Breaking

АН-ЫН ГИШҮҮД: Шатахууны үнийг бууруулах чиглэлд Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

Politik.mn 11 үзсэн0

-“ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ-

АН-ын ҮБХ-ны “Зам тээврийн бодлогын зөвлөлийн гишүүд”-ийн зүгээс өнөөдөр шатахууны үнийг буулгах шаардлага, үндэслэлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-ын гишүүдийн төлөөлөл “оны эхээр шатахууны үнэ нэмэгдсэн даруйд иргэд ихээр бухимдаж, үнэ буулгах асуудлаар төр засагтаа хандаж эхэлсэн байдаг. Бид энэхүү иргэдийн хүсэлтэд үндэслэж, шатахууны үнэ буулгах асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа юм.

Шатахууны үнэ ингэж өссөн нь иргэдэд хүнд тусч, эсрэгээрээ импортлогчдын ашиг ихээр нэмэгдэж байна. Тиймээс бид хоёр үндсэн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Үүнд,

Нэгдүгээрт, Засгийн газар 2018 онд багтаан шатахууны үнийг тодорхой хүрээнд буулгах. Нэн яаралтайгаар нэмэгдсэн үнийн асуудлыг зохицуулах шаардлагатай.

Хоёрдугаарт, МАН 2016 оны улс төрийн сонгуульд оролцохдоо шатахууны үнийг  өсгөхгүй барих, улс даяар нэг үнэтэй байлгах амлалтыг өгсөн байдаг. Гэтэл орон нутаг болон нийслэлд шатахууны үнэ газар тэнгэр шиг байгаа. Тиймээс бид нэг үнэтэй болгохыг шаардаж байна” гэсэн юм.

Мөн энэ үеэр АН-ын гишүүн “Шатахууны үнэ нэмэгдсэнээс үүдэж, нэг иргэнээс жилд 600 мянган төгрөг илүү гарч байна. Энэ зардлаас үүдэж, айл өрхүүд хүнсний хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрээд байна. АН-ыг засаг барьж байх үед “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжиж, шатахууны үнийг хэвийн барьж байсан. Гэтэл МАН гарснаас хойш энэ хөтөлбөр зогсож, шатахууны үнэ нэмэгдсээр байна. МАН бодлогоо эргэж харж, гадуур гарч бодит байдалтайгаа танилцах хэрэгтэй” гэсэн юм.

-ОРОН НУТГИЙН БОЛОН ХОТ ХООРОНДЫН ТЭЭВРИЙН ҮНЭ ӨСӨХӨӨР БАЙНА-

Улмаар шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой орон нутаг, хот хоорондын нийтийн болон ачаа тээврийн үнэ нэмэгдэх бодит шаардлага үүссэнийг онцолж байлаа. Ачаа тээврийн үнэ нэмэгдэхээр дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх учир засгийн газар бодьтой арга хэмжээ авахыг уриалсан юм. Өмнө нь хэрэгжиж байсан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, асуудалд авах, гээхийн ухаанаар хандахыг хүссэн юм.

Түүнчлэн хэвлэлийн  хуралд оролцогчдын зүгээс “Нийгмийн халамжийн бодлогоо тэлээгүй мөртлөө Засгийн газар шатахууны үнийн өсөлт дээр тодорхой бодлогын арга хэмжээ авахгүй байгаа нь буруу. Наадмын өмнө шатахууны үнийг нэмж, гэнэтийн бэлэг барьсан явдалд Засгийн газар анхаарах хэрэгтэй. Одоо газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт ид ажил эхэлж байгаа. Иргэдийн амралт эхэлж байна. Ийм цаг үед шатахууны үнэ нэмэгдчихээд байхад Засгийн газар зүгээр суугаад байна. Тиймээс жолооч нар тодорхой давтамжтайгаар сигнал дарж, Засгийн газарт эсэргүүцэл илэрхийлэхийг энэ хэвлэлийн хурлаар дамжуулан уриалж байна.

Манай нам засаг барьж байхдаа ард түмнийхээ төлөө сэтгэж гаргаж ажиллаж, шатахууны жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлд анхаарч ирсэн. Эрх баригч нам сонгуульд ялалт байгуулж гарч ирэхдээ шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй гэж амласнаа санах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Сэтгэгдэл үлдээх