Hot Topic + Experts

Сайд нь эзгүй салбарынханд садаа мундахгүй нь бололтой

Ж.Эрдэнэцогт 297 үзсэн9

 

Эрүүл мэндийн салбарын сайд,Төрийн нарийн бичгийн дарга хоёр нь эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдчихаад байгаа энэ үед тус салбарынханд ёстой л “өнчин хүнд ноён олон“ гэдгийн үлгэр ирчихээд байна. Сүүлийн нэг, хоёр сарын хугацаанд Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэнд тохиолдсон гачлан үүний нэг жишээ болох байх.

Тус эмнэлэг Монголдоо зүрх, мэдрэлийн тусламж, үйлчилгээний лавлагаа-төвийн үүргийг дангаараа гүйцэтгэдэг. Жилдээ 19 мянган хүн амбулаториор үзэж оношлон, мөн төдий тооны өвчтөнг хэвтүүлэн эмчилдэг гээд бодохоор ямар хэмжээний төсөв зардалтай, ачаалалтай  газар болох нь харагдана. Тус эмнэлэгт Мянганы сорилтын сан, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр нийт 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тархины хурц харвалт болон зүрхний архаг шигдээсийг эмчлэх тус бүр 20 ортой тасгийг байгуулсан байна. Энэхүү төслийн үр дүнд гадаадад өндөр өртгөөр хийгддэг хагалгааг олон арван монгол хүн эх орондоо үнэ төлбөргүй хийлгэх боломжтой болсноос гадна өмнө нь тархи, зүрхний мэс засал хийж байхад цахилгаан нь тасардаг байсан гачлангаасаа салсан юм. Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн Монголд эмчлэх боломжгүйд тооцогдож байсан судсан дотуурх мэс заслыг есөн хүнд, мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тус эмнэлэгт шилжүүлсэн хэд хэдэн  нярайд зүрхний хавсарсан гажгийг засах хагалгааг БНСУ-ын Сөүлийн их сургууль, “Рафаэль” олон улсын клиниктэй хамтарч хийжээ. Ийм өвчтэй нэг хүүхдийн зөвхөн хагалгааных нь зардал 30-40 мянган ам. доллар хүрдэг юм билээ.

Гэтэл өнгөрсөн сард Сөүл болон Сэжоны үндэсний  их сургуулийн эмч нар Монголд төлөвлөсөн хагалгаагаа хийхээр ирэхэд мөн л өвчтөнд нэн шаардлагатай эм, тариаг нь гаалийн байцаагч нар Буянт -Ухаад хураагаад авчихжээ. Ингээд хатуу чангаараа алдартай манай гаалийнхан нэгэн “ажлын үзүүлэлтээ өсгөж”,  харин 10 хүүхдийн амь нас “хутганы ирэн дээр” ирсэн байна. Монгол, Солонгосын эмч нар арга чарга хайж, мөн л өөр нэг төслийн багийнхнаас гуйж байж шаардлагатай эм тариа, хэрэгслийг бүрдүүлээд хагалгаагаа хийжээ. “Сайн санааны үзүүрт шар тос” гэдэг тул хоёр улсын “цагаан нөмрөгтнүүд”-ийн үйлс бүтэж, зүрхний төрөлхийн хүнд, хавсарсан гажигтай хүүхдүүдийн  эх орондоо хийлгэсэн  хагалгаа амжилттай болсон юм.

Улсын гуравдугаар эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир дээрх хураагдсан эм тариаг авахын тулд Сангийн яамны холбогдох хэлтсийн даргатай уулзаж, гааль болон НӨАТ-аас чөлөөлж өгөхийг гуйгаад явж байгаагаа сонины сэтгүүлчид яриад, хэрвээ эм хэрэгслээ авчихвал, Солонгосын эмч мэргэжилтнүүд төлөвлөснөөс үлдсэн  хоёр хүүхдээс гадна үзлэгийн явцад илрүүлсэн хэд хэдэн  хүүхдүүдэд хагалгаа хийхээр хүлээж байгааг учирласан байна. Ийм хагалгаа хийх үеэр болон хийсний дараа нэг хүүхдэд дунджаар 8.2 сая төгрөгийн  эм тариа зарцуулдаг болохоор манай гаалийнхан өөрсдийн ёс дүрмээ элдэв хүнд сурталгүй гүйцээгээд, Сангийн яам уян хатан хандаад тэр эмийг нь өгчихвөл яасан юм бэ дээ гэж бодогдох юм.

Тэрчлэн гуравдугаар төв эмнэлгийн  харвалт, шигдээсний 40 ортой тасагт 2013 оны 10 дугаар сараас хойш өнөөг хүртэл эм, урвалжийн мөнгө төсвөөс олгогдоогүй учир эмнэлгийнхэн өөрсдийн нөөц бололцоогоор ажиллуулж байгаа аж. Мөн л эм, урвалжийн мөнгөгүй шалтгаанаар өндөр хүчин чадлын, нүдний торлогийн мэс заслын аппаратыг  бүтэн жил ажиллуулж  чадахгүйд хүрсэн, гадаад улсад бэлтгэсэн мэргэжилтэн эмчээ ”зэврээхгүй” гэсэндээ хувийн эмнэлэгт хоёр жил ажиллуулж  нэг ёсны “түр хадгалсан” гээд  бүтэл муутай  яриа тасрахгүй л байна.

 

Сэтгэгдэл үлдээх