Hot Topic + Experts

Түншлэл гэдэг “Тонших”-ын нэр биш байлтай…

Ж.Эрдэнэцогт 799 үзсэн3

Сүүлийн үед “концесс” гэдэг гадаад үг “мода”-нд орж, төмөр замыг ч концессоор тавиулчихна, дулааны станцыг ч концессоор бариулчихна гэдэг болж, тэр ч байтугай дүүргийн контор, хийдийн замыг хүртэл “концессоор өгөөд л гүйцээ” гэдэг болоод байна.

Концесс гэдэг нь төр өөрийн үүргээсээ тодорхой гэрээний үндсэн дээр хувийн хэвшилд шилжүүлэх үйл ажиллагаа буюу товчхон хэлэхэд төр болон хувийн хэвшил хамтраад нийтэд чиглэсэн бүтээн байгуулалт хийнэ, хувийн хэвшил мөнгөө гаргаад юм уу, хөрөнгө босгоод тухайн обьектыг барина, төр дараа нь тэдний зарцуулсан хөрөнгө, мөнгийг ажлын хөлстэй нь хамт төлөөд өөрийн мэдэлд шилжүүлж авна гэсэн үг юм байна л даа. Дэлхийн түүхэнд концессоор боссон томоохон бүтээн байгуулалтын жишээ олон бий. Бас бүтэлгүйтэж нурсан тохиолдол ч чамгүй юм байна.

Манай улсад PPP буюу концессийн тухай яриа 2008 оноос анх сонсогдох болж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн Түр хороо байгуулагдан энэ талын эрх зүйн орчныг бий болгох талаар ажилласнаар 2009 оны 10 дугаар сард УИХ-аас “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг, дараа он нь гарангуут Концессийн тухай хуулийг батлан гаргасан байдаг. 2010 онд анхны концессийн жагсаалт гарахад V цахилгаан станц, 100 мянган айлын орон сууц, Мянганы замын үргэлжлэл, ашигт малтмал тээвэрлэх авто зам, Тавантолгой-Чойбалсан болон Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам, усан цахилгаан станц, үүнээс гадна боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг салбаруудад хийх олон ажил багтсан байдаг.

Монголын анхны концесс болох Могойн голын дулааны цахилгаан станцыг бариулах гэрээг Төрийн өмчийн хороо Хятадын хөрөнгө оруулалттай “Шинэ Азиа майнинг” групптэй 2011 оны тавдугаар сард байгуулсан. “Энэ станцыг хоёр жилд багтаан барина. 20 жил ашиглаад дараа нь Монголын төрд үнэ төлбөргүй шилжүүлж өгнө. Төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй” гэсэн сурталчилгаа явсаар тууз хайчилсан төдийгүй Хөвсгөл аймгийн Засаг дарга оны ажлынхаа тайланд ТЭЗҮ хийлгэсэн гэж хүртэл оруулчихаад байтал уг станцыг Завханы Тэлмэнд байгуулах шийдвэр гэнэт гараад өнгөрөх нь тэр.

2014 оны 11 дүгээр сард концессийн жагсаалтаа эргэж нэг харахад хэрэгжиж байгаа төсөл нь тун цөөхөн буюу тодруулбал, Гашуунсухайтаас хилийн боомт хүрэх авто зам, Завханы Тэлмэний усан цахилгаан станц хоёр хэрэгжсэн, хэрэгжих шатандаа яваа гэсэн тодорхойлолттой үлдэж, бусад нь “алга болсон” юм. Тэр үед улс мөнгөтэй хэмээн балгалзаж байсан учир хувийнхан концессоор авах гэсэн обьектоо жаахан өндөр өртөгтэй төсөвлөөд оруулаад ирвэл төр засаг “ямар дуртай дух вэ…” гээд л нам зогсоодог байжээ. Энэ үед хамгийн бүтэлтэй болсон концессийн төсөл нь Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 88,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 43,2 км урт, хүнд даацын хатуу хучилттай автозам байгуулагдсан үйл явдал байсан боловч замын хураамжийн эрх зүйн зохицуулалт хийгдээгүй, уул уурхайн олборлогч бусад компаниудын хүнд даацын автомашиныг уг замаар хэрхэн явуулах талаар тодорхой заагаагүй байснаас маш их хэл ам дагуулсан билээ.

2015 онд Үндэсний аудитын газраас шалгалт хийгээд “концессийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй” гэж дүгнэсэн байна. Улсын хэмжээнд концессийн талаар нэгдсэн бүртгэлгүй, цахим мэдээллийн сан үүсээгүй, хамгийн гол нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгох ажил бүрэн хийгдээгүй, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн зардал, ашгийн тооцоо, судалгаа хийгдээгүй байхад концесс олгож байгаа зэргийг энд анхааруулжээ.

Засгийн газар жил бүр концессийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцдэггүй, үнэлэлт дүгнэлт өгдөггүй, концессийн төсөл, арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлэдэггүй, зүгээр л санал болгосон концессийн зүйлийн жагсаалтыг баталж байгаа нь муу уршиг дагуулж байгаа юм. Мэдээллийн сан байхгүйгээс төрийн болон орон нутгийн концессийн зүйлийн жагсаалтад төсөл, хөтөлбөр давхардаж орсон, тухайлбал, нийслэлийн үзэсгэлэнгийн экспо танхим байгуулах, тэр ч байтугай Улаанбаатар хотын дулааны цахилгаан станц барих төслүүдийг улс, хотын жагсаалтад давхардуулан баталсан гээд инээдтэй гэхээсээ илүү, эмгэнэлтэй явдал гарч байжээ. Чухам ийм байдлыг далимдуулав уу гэлтэй, БОНХЯ, Зам тээврийн яам хамтран 2016 оны төсөвт төв замаас салаалан хувийн эзэмшлийн Аглаг бүтээлийн хийд рүү 5 тэрбум төгрөгийн төсөвтэй 7 км замыг концессоор тавиулна гэсэн саналыг тусгуулахаар УИХ-д оруулж шуугиан будлиан тарьсан юм.

Эцэст нь хэлэхэд манай төр засаг мөнгө, санхүүгийн бэрхшээлтэй байгаадаа гар баригдан хувийнхан мөнгөө гаргаад хийе гэвэл ямар ч төсөлд концессийн эрх олгож, дараа нь асар их өрөнд орж мэдэхээр болчихлоо. Хоёр, гурван жилийн дараагаас гадны өр, зээл төлөхөөс гадна дотоодын өр, үүн дотор концессийн төлбөрт унаж, шүүхэд очиход ч ойрхон байна. Улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй мэт харагдавч хувийн хэвшлийнхэн өнөөдөр гаргаж байгаа сая төгрөгөө хоёр сая болгож гаргуулан авахаа мэдэхтэйгээ шүү дээ. Эсвэл манай улсын концессийн бүтээн байгуулалтын ихэнх хувь нь ашигт малтмалаас олох ирээдүйн орлогод суурилж байгаа болохоор хувийн хэвшлийнхэн маань юу ч үгүй хоцорч, “уйлах” өдөр ирэхийг үгүйсгэх аргагүй.

Сэтгэгдэл (3)

  1. “Hey there! I just wanted to ask if you ever have any trouble with hackers? My last blog (wordpress) was hacked and I ended up losing months of hard work due to no back up. Do you have any methods to stop hackers?”

    http://fiverr.com/eebest8

  2. Say, you got a nice blog post.Really looking forward to read more. Much obliged.

    http://www.tri-cityherald.com/news/local/news-columns-blogs/article31757694.html

Сэтгэгдэл үлдээх