Breaking

Ж.Батзандан: Баянзүрх дүүргийг хот болгох ёстой

Politik.mn 26 үзсэн0

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, Эрүүл мэндийн яамны төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг хийсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.

-Та Баянзүрх дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгүүдийн удирдлага болон Эрүүл мэндийн яамны төлөөллүүдтэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Эрүүл мэндийн яамны төлөөллийг оролцуулж, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар нэлээд сайн ярилцлаа. Тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарцыг хамтарч хайх, шаардлагатай хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт суулгах, эмнэлгүүдэд тоног төхөөрөмж олгох зэрэг чиглэлээр ярилцсан.

-Эмнэлгүүдэд тулгамдсан ямар асуудал байна вэ. Сүүлийн саруудад бороо их орлоо. Барилгын дээврээс ус нэвчих зэрэг асуудал хөндөгдөв үү?

-Өрхийн эмнэлгүүдийг өргөтгөх зайлшгүй шаардлага байна. Улаанбаатар хотын хүн амын тоо эрс нэмэгдэж байна. Эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Хотын захын хорооллын эмнэлгүүдийн, боловсон хүчнийг сайжруулах, ажилчдын цалин хөлсийг нэмэх, дуудлагын автомашин, барилгуудыг нь шинэчлэх хэрэгтэй байна. Жишээлбэл, XI хорооны “Хонхор” тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгыг ашиглалтад оруулаад удаагүй байгаа.

Гэтэл барилгынх нь дээврээс ус гоожсон байна. 2010 онд авсан дуудлагын “УАЗ-469” маркийн автомашины ашиглалтын хугацаа нь дууссан гэнэ. XII хорооны “Амгалан итгэлэхүй” өрхийн эмнэлэгт түргэний автомашин, эхо, шарлагын машин шаардлагатай байгаа бол XIII хорооны “Эрүүл өсөх” эмнэлгийнхэн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна. Ер нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн ам нь 300, 400 мянгад хүрчихлээ. Бусад дүүргээс хоёр дахин том болсон. Тиймээс энэ хоёр дүүрэгт онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Хүмүүс ийм, тийм асуудал байна. Ингэх ёстой, тэгэх ёстой гэж ярьдаг ч ажил хэрэг бол гох нь ховор. Эмнэлгүүдийн тулгамдсан асуудлыг та сонслоо. Харин асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хийх вэ?

-Холбогдох байгууллагуудын удирдлагуудад уламжилна. Намайг улс төрийн өнцгөөр ялгаварлахгүй бол асуудлуудыг нааштай шийдэх байх. Бид зургаан сарын дараа дахин уулзаж, хэлэлцүүлэг хийнэ. Ингэхдээ хийхээр төлөвлөсөн ажлууд хэдэн хувийн биелэлттэй байгааг ярилцах юм.

-Хэлэлцүүлгийн үеэр XVI хороонд жишиг эмнэ-лэг байгуулах шаардлагатай гэж байсан. Тус хороог онцолж байгаа шалтгаан нь юу вэ?

-Баянзүрх дүүргийн XVI хороо хотын хамгийн их хүн амтай хороо. 25 мянга орчим хүн амтай. Өрхийн эмнэлэг нь иргэдэд хүрэлцэхгүй байгаа юм. Үйлчилгээ хүртээмж маш бага. Тиймээс энэ эмнэлгийг шинэчлэх өргөтгөх, орчин үеийн шаардлагад нийцсэн, жишиг өрхийн эмнэлэг барих шаардлагатай. Энэ асуудлыг Эрүүл мэндийн сайдад уламжилж байгаа.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваана гэсэн санал орсон. Та Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон хүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Баянзүрх дүүргийг цаашид хот болгон хөгжүүлэх ёстой гэж боддог. Хөгжлийнхөө өндөр төвшинд ирсэн энэ дүүргийг хуваах уу, хот болгох уу гэдгийг шийдвэрлэх нь зүйтэй. Энэ асуудлыг Засгийн газар, УИХ-ын төвшинд удахгүй ярих байх.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master