Post

Нөхөн сонгуулийн нөхөөс нь хэн бэ

Үндэсний шуудан 45 үзсэн0

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөр Хэнтийн 42 дугаар тойргийнхон парламентад төлөөлөлгүй болчхоод байгаа. Тиймээс ч УИХ-аас 62 дугаар тогтоол гаргаж нөхөн сонгуулийн санал авах өдрийг аравдугаар сарын 7-нд товлосон.

Гэвч тус тогтоол сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байх тухай хуулийн заалтыг зөрчсөн буюу зарим иргэдийн сонгогдох эрхэд халдсан гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд оччихоод байгаа юм. Мөн Аудитын дээд байгууллага сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно гэсэн заалтыг зөрчсөн гэх мэдээлэл гаргаад байгаа.

Гэхдээ нөхөн сонгуулийн тухайд төрийн албан хаагч өрсөлдөх бол сарын өмнө ажлаа өгсөн байхад болох хуулийн заалт ч бий. Түүнчлэн Үндэсний аудитын газрынхан алдаагаа засчихаад байгаа. Энэ асуудлыг Цэцийн дунд суудлын хуралдаанаар ирэх лхагва гарагт хэлэлцэхээр тогтжээ. Цэцийн Дунд, Их суудлын хуралдаан нөхөн сонгуулийг хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд АН-аас тус тойрогт нэр дэвшээд Д.Гантулгын ард жагссан Ж.Оюунбаатар УИХ-д орж ирэх боломжтой гэж таамаглах хүн ч байна.

Ерөнхийдөө хуульчид болоод улс төрийн хүрээнийхэн нөхөн сонгууль болно гэдэг дээр илүү итгэл үнэмшилтэй байгааг сүүлийн өдрүүдийн хэвлэлийн тоймоос харж болох юм.

Нөхөн сонгуульд оролцохоор Сонгуулийн ерөнхий хороонд 14 нам хандсанаас 13-ийг нь бүртгэж аваад байна. Тодруулбал, АН, MAH, МАХН, Хөдөлмөрийн үндэсний нам, Дэлхийн монголчууд нам, Үнэн ба зөв нам, Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын үндэсний ардчилсан нам, Зон олны нам, Монгол консерватив нам, Ард түмнээ хайрлая нам, Бүгд найрамдах нам юм.

Харин Сонгуулийн тухай хуулийн 57.3 дахь заалт “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” хэмээн заасныг зөрчсөн шалтгаанаар Иргэний зориг ногоон намыг энэ удаагийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан. Тус намын хувьд УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санхүүгийн тайлангаа Сон-гуулийн ерөнхий хороонд хүргүүлээгүй байсан аж.

Гол өрсөлдөөн МАХН, АН, МАН-ын дунд явагдах нь тодорхой гэдгийг улс төр судлаачид хэлж буй. Харин жижиг намууд нөхөн сонгуульд ийм идэвхтэй хандаж байгаа нь намаа олонд таниулах, үл мартуулах зорилго тээж байгаа нь мэдээж. Үүн дээр нэр дэвшигч өрсөлдүүлэх, нэр дэвшигчээ татах гэх мэтээр гол тоглогчидтой наймаа, тохироо хийх боломж хайж байхыг ч үгүйсгэхгүй. Ерөнхийдөө энэ удаагийн нөхөн сонгуулиар үнэмлэхүй олонх МАН-ын 65 суудалтай эсвэл АН 10 суудалтай боллоо гэхэд эрх мэдэл, хүчний хуваарийн дэнсэн дээр өөрчлөлт гарахгүй. Гэхдээ намын рейтинг, ирэх 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлох тал дээр чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн хоёр том намын рейтинг унаж байгаа эсэхийг МАХН-аас нэр дэвшигчийн хэр сайн оролцохоор нь хэмжиж болох болов уу. Өнөөгийн байдлаар нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ шулуухан зарласан нам алга. Зарим намаас гол усны төлөө хөдөлгөөний идэвхтнүүдээс ч нэр дэвших тухай дуулдаж байгаа. АН-ын хувьд дотоод ардчиллынхаа хүрээнд намын гишүүдийн санал асуулгаар хүнээ тодруулна гэж зарласан.

Мөн 2016 онд тус тойрогт АН-аас нэр дэвшээд ялагдсан Ж.Оюунбаатарыг дахин зүтгүүлээд үзэх болов уу гэсэн таамаг ч бий. Түүнчлэн АН-ын удирдлагууд нөхөн сонгуулийн тойрогт сулхан өрсөлдөгч тавина гэсэн амлалтаа МАХН-д өгсөн тухай явган яриа бий. Эрх баригчдыг шүүмжилж буй сөрөг хүчин гэдэг өнцгөөрөө АН, МАХН-ын имиж ижил. Тиймээс энэ хоёр нам хоёул хүчтэй өрсөлдөгч гаргасан тохиолдолд МАН ялах боломж өндөртэй болно.

Харин АН-ын өрсөлдөгч бага санал авбал МАХН ялах магадлал өндөрсөнө. Манай сонгогчдын хувьд сөрөг хүчинд сайн ханддаг тал бий. Энэ нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар илт анзаарагдсан билээ.

Харин дээр дурдсан АН сул өрсөлдөгч гаргах яриа нь магадгүй АН арван суудалтай болохын оронд МАХН-даа найр тавивал эрх баригчдыг чуулганы танхимд шүүмжлэх ханьтай болох тооцоо хийсэн ч байж болох юм. Эсвэл энэ хоёр хүчин эвтэй явах нь алс хэтдээ 2020 оны сонгуулийн дарааг тооцоолсон эхний нүүдэл байж мэднэ. МАН-ын 64 гишүүн бүгдээрээ 2020 онд одоогийн Сонгуулийн тухай хуулийн нөхцөлөөр тойргууд дээрээ дахин нэр дэвших хүсэлтэй байгаа.

Тэгэхээр 2020 онд MAH, МАХН эвсэж сонгуульд орно гэж төсөөлөхөд бэрх. Үүн дээр дөрвөн жил төр барьсан улс төрийн хүчнээсээ уйддаг манай сонгогчдын авирыг тооцвол 2020 АН, МАХН-д Засгийн эрхийг хамтран барих 2012 оны адил итгэлийг иргэд өгч магадгүй. Эргээд нөхөн сонгуулийнхаа сэдэв рүү ороход, МАХН-ын хувьд намын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нараас хэн нэгнийг нь нэр дэвшүүлэх тухай таамаг яригдаад удаж байна. Тэдний аль нь ч нэр дэвших боломжтой бөгөөд “Сонгуульд ялна” гэдэг яриаг тус намын удирдлагад ажиллаж байгаа хүмүүс ээлж дараалан хэвлэлд өгсөөр ирлээ.

МАХН Бага чуулганаа хийсний дараа нэр дэвшигчээ тодруулна гэж байгаа, Хамгийн магадлалтай хүн нь Н.Энхбаяр. Тэрбээр ээжийнхээ төрсөн нутаг Хэнтий аймагт үе, үе саатах болсон. Лав л хүүхдийн баяраар зориуд очиж гурав хоносон, түүнээс хойш ойр ойрхон гүйж байгаа. МАХН-ын гишүүд нэр дэвшигчээ сонгодог юм гэхэд Н.Энхбаяр даргыгаа л сонгож таарна. Мөн түүний оймсонд нь хавчуулагдаж анх ордонд орсон гэж хочлогддог УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын даргын суудлыг нь булаалдаж намаа хуваах шахсан. Өнөөдрийг хүртэл энэ асуудал маргаантай байна.

Тэгэхээр МАХН-ыг парламентад төлөөлөлтэй гэж үзэхэд бэрхтэй. Ийм үед МАХН-д нэг суудал хэрэгтэй. Тэр тусмаа намын дарга нь парламентад байж, үгээ хэлж байх нь 2020 оноо бодсон ч зөв зүйл. С.Ганбаатарын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсон. Чуулганы танхимд босч зогсоод хэлдэг үгэнд нь олон нийт дуртай. Гэхдээ одоо Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөх эрхтэй болчихсон учраас С.Ганбаатар нь өнжих болов уу.

Есөн суудалтай сөрөг хүчин, 64 суудалтай эрх баригчдын хувьд нэг суудал нэмсэн ч онцын өөрчлөлтгүй талаар дээр дурдсан. Гэхдээ Монголын төрийг сүүлийн 30 жил ээлжлэн барьсаар ирсэн хоёр аварга улс төрийн хүчний хувьд зүгээр ялагдана гэдэг байж болохгүй үйлдэл. Бас АН, МАН аль аль нь 2016 оны сонгуульд оролцсон намын дарга нараа сольчхоод байгаа. С.Эрдэнийн хувьд АН-ын нийт гишүүний дунд явуулсан сунгаагаар гарч ирсэн. Гэхдээ намын дарга болсноосоо хойш бусад лидерүүдээ намаасаа шахаж байгаа тухай хэл аманд орох болсон. Тэгэхээр, нөхөн сонгууль дээр өөрийгөө харуулах хүсэлтэй байгаа нь мэдээж.

Харин У.Хүрэлсүхийн хувьд намын дарга, Ерөнхий сайд гэсэн өндөр суудалд очоод мөн анхныхаа сонгуультай нүүр тулах гэж байна. Парламентын гаднаас Ерөнхий сайд, намын даргын эрх мэдлийг авахад түүнд зөвхөн намын гишүүн гэдэг нь л хангалттай байв. Тэгвэл одоо нам нь орон гарсан нэг жижиг тойрог дээр хэрхэн оролцох нь түүнд хамаатай. Өмнөх намын дарга М.Энхболд нь Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцсондоо хариуцлага хүлээж ажлаа өгсөн. Гэхдээ тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд намаа удирдан 65 суудал авч чадсан юм.

Тиймээс шинэхэн даргын хувьд намын нөхдийнхөө өмнө цаашид ямар байр суурьтай байх нь энэ сонгуультай холбоотой. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хэрэгт холбоотой тухай шуугиан гарахтай зэрэгцээд Хэнтий аймагт нөхөн сонгууль болбол хэн, хэн нэр дэвших тухай таамаг гарч эхэлсэн юм. Тэр таамагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх үргэлж орсоор ирсэн. Нэгдүгээрт, Хэнтийгээс гаралтай, хоёрдугаарт, намын дарга, Ерөнхий сайд хүн. Үүнээс дээр ямар сонголт байх билээ. Өнгөрсөн хаврын чуулганы үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нөхөн сонгуульд өрсөлдөхгүй гэж хэлсэн тухай мэдээ хэвлэлээр гарч байв.

Гэвч өдийг хүртэл тэрбээр энэ яриаг батлалгүй, мөн үгүйсгэлгүй явж ирлээ. Түүнийг нэр дэвшихгүй гэвэл нам нь өөр ямар хүн явуулах талаар баттай мэдээлэл алга. Хэдийгээр цахим орчинд болоод зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Д.Гантулгын талаар таагүй гэж болохоор мэдээлэл цацагдаж байсан ч Хэнтийдээ нэр нүүрээ бүрэн алдсан гэж ойлгож болохгүй. Жижиг тойргийн сэтгэл зүй гэдэг өөр. Д.Гантулгыг хэрэгт холбогдсоноос эхлээд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүртэлх хугацаанд Хэнтийн тойрогт нь түүнийг хилс хэрэгт унагасан, улс төрийн золиос болгосон тухай ухуулга явсаар байсан.

Нутаг орных нь хүмүүс үзэн ядаад байхаасаа илүү өмөөрөнгүй өнцгөөс хандаж байгаа. Ийм нөхцөлд тус тойрогт МАН-аас нэр дэвшигчид ашигтай байх нь дамжиггүй. Ямартаа ч Хэнтийн нөхөн сонгуулийн зардалд 228.1 сая төгрөгийг Засгийн газраас уржигдар төсөвлөсөн. Ирэх долоо хоногт Цэцийн шийдвэр гарна. АН-аас Ц.Элбэгдорж, МАХН-аас Н.Энхбаяр, МАН-аас У.Хүрэлсүх гэх мэтээр улс төрийн аваргуудыг Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөнө хэмээн бараг бүтэн жилийн өмнөөс янз бүрийн таамаг гарч байгаа. Намар ч хаяанд ирлээ. Нэр дэвшигчид хэрхэн тодорч, үйл явдал яаж өрнөхийг удахгүй харах биз ээ.

Ж.Баяр, Үндэсний шуудан

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master