Post

Н.Жанцанноров: Энэ номонд гайхамшигтай чухал материалууд байна

Politik.mn 63 үзсэн0

Нийслэл Улаанбаатар хотноо энэ өдрүүдэд СУИС, Олон улсын Монгол судлалын холбоо (ОУМСХ) хамтран “Монголчуудын соёлын ертөнц: Өв, Үнэт зүйл, Урлаг” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа юм. Хурлын үеэр ОУМСХ-г үүсгэн байгуулагч, XX зууны нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч Сономын Лувсанвандангийн баримт бичгийн эмхэтгэл гурван боть номын нээлт боллоо. Номыг СУИС-ийн Судалгааны баримтын сангийн эрхлэгч, доктор О.Алтанзаяа эмхэтгэсэн байна. Номын нээлтэд хүрэлцэн ирсэн эрхмүүдийн хэлсэн үгсээс хүргэж байна.

СУИС-ийн захирал доктор профессор Э.Сонинтогос: Олон улсын Монгол судлалын түүхийн 20 гаруй жил С.Лувсанвандан гуайтай холбоотой

С.Лувсанвандан гуайг энд цугласан монголч эрдэмтэд, соёл урлаг судлаачид сайн мэднэ. Зарим нь түүнтэй хамтарч ажиллаж байсан хүмүүс ч байгаа. Энэ хүн бол Монголын урлаг соёл судлалд маш үнэтэй гавьяа байгуулж, их хувь нэмэр оруулсан хүн. Түүний уран бүтээл, нийтлэл, өгүүлэл, судлагдахууныг одоо хүртэл эрдэмтэд тал талаас нь судалж, сурвалжилсаар байна. Соёл урлаг судлалын хүрээлэнг Сектор байхаас нь эхэлж Хүрээлэн болтол нь хөгжүүлсэн энэ хүний үйл хэргийг бид залгуулж, аятай сайхан авч явах гэж чадан ядан хичээж байна.

Басхүү Сономын Лувсанвандан гуайн Олон улсын Монгол судлалд оруулсан үнэтэй хувь нэмрийг энд дурдаж болно. Олон улсын Монгол судлалын холбооны, Монгол судлалын түүхийн 20 гаруй жил нь С.Лувсанвандан гуайтай холбоотой. Их хурлуудыг зохион байгуулах, Их хурлуудын дундуур Олон улсын Монгол судлаач эрдэмтдийн семинар хурлуудыг зохион байгуулахад түүний оруулсан хувь нэмэр асар их. Бид ч бас энэ хурлыг зохион байгуулахдаа энэ их хүний баримталж ирсэн үзэл санааны дагуу, үйл хэргийг нь үргэлжлүүлж байна гэж ойлгож байгаа.

Өнөөдрийн хуралд гадаад, дотоодын эрдэмтдийн 80 гаруй бүтээлүүдийг хэлэлцүүлж байна. Сүүлийн арваад жилд энэ чиглэлээр СУИС-аас зохион байгуулж байгаа анхны ажил учраас бид ирсэн илтгэл бүхнийг авч үзээд, ерөнхийдөө бас шүүлт хийж байж хэлэлцүүлж байгаа билээ.

Монгол судлаач эрдэмтдийн энэ хурлын үеэр С.Лувсанвандан багшийнхаа баримтын эмхэтгэлийн гурав дахь боть номыг нээх ёслолын ажиллагааг эхлүүлж байна. Өнгөрсөн хоёр жилд өмнөх хоёр боть нь эрдэмтэн судлаачдын гар дээр очсон байгаа. СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн “С.Лувсанвандангийн нэрэмжит Судалгааны баримтын сан”-гаас “С.Лувсанвандан сан”-гийн хамт олонтой ажил хэрэгч сайн харилцаатай явж ирсний илрэл болсон энэхүү шинэ номыг өлгийдөж авах түүхэн чухал үйл явдалд та бүхэн оролцож байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Алтан үеийн сэхээтнүүд маань ардчилсан хувьсгалыг оюун сэтгэлгээний түвшинд 20, 30 жилийн турш хийсэн юм

Аав маань номон дунд амьдардаг байлаа. Өрөөнд нь орж үзсэн хүмүүс мэднэ дээ, олон номон дундаасаа дөнгөж л цухуйж байдаг хүн байв. Үүсгэн байгуулсан Монгол судлалын холбоогоо хориод жил авч яваад, хөл дээр нь тогтоож, олон улсын бие даасан байгууллага болгоод төр засагтаа хүлээлгэн өгч байв.

Бид ч аавынхаа үлдээсэн эрдмийн их өвийг зүгээр дараад, хадгалж үлдээх сэтгэл төвдөлгүй ахмад болон залуу эрдэмтэдтэй ярилцаад судалгаа, судлагдахуун болгож, олон түмэндээ хүргэх ёстой юм гэсэн зорилтыг анх тавьж байлаа.

1997 онд 65 насных нь ойг тэмдэглэдэг жил Олон улсын Монголч эрдэмтдийн хурал ч давхцаж байв. Тэр үед аавынхаа нэрэмжит “Лувсанвандан сан”-г байгуулж “Лувсанвандан судлал” гэсэн чиглэл бий болгоод энэ сэдвээр ажилласан анхны эрдэмтдийн судалгааны ажлын үр дүнг нь олон нийтийн хүртээл болгож байлаа. Мөн зохиол бүтээлийнх нь түүвэр есөн боть номыг хэвлүүлж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байсан юм. Эрдэм шинжилгээний хуралд нь гадаад дотоодоос их олон сайхан хүмүүс ирж, илтгэл тавьж байв. Ингээд л энэ эрдэм номын мөртэй ажил хөгжиж дэвжээд явсан юм.

Өнгөрсөн жил ч гэсэн Цэрэнсодном гуай нарын ахмад эрдэмтэд 85 насны ойг нь ач холбогдол өгч тэмдэглээрэй гэж зөвлөсний үндсэн дээр олон арга хэмжээ зохион байгуулсан, басхүү СУИС-ийн дэргэд Судалгааны баримтын сан гэж сайхан нэгж байгуулж, аавын маань нэрэмжилт болголоо. Энэ сантай бид ажил хэрэгч, дотно хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд баримтын эмхэтгэл нэг боть гаргана гэж байтал маш их баримт гарч ирсэн тул хоёр дахиа ботио хэвлүүлсэн. Улмаар одоо гурав дахь боть нь та бүхний гар дээр очиж байна. Маш их бүтээлүүд, баримтууд шинээр гарч байна. Ганц соёл урлаг ч гэлтгүй, анх их сургууль төгсөөд Намын төв хорооны Нэгдүгээр нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байх үеийнх нь, тухайн үеийн төр засгийн халуун тогоон дундаас нийгмийн амьдралд оролцож байсан оролцоог нь илтгэх маш олон баримтууд байна. Үүнийг бид үргэлжлүүлэн судалгаанд оруулах болно.

Социалист нийгмийг сайнтай, муутай нь бид мэднэ. Монголчууд бид тэр л цаг үед тусгаар тогтнолоо баталгаажуулсан, Монголын түүхийн хамгийн чухал үе гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ соёл урлаг талдаа тэр коммунист, интернациональ гэдэг утгаараа үндэсний их соёл уламжлалыг үгүйсгэдэг, хэлмэгдүүлдэг хүнд нийгэм байсан. Тэр нийгэмд ажлын багаж алх хадуурыг шүт, интернациональч марш хөгжмийг шүт гэдэг байв. Үүнээс илүү гараад үндэсний үзэл, соёлоо гэх юм бол амь насанд ч аюул учирч мэдэх тийм л цаг үе байсан. Ийм үед зориг гаргаж хэлмэгдсэн зохиолчдынхоо зохиол бүтээлийг судалж, олон түмний хүртээл болгож, ямар ч нийгэмд усталгүй дамжин ирсэн мөнхийн үнэт зүйл болох ардын язгуур урлаг, соёл уламжлалыг нь ард түмэндээ хүргэнэ гэдэг сэтгэлгээний хувьд үндэсний ардчилсан хувьсгал л байлаа.

Бид 1990 онд талбай дээр гараад ардчилсан хувьсгал хийлээ л гэдэг. Эцсийн эцэст тэр хувьсгалыг 20, 30 жилийн турш алтан үеийн сэхээтнүүд маань оюун сэтгэлгээний түвшинд хийж, үндэснийхээ үнэт зүйлийг хүнд хэцүү нийгмээр дамжуулан бидэнд үлдээсэн юм. Тэд л энэ ард түмнийг сэхээрүүлж, сэнхрүүлж явсан газар бүртээ ард иргэдтэйгээ уулзалтт хийж, ярьж өгдөг, тэдэнтэйгээ ойрхон байдаг, тэдэн дундаасаа төрөн гарсан хүмүүс байлаа. Гэхдээ энэ үеийнхэн маань үнэндээ одоо ингээд дуусч байна л даа. Тэдний үр хүүхэд, хоёр дахь, гурав дахь үеийн хотын иргэд, та бид, та бидний хүүхдүүд одоо улсаа авч явна. Одоо цагт, ирээдүйд улсаа авч явах хүмүүст энэ бүх баримтууд хэрэгтэй юм.

 

Төрийн Соёрхолт Н.Жанцанноров: XX зууны манай соёлын гол баримжаа, багана

Л.Болд маань аавтайгаа тун адилхан болж байна. С.Лувсанвандан гуай яг л өөрөө хуралд үг хэлж байгаа юм шиг тийм айхтар адилхан болж байна. Би 1979 онд ЗХУ-д сургууль төгсөж ирээд Соёлын яаманд нэг жил ажиллаад С.Лувсанвандан гуайтай танилцсан юм.

 

Би хойноос ирээд Ардын дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн чуулга нэг л орос маягийн байх юм. Жишээлбэл Сэвжид гуайн эмнэг сургагч гээд бүжиг байдаг, орос цэргийн хувцас өмсгөчихвөл Александровын чуулга шиг л яг тийм үсрэлт байдаг юм байна гээд дэмий юм ярьтал С.Лувсанвандан гуай энэ талаар би их олон жил бодсон, Сектор дээр ч хийж байгаа олон зүйл бий гэлээ. Гэтэл С.Лувсанвандан гуай бүтэн жил шахам төлөвлөж боловсруулаад ардын язгуур урлагийн анхдугаар наадам, үзлэгийг улс даяар зохион байгуулах гэж байж. Ингээд Ж.Бадраа гуай, С.Лувсанвандан гуай, Э.Оюун, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн гуай нар бүх сумдаар орон даяар явж ардын авьяастнуудыг шалгаруулаад 1982 оны төгсгөл, 1983 оны эхэнд ардын язгуур урлагийн наадам хийсэн юм. Энэ бол үнэн чанартаа өнөөдрийн бид нарын яриад байгаа Монголын урлаг соёлын сэргэн мандлын хаалгыг нээсэн арга хэмжээ байсан. Тэндээс л бид нар тайзан дээр хөөмийгөө, морин хуураа гоцолдог, нөгөө хэдэн муу биелээчдийнхээ икэлийг татдаг болсон доо.

Өнөөдөр хүүхдүүд, залуучууд, чуулгынхан маань хөөмий, биелгээг дандаа л байсан юм шиг боддог байх, тийм биш шүү. 1982 он хүртэл энэ биелгээ чинь байхгүй, морин хуур найрал хөгжимд л суудаг, морин хуурт зориулсан концерт гэж байхгүй, язгуур урлаг гэж байхгүй болчихсон байв.

“С.Лувсанвандан сан” бидэнд их сайхан үйлийг олон жил хийж байгаа. Би энэ номыг өчигдөр хоёр цаг сууж сайн харсан. Гайхамшигтай чухал материалууд байна. С.Лувсанвандан гуайн Соёлын сайдын үүрэг гүйцэтгэж байсан үеийн гаргасан бүх сайдын тушаалууд байна шүү дээ. Зөвхөн сайдын хоёр, гурван жилийн тушаалыг л харахад ерөөсөө манай соёлын амь амьсгаа юугаар амьсгалж, юуны төлөө явж байсан юм гэдгийг харж болохоор байна. Эцэст нь хэлэхэд С.Лувсанвандан гуай бол Монголын үндэсний урлагийн үзэл санаа, дэлхийн гоозүйн онол сэтгэлгээтэй уялдсан орчин цагийн Монголын ертөнцийг сайхнаар харах үзлийг гол номлогч гэж бодож байна.

Залуучууд энд их байгаа учраас дурсамж хэлье гэж бодлоо.

ШУА-ийн Соёл судлалын Сектор хүрээлэн болоод Соёлын яамны харьяанд ирсэн байв. 1990 онд нийгэм маань ерөөсөө дарга болгоныгоо авч хаях л хүсэлтэй. Өргөх бичиг гэдэг тийм нэр томьёотой. Тэгсэн улсууд өргөх бичиг бариад болдоггүй. Хүрээлэнгийн асуудлыг би хариуцаж байсан тул С.Лувсанвандан гуайд хэлсэн юм.

Таныг авч хаяна гээд байна, С.Лувсанвандан гуай яах вэ гэсэн. Гэтэл “Тэгье л дээ хуралдая, би ерөөсөө өчнөөн жил зүтгэлээ, гэртээ сууж эрдмийнхээ ажлыг хиймээр байна. Заавал би ингэж байх ямар албатай юм, хуралдая” гэсэн. Тэгээд хуралдаад С.Лувсанвандан гуайг чөлөөлсөн, тэр нь миний хийсэн гай юу гавьяа юу мэдэхгүй. Гэхдээ монголч эрдэмтдийн байгууллага, тэр соёл урлагийн сектор, тэр язгуур урлагтай холбоотой зүйл, тэгээд энэ үлдээсэн их өв, эрдэнийн сангаас харахад XX зууны манай соёлын гол баримжаа, багана С.Лувсанвандан гуай юм шүү гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй байх аа.

ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун: Хүйтэн дайны үед дэлхийн “нөгөө ертөнцийнхөнтэй” харилцах хүнд ачааг үүрч байжээ

 

ОУМСХ бол дэлхийн монгол судлаачдыг нэгтгэн зангиддаг ерөөсөө социализмын үед Монголд байгуулагдсан хамгийн том олон улсын байгууллага гэж би ойлгодог. 1959 онд монголч эрдэмтдийн их хурал хуралдаад 1972 он хүртэл завсарласан. Ингээд 1972 онд II Их хурал хуралдаж байнгын  хороо байгуулах шийдвэр гаргасан юм. Ерөнхий нарийн бичгийн даргаар нь С.Лувсанвандан гуай томилогдсон. Би 2016 онд холбооны ажлыг аваад бүх архив материалыг үзэхдээ С.Лувсанвандан гуай Монгол судлалын дэлхийн энэ байгууллагыг байгуулахад жинтэй хувь нэмэр оруулсан гэдгийг баттай олж мэдсэн юм. Хүйтэн дайны үед дэлхийн гуравдагч орон, нөгөө ертөнцийнхөнтэй харилцах гэдэг бол хамгийн хүнд ачаа байсан бөгөөд энэ хүнд ачааг, дэлхийн монголч эрдэмтдийг нэгтгэн зангидаж, таван жил тутамд хурал зохион байгуулах энэ их ажилтай хамтад нь С.Лувсанвандан гуай үүрч байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master