Breaking

Хойд Солонгос Өмнөдтэй хийх хэлэлцээгээ цуцалж, АНУ-д анхааруулга өгөв

Politik.mn 47 үзсэн0

Пхеньян АНУ-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтын улмаас АНУ, Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг цуцалж болзошгүй байгаа тухай анхааруулсан байна. Энэ талаар “Yonhap” агентлаг мэдээлснийг ТАСС уламжлав.

Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг “АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаа нь Өмнөд Солонгостой хийх хэлэлцээг цуцлахад хүргэж, АНУ Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хувь заяаны талаар нухацтай авч хэлэлцэхэд хүргэж байна” гэж анхааруулсан байна.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 16-ны өдөр БНАСАУ Өмнөд Солонгостой хийх хэлэлцээгээ цуцалж буйгаа мэдэгджээ. Өнөөдрийн уулзалтаар өнгөрсөн сарын 27-нд болсон хоёр Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг хэлэлцэх ёстой байв. Тухайлбал, Солонгосын дайныг албан ёсоор дуусгахын тулд энхийн хэлэлцээр байгуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах тухай тохиролцоог ажил хэрэг болгох төлөвлөгөө боловсруулах асуудлыг уулзалтын үеэр авч хэлэлцэх ёстой байжээ.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгос болон АНУ 100 гаруй байлдааны нисэх онгоц оролцож буй “2018 Max Thunder” агаарын цэргийн сургуулилт хийж байгаа бөгөөд Пхеньяны тал энэ ажиллагааг БНАСАУ-д “цохилт өгөх бэлтгэл” бөгөөд “өдөөн хатгалга” гэж үзэж буй юм байна. АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт энэ сарын 11-нээс 25-ны өдрүүдэд үргэлжлэх ажээ.

АНУ, Хойд Солонгосын удирдагчдын уулзалтын талаар АНУ дахин бодож үзэх хэрэгтэй гэж Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг анхааруулсан байна. Ирэх сарын 12-нд Сингапурт тус дээд хэмжээний уулзалт болохоор товлогдоод байсан билээ.

Сэтгэгдэл үлдээх