Л.Оюун-Эрдэнэ: Яагаад УИХ-ын гишүүдийн нээлттэй сонсголын араас хөөцөлддөг хууль хяналтын байгууллагатай болчихов оо!

Politik.mn 109 үзсэн0

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг өглөө. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцтай холбоотой асуудлаар Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн байдаг. Үүнтэй холбогдуулж түүнийг АТГ-аас дуудаж мэдүүлэг авсан нь энэ юм.

Тэрээр мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Түүний хэлснээр “Өмнөд Африкийн Стандарт банктай холбоотой асудлыг АТГ шалгаад удлаа. Яагаад энэ асуудлыг одоо хүртэл түдгэлзүүлээд яваад байна вэ гэдгийг асуулаа. Эрдэнэтийн 49 хувийн дуулиантай холбоотой асуудал УИХ-ын шийдвэр гараад байхад мартагдах шатандаа орлоо. Энэ асуудал авлигатай холбоотой эсэхэд яагаад одоо хүртэл тайлбар өгөхгүй байгааг асуулаа. Дуулиант 60 тэрбумын хэрэг юу болсныг асуулаа.

Өнөөдөр би нэг зүйлийг илэрхийлье гэж бодож байна. Монголын нийгэмд нэг хэсэг дуулиан гараад мартагддаг боллоо. 60 тэрбумын хэрэг маш бодиттой бичлэгтэй хэргийн АТГ шалгасан. Хэрэв энэ хэргийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь АТГ өөрөө биш бол одоо энэ хэргийг шалгаж, цэг тавиач ээ гэж байр сууриа илэрхийллээ. Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч хаана явна вэ. Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд хаана явна вэ. Хэрэв би Хууль зүйн сайд болбол хуулийн шударга хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүйн сайд хаана явна вэ?

Яагаад ийм дуулиант хэрэг шийдэгдэхгүй хэр нь УИХ-ын гишүүдийн зохион байгуулсан нээлттэй сонсголын араас хөөцөлддөг хууль хяналтын байгууллагатай болчихов оо. Хувь хүний хувьд энэ асуудал дээр тэвчээр алдагдаж байна. Төрийн ордонд зөндөө хашгирлаа, болдоггүй юм байна. Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол олон нийтийн дунд орж, нийт иргэд, ТББ-уудтай нэгдэж, орон даяар шударга ёсны тэмцлийг эхлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Дэлхийн улс орнууд асуудлыг өөрөөр хардаг боллоо. 60 тэрбумыг хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёс зүйн эрхгүй гэж бодож байна. Тийм учраас сайн дураар УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын бүрэн эрхээсээ түдгэлзэж, АТГ, Прокурорын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй. Тэр болтол би УИХ-ын нэгдсэн чуулганд суухгүй гэдгээ мэдэгдэж байна” гэсэн юм. Түүний хувьд “Аливаа зүйл эрэмбэ дараатай байх ёстой. Парламентад хэн ч сонгогдсон хүндэтгэлтэй хандах учиртай. Тиймээс Монгол Улсын нэр төрд халдсан, УИХ-ын гишүүдэд хүндэтгэлгүй хандсан Б.Хурц уучлалт гуйх ёстой” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Сэтгэгдэл үлдээх