Post

Хариуцлага эзэнгүйдсэний хариу шан нь хүүхдийн амь болов

Politik.mn 53 үзсэн0

Дахиад нэг хүүхдийн амь. Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд 07-р сарын 05-ны 15:00 цагийн үед хүүхэд цохиулж нас баржээ. Шонгийн модны цахилгааны утсанд 7 настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад санамсаргүйгээр  хүрч, цахилгаанд цохиулснаас нас барсныг эх сурвалжууд нотолжээ.

Энд хэн хариуцлага хүлээх вэ. Амралтын газрын эзнээс эхлээд хороо, дүүрэг, бүр цаашилбал нийслэлийн Засаг дарга хүртэл хариуцлага яригдах ёстой. Гэхдээ хэн ч хариуцлага хүлээхгүй, харж л байгаарай, хэсэг шуугиж, гасалж ганхирч байгаад л мартана. Хариуцлага ингэж эзэнгүйддэг учраас л бидний амьдран буй орчин маань аюултай түвшинд хүртлээ доройтож доошилсон байгаа юм.

Энэ бол сүүлийн хэдхэн хоногт хүүхэд тогонд цохиулж эндсэн гурав дахь тохиол болж байна. Азаар нэг нь амьд үлдсэн. Өсч өндийж явсан хэдэн сайхан хүүхэд томчуудын хэнэггүй зангийн золиос болон хэдхэн хоногийн зайтай ар араасаа  тэнгэрт одов.

Тэдний араас уйлж дуулахаасаа илүүтэй буруутныг нэрлэж, гэм зэмийг нь үүрүүлж, амьдарч буй орчиндоо аюулын эрсдлийн үнэлгээ хийж  засч залруулах нь үлдэгсдэд өлзийтэй байх болно.

Угаас цөөхөн монголчуудаа хэдий болтол ингэж цаг бусаар цөмлөх вэ, дарга нар аа. Байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай. Хотын цахилгаан, шугам сүлжээний аюулгүй байдлыг хариуцсан байгууллага, дарга цэрэг нь хэн бэ. Тэд яагаад өдий болтол чимээ аниргүй, чих нь дүлий сууна вэ. Хариуцлагын хаагуур өнгөрөөд байна вэ.

Хэрэглэгчдийг тог цахилгаанаар хангах үүргийнх нь салшгүй нэг хэсэг нь аюулгүй байдлыг нь давхар хангах явдал байж таарна. Өөрөөр хэлбэл хангах, аюулгүй байдал хоёр нь нэг зоосны хоёр тал бөгөөд салгах аргагүй мэт санагдана.

Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд тоглож байгаад төмөрт цохиулж энддэг, эсвэл хүүхдийн паркийн тоглоом нь салж унадаг,  нийслэлийнхний чөлөөт цагаа өнгөрүүлдэг ганц газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотроо явган хүний замаар явж байгаад тогонд цохиулчихдаг.  Энэ чинь юу болоод байна аа. Иргэдийн амарч зугаалж, алжаал тайлдаг, бидний төсөөлөл ойлголтоор хамгийн аюулгүй гэгддэг орчин маань ийм байна.

Дарга нарын “Аз жаргалтай  Улаанбаатар” гэж нэрлэж тодотгоод байгаа нийслэл хот маань үнэндээ хүүхдэд хамгийн халтай, ээлгүй хот болж хувирчээ. Ганцхан тог цахилгаан ч биш. Эргэн тойрноо тольдож, эрүүл саруулаар нэг хараад үзээрэй. Жад шиг шовх үзүүртэй төмөр хайс хашаа, таггүй траншей, явган хүний замгүй гудамж, тоглоомын талбай, золбин нохой гээд бүгд амь эрсэн аймшгийн орчин болоод байна.

Нөгөө мэргэжлийн хяналтынхан хаагуур нь тойроод байна. Энэ байгууллага шантаалжилдаг бус хяналтаа жинхэнэ утгаар хэрэгжүүлдэг болоход хэдий хугацаа хэрэгтэй вэ гэсэн асуултыг иргэд тавьдаг. Авлига авдаг, ниргэсэн хойно нь “хашгирдаг”  гэсэн шүүмжлэл хяналтын байгууллага руу   хаяглагддаг нь үнэн. Аль эсвэл гэрлийн шон, хөл  бөмбөгийн хаалганы төмөр энэ байгууллагад хамааралгүй байж мэдэх юм.

Хэрэв тийм бол тэнд хороо хорин гэж төрийн анхан шатны нэгж бий. Тэд хариуцсан хорооныхоо нутаг дэвсгэрийн аюулгүй байдалд хяналт тавьж хэрэгжүүлэх ёстой бус уу. Хаана таггүй траншей байна, хаана газардсан цахилгааны утас байна,  хутга шиг хурц үзүүртэй хашаа хайс байна уу, үгүй юу гэхчлэн орчны аюулгүй байдлын үнэлгээ хийх үүрэгтэй баймаар. Хэнд ч хэрэггүй бичиг цаас эрээчиж, худал үнэн тайлан дээш шидэж сууснаас дэргэдэх орчныхоо аюулгүй байдалд эхэлж анхаарах нь хотын энэ “унтаа” хороодын эхэлж хийх ёстой ажил баймаар.

Нийслэлийн засаг даргын “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын хэрэгжилт хэр байна вэ.

 Г.Хантулга

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master