Яармагийн иргэд Нийслэлийн Засаг дарга С.Батболдод шаардлага хүргүүллээ

Politik.mn 260 үзсэн0

Хан-Уул дүүргийн Яармаг бүсийн иргэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод хандан шаардлага хүргүүлсэн байна. Уг шаардлагад Яармагийн 1000 гаруй иргэд нэгдэж гарын үсгээ зуржээ.

Шаардлагад “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд таныг нийслэлийн иргэдийг эрүүл орчинд аж төрөх, амьдрах нөхцөлийг хангах Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын иргэдэд чиглэсэн дорвитой арга хэмжээг авах талаар дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд,

1.ХУД-ийн Яармаг бүсийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэрт 41-р сургуулийн урд хэсэгт “Эс Си Эм” ХХК-ийн эзэмшиж буй газрын эзэмших, ашиглах эрхийг цуцалж, газрыг чөлөөлөх арга хэмжээг яаралтай авах,

(2018 оны 4-р сарын 20-ны өдөр ХУДийн Яармаг бүсийн иргэдтэй уулзаж дээр дурдсан “Эс Си Эм” ХХК-ийн эзэмшиж буй газрын эзэмших, ашиглах эрхийг цуцалж газрыг чөлөөлж өгнө гэж амалсан боловч одоог хүртэл шийдвэртэй арга хэмжээ авагдаагүй байна.)

2.Уг чөлөөлөгдсөн газарт нялх хүүхэдтэй эхчүүд, хүүхэд багачууд, ахмадууд, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх, амарч зугаалах, агаар салхинд гарах, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлээн байгуулах иргэдийн бүтээлч санаачлагын дагуу зураг төсвийн ажлыг хийж, төсвийг 2019 оны улсын төсөвт тусгуулах,

3.Нийслэлийн төр захиргааны байгууллагууд Яармагт нүүж ирэхтэй холбогдуулан Яармагийн дэнжийн ар талын зураг төсвийн ажил нь хийгдсэн 4.5 км замын ажлыг яаралтай эхлүүлэх,

4.Гэр хорооллын иргэд хашаандаа амины орон сууцаа барьж агаар хөрсний бохирдол гаргахгүй амьдрахад нь чиглэсэн хашаагаа барьцаалсан урт хугацааны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгох асуудлыг шийдвэрлэх,

Дээрх шаардлагын талаар тодорхой арга хэмжээ авч хариуг өөрийн биеэр болон бичгээр өгөхгүй бол дараа дараагийн тэмцлийн хэлбэрт шилжих болохыг мэдэгдэж байна.” хэмээжээ.

Дашрамд дурдахад Яармагийн 41-р сургуулийн урд талын задгай талбай бүхий газрыг “Эс Си Эм” гэх компани хашаалан авч иргэдийн эрх ашгийг ноцтой хөндөөд байгаа. Сург уулийн урдах газрыг хашаалснаар сурагчид төдийгүй багаа насны хүүхдээ цэцэрлэгт нь хүргэх эцэг эхчүүд зорчих газаргүй болж, гудамжуудад түгжрэл үүсч байгаа бөгөөд энэ газарт барилгын ажил эхлүүлснээр хүүхдүүдэд аюул, эрсдэл учруулах юм. Тиймээс иргэд тус тойргоос УИХ-д сонгогдсон Л.Болд гишүүний хамтаар Нийслэлийн Засаг даргад хандаж, тус компанийн газар эзэмших, ашиглах эрхийг цуцлуулах амлалт авсан ч одоог хүртэл нөхцөл байдал хэвээр байна.

Сэтгэгдэл үлдээх