Editorial

Хүчтэй Ерөнхийлөгчийн институци түүхэн үүргээ гүйцэтгэж дууссан уу?

Politik.mn 3,141 үзсэн0

– Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарт www.politik.mn сайт уншигчдаа төлөөлөн хандаж байна –

Монгол Улс ардчилал, чөлөөт эдийн засгийн тогтолцоог сонгон авсны 25 жилийн ойн босгон дээр 23 жилийн турш тогтвортой мөрдөж ирсэн Үндсэн хуулийг өөрчлөх санал УИХ-д өргөн баригдан түүнийг тойрсон өргөн яриа хэлэлцүүлэг нийгэмд өрнөж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд парламентын засаглалын хэлбэрийг улам боловсронгуй болгож, төрийн Тэргүүн, Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс бус парламентаас сонгодог болох, түүнд хуулиар олгогдсон эрх мэдлийг ихээхэн хумьж, цэвэр бэлгэдлийн Ерөнхийлөгчтэй болох өөрчлөлт тусгагдаад байна.

Манай улсыг хүчтэй Ерөнхийлөгч бүхий парламентын засаглалтай орон гэж судлаачид үздэг. Хэрэв УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын өргөн мэдүүлсэн төсөл парламентын гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэг хүлээвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүрэг гүйцэтгэдэг зэрэг онцгой эрх мэдлээ хуулиар алдах болно.

Үүнтэй холбогдуулан янз бүрийн хүмүүс эсрэг, тэсрэг байр суурь илэрхийлж буй ч Монгол Улсын төрийн тэргүүнээр нийт ард түмнээсээ сонгогдон ажиллаж байсан эрхэм Та нөхдийн даацтай үнэлэлт, дүгнэлт бүхий жинтэй байр суурь сонсогдсонгүй.

Шинэ төрийн тогтолцоонд чухал байр суурь эзэлж, хангалттай эрх мэдэл, хариуцлага хүлээж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын дарга нарын хамтаар чуулганы танхимд сонгож, шагнал гардуулах, уучлал үзүүлэх гэх зэрэг бэлгэдлийн үүргүүдийг хариуцуулан үлдээх гэж байгааг Та бүхэн оновчтой гэж үзэж байна уу?

Саяхан Тамгын газрынх нь 25 жилийн ойг ёслон тэмдэглэсэн Ерөнхийлөгчийн хүчтэй институци түүхэн үүргээ гүйцэтгэж дууссан гэх үнэлэмжийг бий болгож байгаа дээрх өөрчлөлтийг зүйтэй гэж харж байна уу?

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч нийт ард түмний саналаар бус парламентын танхимд тодрохыг Та бүхэн хүлээн зөвшөөрөх үү?

Эдгээр асуултыг www.politik.mn сайт Та бүхэнд хамтатган нээлттэй тавьж байна.

БНМАУ-ын анхны Ерөнхийлөгч байхдаа 1992 оны Үндсэн хуулийг боловсруулах комиссын даргаар ажиллаж байсан, 1992 оны Үндсэн хуулийн эх хувьд төрийн Тэргүүний хувиар мутраа үлдээж, 1997 он хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан П.Очирбат Та, 1997-2005 онд хоёр бүрэн эрхийн хугацаанд төрийн Тэргүүнээр сонгогдон ажилласан Н.Багабанди Та, 2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан төдийгүй Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн гурван том албан тушаалыг бүгдийг нь ээлж дараалан хашсан Н.Энхбаяр Та Монгол төрийн тогтолцоо, засаглалын эрх мэдлийн хуваарилалтад нөлөөлөл бүхий үр дагавар авчрах дээрх төслийн талаар манай сайтаар дамжуулан байр сууриа ил тод, бөөрөнхийлөлгүй, үндэслэл бүхий тайлбарын хамт ойрын өдрүүдэд илэрхийлнэ үү.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн баригдсан төслийн талаар саналаа албан ёсоор илэрхийлэх үүрэгтэй тул энэ удаад Та бүхэнд хандаж байгаа болно.

Улс төрийн мэдээ, мэдээллээр дагнасан Монголын анхны төрөлжсөн сайт www.politik.mn Та бүхний үзэл бодол, итгэл үнэмшил, гаргалгааг Монголын олон нийтэд цаг тухайд нь хүргэхээ нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гэж үзнэ.

Сэтгэгдэл үлдээх