Post

УИХ-ын гишүүд гүтгэв үү, гүтгүүлэв үү?

Ж.Эрдэнэцогт 269 үзсэн1

   УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг бараг жилийн өмнө УИХ-ын даргын захирамжаар байгуулагдаж, Хөгжлийн банкны хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд шалгалт хийсэн юм. Тус ажлын хэсэг сая л нэг юм тайлангаа УИХ-аар хэлэлцүүлэх гэтэл ажлын хэсэгт Ардчилсан намаас багтсан гишүүд урьдчилан боловсруулсан дүгнэлттэй танилцаж гарын үсгээ зурахгүй Л.Энх-Амгалан гишүүнийг баахан бухимдуулав. Тэрээр шахаж, шаардаж, бүр сүрдүүлж ч үзэв. Тэрээр өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцэхээр товлосон боловч “УИХ-ын дарга, намын даргынхаа өгсөн чиглэлийн дагуу АН-ын гишүүд байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлээгүй” хэмээн хардаж байгаагаа хэлээд, дараагийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхгүй бол “АН-ынхны үхтлээ нуугаад байгаа зүйлийг зарлана” гэж мэдэгдсэн юм. Энэ долоо хоногийн лхагва гаригт Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болох байсан ч “АН-ын бүлгийн гишүүд оролцохгүй тул ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх боломжгүй” гэж бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдээд гарч одсон тул мөн л хойшлогдлоо.

   Энэ бүхний эцэст гишүүн Л.Энх-Амгалан өмнө хэлсэн ёсоороо Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгээ их хурал дээр биш хэвлэлийн хурал дээр задалж санаа амарлаа. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар шалгалтаар илэрсэн ноцтой зөрчлүүд  гэх баримтуудыг ил болгосон.

   Тэдний тараасан танилцуулга, дүгнэлтээс үзэхэд УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Засгийн газар 1,5 тэрбум долларын “Чингис” бондыг олон улсын зах зээлд арилжаалж түүнийхээ 5,4 сая долларыг нь үйл ажиллагааны зардалд суутгуулсан нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн тул  Үндэсний аудитын газраас акт тавьсан гэж дурдсан байна.

   Мөн Хөгжлийн банк Японы хөрөнгийн зах зээлд 30 тэрбум иений /290 орчим сая доллар/ бонд арилжаалахын тулд Японы банкинд “Самуурай” бондын 2 хувь буюу 55.7 сая доллартай тэнцэх иенийг суутгуулсан байна. Иймд дээрх бондыг арилжаалахад гарсан зардал, суутгал хүүгийн хэмжээ, бондын гэрээ хэлцлийг зохих түвшинд хийсэн эсэхийг тусгайлсан аудит гарган дүгнэлт хийлгэх шаардлагатай гэж үзжээ.

   Хөгжлийн банк өнөөг хүртэл санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрөө УИХ-аар батлуулалгүй Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг зөрчиж ирсэн гэж тэмдэглэжээ. Түүгээр ч үл барам Хөгжлийн банкнаас Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн өргөтгөл, Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоол ч үгүйгээр олгосон байгаа гэнэ.

   “Чингис” бондын хувьд мега төслүүдийг барих, тэдэнтэй холбоотой томоохон дэд бүтцийн төслийг санхүүжүүлэхгүй байгаа учир бондын нэр хүнд унах, эрсдэл, хүү өндөрсөх шалтгаан болж, зардлыг нэмэгдүүлж байна гэж ажлын хэсэг дүгнээд, Хөгжлийн банк “Чингис” бондын хөрөнгөнөөс зайрмагны үйлдвэрийн төсөлд 1,4 тэрбум төгрөгийн зээл олгосон тохиолдлыг дурдсан байна.

   “Засгийн газрын шийдвэр” гэдэг нэрийн дор Хөгжлийн банк тооцоо судалгаа хийхгүйгээр төсөл хөтөлбөрийг шууд санхүүжүүлж байсан гэжээ.

   “Дэд бүтэц” төслөөр Баянголын амны орон сууцны хорооллын ус-дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажлын төсвийг  жишиг үнэлгээнээс 52,5 хувиар өсгөсөн, Архангай аймагт 4,6 тэрбум төгрөгөөр боссонтой ижил хэмжээний замыг Увс аймагт 10 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээс эхлээд бондын чөлөөт эх үүсвэрийг ХХБ, Улаанбаатар банк, Голомт зэрэг  банкуудад хэт давуу байдлаар байршуулсан, нэр бүхий хоёр банкинд хадгаламжийн хүү нь бусад банкуудад байршуулсан хүүнээс 2,5- 3,0 пунктээр бага байсан зэрэг “чих дэлдийлгэм” зөрчлүүдийг ажлын хэсгийн тайланд тэмдэглэжээ.

  Хөгжлийн банкнаас бондын хөрөнгөөр цалинжуулж буй бүх төслийн ажилтнуудын цалин нь төрийн албан хаагчдын цалингаас даруй 4-5 дахин их байгаа, мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага нь 6-10 сая төгрөгийн цалинтай, дээрээс нь улирал тутам цалингийн 100 хувьтай тэнцэх хэмжээгээр урамшуулал авдаг гэхчилэн банкны төсвийг хэт үрэлгэнээр баталж зарцуулж байгаа гэж үзсэн байна.

   Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан болон гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын олон нийтэд дэлгэн тавьж байгаа энэ тайланд, тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд 2013 онд 29 тоот тушаал гаргаж “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ыг баталсаны дагуу Хөгжлийн банк санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тендер зарлалгүйгээр шууд гэрээ байгуулан санхүүжүүлж байсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа тэмдэглээд төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, холбогдох тендерийн материал байхгүй болохыг Сангийн яамны ажлын хэсэг шалгалтын тайландаа тусгасан тухай дурджээ. Энэ мэт олон зөрчилтэй зүйлийг нарийвчлан хянаж  шалгах  шаардлагатай гэж тэд үзсэн учраас Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банк, хууль хяналтын байгууллагууд тус бүрт нь хандан тодорхой санал хүргүүлж байгаагаа мэдэгдсэн байна.

   Гэтэл ажлын хэсгийнхний эл мэдээллийн дараа мөн лхагва гаригт ажил тарахын өмнөхөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат сэтгүүлчдийг цуглуулан мэдээлэл хийхдээ УИХ-ын дээрх нэр бүхий гишүүдийн ярьсныг “УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гэж үзэхгүй, энэ нь зөвхөн улс төрийн нэг хүчний оролцоотой боловсруулсан баримт бичиг  байна лээ” гээд энэ арга хэмжээ бол Хөгжлийн банкийг шалгаж байгаа мэтээр олон нийтэд танилцуулж байгаагаараа Хөгжлийн банкны тухай хуульд заасан хэд хэдэн заалтыг зөрчсөн, байж боломгүй асуудал гэжээ. Хамгийн ноцтой гэмээр зүйл нь “ажлын хэсгийн тайландаа ашигласан материалууд нь дандаа үндэслэлгүй, хаа хамаагүй газраас олж цуглуулсан юм байна. Хаанаас ийм үндэслэлгүй материал орж ирснийг тодруулахаар бид ажиллаж байна” гэсэн үг байсан юм. Дараа нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана гэж мэдэгдлээ.

   Энэ бүхний эцэст хоёр тал хэн хэнийгээ хуулийн байгууллагад өгөхөөр болж байх шиг. Хуулийн байгууллагын дүгнэлт хэрхэн гарах юм бол доо. УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар “үндэслэлгүй баримт материал ашиглан тайлан дүгнэлт гаргаж, түүгээрээ Хөгжлийн банкны болон хувь хүний нэр төрд халдаж гүтгэсэн” болж таарах нь уу. Эсвэл Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат арын фронтын хамтаар асуудалд унах нь уу. Хэн нь хэнийгээ гүтгэснийг ёстой л “цаг хугацаа харуулах” биз ээ.

Сэтгэгдэл (1)

  1. I conceive this website has some really great info for everyone :D.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх