуваарилалтад орно. Юун 2020 оны сонгууль манатай юм болно. У.Хүрэлсүх намын даргаа өгнө, Ерөнхий сайдын тамгаа ч өгнө. Цаашлаад  2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч  энэ намын  сураг алсарна. Ийм учраас МАН ялагдлаас айж байна  гэцгээж байв.
Аль нам, хэн гэдэг улстөрч  ялалт байгуулах боломжтой байгааг ч улс төрийн хүрээнийхэн  тов тодорхой хэлцгээж байсан. МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшвэл хэнтийчүүд шууд сонгоно. Энэ удаа Ардын намынхан түүнийг зогсоох, гацаах арга байхгүй. Хэрэв тэд  Сонгуулийн ерөнхий хороо, АТГ, хууль, шүүх дэх гар хөлөө дайчлан  түүнийг  зогсоох гэж оролдвол “Олон хавар нэгтээ” гэдэг шиг ард түмэн босоод ирнэ. Н.Энхбаяр нэр дэвшсэн тохиолдолд Ардын нам ч, Ардчилсан нам ч адил тоосоо гөвөөд үлдэнэ. Тиймээс  хоёр том нам МАХН-аас айж  нөхөн сонгуулийг Цэц дээр  “чөдөрлөх” –өөр  тохиролцжээ  гэдгийг хэлж байв.  Тэгвэл Цэцийн шийдвэр дээрх мэдээллийг баталчихлаа. Цэцийн шийдвэртэй холбогдуулан  МАХН-ын Бага чуулганы  гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдоржийн байр суурийг сонирхоход  эрх баригчид санаагаа гүйцэлдүүлж байна гэж тайлбарлахаас аргагүй гэдгийг хэлж байсан юм. Түүнээс цөөн асуултад хариу авлаа.
Ц.Шаравдорж: МАХН-ААС АЙХДАА ТӨРИЙН СОНГУУЛИЙГ ХҮРТЭЛ ХОЙШ ЧАНГААЛАА
–Нөхөн сонгууль зарлах тухай УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц шийдвэрлэлээ. Цэцийн шийдвэрийг та юу гэж үзэж байна вэ?
-УИХ-ын 62 дугаар тогтоол нь  Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг, нөгөө талаас сонгогч түмэн төрд  өөрсдийн төлөөллийг хадгалах  боломжийг хангах чухал тогтоол байсан. Тус тойрог эртнээс хэл амтай, төр дэх төлөөллийн ирцийн чадавхи  эргэлзээтэй  явж ирсэн. Үүнийг ойлгоод Д.Гантулга гишүүнээс чөлөөлөгдсөн. Цэцийн хамгийн түрүүнд  тойр­гийн сонгогчдын төр дэх төлөөллийг хангах асуудлыг шийдвэрлэх ёс­той. УИХ ч өө­рийн бүрэн эр­хийн хүрээнд, хуульд нийцүүлж тогтоолоо гаргасан. Гэтэл болж буй үйл явцаас дүгнэхэд эрх баригчид үнэхээр  тухайн тойргийн сонгогчдын эрх ашгийг хүндэтгэж, төр дэх төлөөллийг хангахыг хүссэн үү гэвэл, үгүй  бололтой.  Харин ч эсрэгээрээ тэнд нөхөн сонгууль явуулах  дургүй байна гэж харж байна. Өөрөөр дүгнэх арга алга. Ер нь бол МАХН-ыг сонгуульд оруулахгүй гэж хэсэг бужигнасан. Лидерийг нь сонгуульд оруулахгүй гэж үл ялих шалтгаан хайж  байсан. Одоо бүр байчихаад Үндсэн хуулийн цэцээр дамжуулан  төрийн сонгуулийг хойш нь чангааж  хүртэл арга саам  хайж байна шүү дээ.
–Ер нь бол Ардын нам  ялагдлаас айж  нөхөн сонгуулийг  Цэц дээр хойшлуулах  гэнэ гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд эрт дуулдаж байсан шүү дээ?
-Цэцийн дунд суудлын хуралдаан болохоос  нэлээд хэд хоногийн өмнө бид ийм мэдээлэл авсан. Гэсэн ч арай  үгүй  байлгүй дээ, тийм юм болохгүй байх гэж бодож байлаа. Төрийн тогтолцоо, төрийн институтуудын үйл ажиллагааг ингэж алдагдуулж болохгүй. Энэ  бол эмгэнэл.
–УИХ  энэ тохиолдолд Цэцийн шийдвэрийг хүлээж аваад  тогтоолоо засах боломж байдаг уу. Эсвэл Цэц түдгэлзүүлсэн гэж явуулсаар 2020 онтой золгох юм болов уу. Хуульчийн хувьд та юу гэж харж байна?
-УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулан нэгэнт заасан хугацаандаа сонгуулийг  явуулах боломж бий. Таны асуусанчлан Цэц хууль зөрчсөн гэж шийдвэрлэлээ   гээд  суугаад    байж ч болох  юм.
Ер нь бол нөхөн сонгуулийг хойшлуулна гэдгээ МАН-ынхан ил хэлээгүй ч  ам алдсан тал бий. Тухайлбал, Ардын намын дарга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх намын Бага хурлынхаа индэр дээрээс “Нөхөн сонгууль явуулах, эсэхийг Цэц мэднэ. Бид Цэцийн шийдвэрийг харна” гэж  байв. Тэр нь Цэцэд даалгавар өгчихсөн гэсэн үг байжээ.  Тэгвэл Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь  сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Хэнтий аймагт судалгаа явуулж үзэхэд манай нам  тасархай ялалт байгуулахаар дүн гарсан” гэсэн  атлаа  “Хэнийг нэр дэвшүүлэх вэ” гэсэн асуултад  “Манай намд нэр дэвшээд ялалт байгуулчих боловсон хүчин олон  бий” гэдгээс өөр тоймтой юм хэлж чадаагүй. Харин ч түүний үгнээс   Ардын намынхан  Хэнтий аймагт судалгаа явуулсан нь үнэн юм байна. Судалгааны дүнгээс ялагдана гэдгээ мэдэж авчихаад айж эхэлжээ гэдгийг учир мэдэх хүмүүс төвөггүй ойлгож, ярьж, бичиж  байсан нь  Цэцийн шийдвэрээр ийнхүү батлагдлаа.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master