Hot Topic + Experts

Судлаач Д.Ганхуяг: Бах, мэлхий хоёрын барилдааныг ажихад

ganaa.mn 89 үзсэн3

УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа зэрэгцэж, давхардаж, хавсран явагдсан асар олон үйл явдлын учрыг олох, тайлбарлах хүн Монголд бараг байхгүй болов. Үйл явдалд идэвхитэй оролцож, янз бүрийн шийдвэр гаргаж, нөлөөлдөг эрх баригчид хүртэл юу хийж байгаагаа, юу хийх ёстойгоо мэдэхээ болив. Ямар ч гэсэн урд өмнө болж байснаас илүү өргөн, илүү гүн гүнзгий, илүү далайцтай үйл явдал зэрэг зэрэг өрнөж буй нь тодорхой байна. Хамгийн гол нь эдгээр бүх үйл явц эргэлт буцалтгүй болсонд түүний мөн чанар оршино. Энэ талаар өгүүлсү. 
Улс төрийн талбайн тухай товчхон
Юуны өмнө францын нэрт эрдэмтэн П.Бурдье-гийн онолоос “улс төрийн талбай” хэмээх ойлголтыг товч яръя. Хямралын онол, сүйрлийн онолыг түшиглэн яриад тайлбарлаад олон жил болоход манайхан “ойлгосон” шинж энэ хир байхгүй учраас эдгээртэй нэг эрэмбийн “улс төрийн талбайн онолд” түшиглэн яривал “ойлгож” магадгүй гэж горьдох юм.
Улс төрийн талбай гэдэг бол улс төрийн тоглогчдын хоорондын өрсөлдөөнт тэмцлийн явцад улс төрийн бүтээгдэхүүн, үзэл баримтлал, хөтөлбөр, анализ, үйл явдал бий болж, түүнээс нь иргэд сонголт хийх ёстой болдог тэр талбарыг хэлдэг.
П.Бурдье улс төрийн талбайг үйлдвэрлэл, эрэлт нийлүүлэлт бүхий өвөрмөц зах зээл мэт авч үзсэн бөгөөд энэ талбайд улс төрийн бүтээгдэхүүн, үзэл баримтлал, хөтөлбөр, улс төрийн байгууллагууд болон лидерүүд зэрэг өвөрмөц төрлийн бүтээгдэхүүн бий болж байдаг гэж үзсэн. Энэхүү улс төрийн талбайд улс төрийн тоглогчид янз бүрийн зай, байрлалд байрлан үйл ажиллагаа явуулдаг.
Мөн улс төрийн талбайд улс төрийн зөрчил үүсч, тэр нь нийгэм болон түүний бусад салбарт нөлөөлөн халдварлах бөгөөд энэ нь улс төрийн талбай эвдрэн устаж, өөр төрлийн тоглогчид бүхий шинэ талбай үүсгэдэг гэж үзсэн. Үүнээс цаашихыг нь сонирхвол П.Бурдье-гийн “Улс төрийн социологи” болон бусад олон суут бүтээлээс нь үзнэ биз. Гэхдээ манайхан бараг уншихгүй атлаа шууд л цээжнийхээ бангаар өрвөлзөөд унана гэдгийг би мэдэж л байна…
Үүнийг манай нөхцөл дүйцүүлэн тайлбарлахыг хичээе. Монголын улс төрийн гол тоглогчид болсон МАН, АН болон улс төрийн систем бүхэлдээ эвдэрч, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тоглогч алга болж, улс төрийн тоглогч хэмээгдсэн этгээдүүдийн зан араншин, үйлдэл нийгэмд ч, нам дотроо ч, бусад тоглогчддоо ч үйл ойшоогдох болов. Шинээр улс төрийн бүтээгдэхүүн, үзэл баримтлал, хөтөлбөр гаргах субъект буюу нам, лидер бас л үгүй болов. Улс төрийн анализ хийх нь байтугай явган хэрүүл, маргаанаар асуудлыг шийдэх гэж тэнэглэн зүтгэх болов. Нэг талаас иргэдийн сонголт хийх боломж үлэмж хумигдаж, нөгөө талаас улс төрийн тоглогчдын санал болгосон бүхнийг хараан нулимах болов.
Энэ нь манайд 20 гаруй жил бүрэлдэн тогтсон улс төрийн талбай бүрэн эвдрэлд орж, Монголын нийгэм улс төрийн шинэ талбай, шинэ тоглогчдыг шаардах болсныг харуулж байна. 
Нуралт
МАНАН-г Н.Энхбаяр, Р.Гончигдорж хоёр анх 1998 онд “Алтангадас” нэрээр үүсгэн байгуулсан юм. Тухайн үед Н.Энхбаяр нь дарга, Р.Гончигдорж нь орлогч болсон нь мэдээж хэрэг. МАНАН байгуулсан нь нам дамжсан олигархи бүлэглэл өсөн бойжиж Монгол Улсыг хорь шахам жил хуваарьгүй ноёрхохын эхлэл болсны зэрэгцээ урт удаан наслах боломжгүй гэмт хэргийн шинжтэй улс төрийн талбайг үүсгэсэн юм. МАНАН үүссэн цагаасаа л их авилгын эхлэл, төрийн цуврал гэмт хэргийн эхлэл болсон юм. Н.Энхбаяр 2001 онд унаснаар МАНАН-г С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр хамтран удирдах болов. Гэхдээ дарга нь МАН, орлогч нь АН байсан нь мэдээж хэрэг. Түүнээс хойш Сү.Батболд, Ө.Энхтүвшин нар МАНАН-г удирдаж байв. Харин Н.Алтанхуяг “Том Алтан гадаст” наалдаж байгаад эрх мэдэлд хүрмэгцээ “жижиг Алтангадас” байгуулж бүх эрх мэдлийг авах гэснээсээ болж өөрөө унасныг эс тооцвол МАНАН-г эсэргүүцэх хүч энэ хэр гараагүй юм. Хамгийн сүүлд Ц.Элбэгдорж МАНАН-г хуваарьгүй ноёрхож байгаад хуулийн эрхээр улс төрийн талбайгаас шахагдан гарав. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас буюу саяхнаас МАНАН доторхи дотоод зөрчил хурцдаж, хайр найргүй дажин эхлэв. Үүний улмаас МАНАН-гийн хуучин удирдагчид бүгдээрээ талбайн “цоорхойгоор” савиран гоожиж МАНАН-д үе солигдох, шинэ тоглогч, шинэ лидерээ “тодруулах” тэмцэл эхлэв. Энэ талаар би залхатлаа бичсэн. “МАНАН сарнихын даваан дээр” 2017.10.27. “Өнөөгийн хямралын учиг” 2017.09.21. “Хуучин толгойнууд бие хайх үед” 2017.08.23. “Ан цаваас цууралт” 2017.08.04. “Чөтгөрийн тойргийг эвдэхийн учир” 2017.06.02. “Улс төрийн их эвдрэл” 2016.07.02. “Чөтгөрийн тойргийн учир” 2016.07.01. Эдгээр өгүүллүүд МАНАН-гийн хямрал, задралыг олон талаас нь дэлгэрэнгүй өгүүлсэн болно.
МАН-ын эвдрэл
МАН-ын эвдрэл маш эртнээс эхэлсэн ба 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдсанаас хойш үлэмж хурцдав. УИХ-ын сонгуулийн дараа МАН-д ямар үйл явц болж, ямар их хэрүүл тэмцэл өрнөснийг нурших нь илүүц зүйл болно. Нам юу юугүй задрахын даваан дээр амь аврах цорын ганц нэгэн гарц олсон бөгөөд энэ нь Улаанбаатарын бүлэглэлийн тэргүүн М.Энхболдыг намын даргаар сонгосон явдал болно. МАН-ын олон далд бүлэглэлийн удирдагчид М.Энхболдыг овойж оцойсон амжилт гаргахгүй ч онхолдтол унагахгүй хүн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл намын задралыг зогсоохгүй ч гэсэн хойшлуулах чадвартай “түр зуурын” удирдагч гэж үзжээ.
Хамгийн хачирхалтай нь М.Энхболд МАН-ын задралыг Ц.Элбэгдоржтой “хамтран зогсоох” чиг шугам барьсан байна. Учир нь сөрөг хүчний удирдагч болсон М.Энхболд амжилт олохын тулд нэг талаас Ц.Элбэгдоржоос МАНАН-гийн дараагийн удирдагч болох “зөвшөөрөл” олж авах, нөгөө талаас МАН дотроо тэргүүлэх лидер болох “эрх” олж авах хачин зөрчилтэй асуудалтай тулгарчээ. 
АН-ыг Ц.Элбэгдорж хангалттай хутган үймүүлж байсан учраас М.Энхболдын хийх ажил харьцангуй хялбар байсан юм. Учир нь АН-ын голлох удирдагчид З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын бүх лидерүүд аль хэдийн шороотой хутгалдсан байв. Харин МАН дотроо бол М.Энхболд өөрийн Улаанбаатарын бүлэглэлийг МАН-ын тэргүүлэх бүлэг болгох зорилт тавьсан бөгөөд энэ нь ч гэсэн бас амархаан бүтэх ажил байв. Учир нь С.Баяр, Сү.Батболд, Ө.Энхтүвшин болон бусад удирдагчид бараг бүгдээрээ нэр нүүрээ алдсан байв. Хамгийн гол тоглогч Ц.Элбэгдоржийн улиран сонгогдох боломж алга болсон нь М.Энхболдод МАНАН-гийн дараагийн удирдагч болох гол нөхцлийг бүрдүүлж өгсөн юм. Ц.Элбэгдоржтой хамтран ажиллана гэдэг бол АН-ыг хутган үймүүлэх, түүний Засгийн Газрыг унагана гэсэн хэрэг юм. Энэ талаар М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын гар сайхан нийлснээс М.Энхболдын үйлдэл бүр МАН-д нэлээдгүй оноо авчирч байлаа.
М.Энхболд өөрийн тэвчээртэй, шаргуу зан чанарынхаа ачаар дээрх зорилтоо амжилттай биелүүлж, МАН-ын задралыг 4 жилээр хойшлуулж, МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалтыг хангасан гол нөхцлийг бүрдүүлсэн бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 
Ингээд 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулав. Энэ нь М.Энхболдод “бүгдийн хаан” болох итгэл найдвар төрүүлжээ. Ер нь ч энэ бол боломжтой зүйл байлаа. М.Энхболдыг Ерөнхий сайд болно гэж бүгдээрээ бодож байтал хаа холоос Ж.Эрдэнэбатыг чирж авчран Ерөнхий сайд болгож, өөрийн дотнын хүн “Төв аймгийн” Су.Батболдыг хотод тавьж, өөрөө УИХ дарга болсныг тааж, тайлж, тааварлах дэндүү амархан байлаа. Тэр Ерөнхийлөгч л болохыг хүсчээ.
Түүний энэ үйлдэл МАН дотор арай ядан тогтоосон “энх тайвныг” оргүй болгож, намын задралыг дахин, чингэхдээ илүү хүчтэй сэдрээсэн юм. МАН-ын доторхи зарим бүлэглэлүүд түүний эсрэг ажиллаж эхлэв. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд дэндүү гутамшигтай ялагдал хүлээв.
М.Энхболд төв нам, Засгийн газар, Улаанбаатар, орон нутаг, хэвлэл мэдээлэл гэсэн хүчирхэг тулгууртай атал энэ нь дэндүү хэврэг байжээ. МАН-ын дотоод, түүний дотор М.Энхболдын талаарх асар их сөрөг мэдээлэл Х.Баттулгын штабт ирж байсан нь М.Энхболдын ялагдлын нэг гол шалтгаан болно.
Ийнхүү МАНАН-г залгамжлан авч даргалахаар тооцоолж байсан М.Энхболд унаснаар МАНАН илт хүлээн зөвшөөрөгдсөн лидергүй болов. МАНАН-гийн лидер гэдэг бол МАН, АН болон төр засгийг бүхэлд нь удирдах, залах улс төрийн ихээхэн том орон зай юм. Энэ орон зай алга болсноор МАНАН-гийн удирдагчийн суудлын төлөө хайр найргүй дотоод иргэний дайн эхлэв. 
АН-ын цэвэршил
2016 оны УИХ-ын сонгуульд Ц.Элбэгдоржийн тасралтгүй хутган үймүүлэл, өөрсдийн тэнэглэлээсээ болж навсайтлаа ялагдсан АН “шинэчлэл” хийх асуудалтай тулгарав. Дашрамд дурдахад МАН 5 удаа шинэчлэл хийсэн, үгүй ядахдаа шинэчлэл хийсэн гэж зарласан бол АН нэг ч удаа шинэчлэл хийгээгүй явсаар ирсэн.
Навсайтлаа ялагдсаны хариуцлагыг уг нь Ч.Сайханбилэг үүрэх ёстой ч З.Энхболдод үүрүүлэн саналаар нь ажлыг нь булааж авахыг оролдоход өнөөх нь АН-ын даргаар “Шонхор” фракцынхаа С.Эрдэнийг сонгуулж дөнгөв. Үүнд олон хүн дургүй байсан ч энэ бол нэлээд сайн тооцсон томилгоо байв. Энд л Ц.Элбэгдоржийн алдаа байв. Тэр С.Эрдэнийг өөрийн хараат хүн тул зөвшөөрсөн ч нам дахь дайснуудаа нэгтгэчихжээ. Гэвч тэр тайван байсан юм, АН Ерөнхийлөгчийн сонгуульд гарцаагүй ялагдах тул Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд өөрөө АН-ын эрхийг авна гэж тооцож байжээ. Гэвч сонгууль жинхэнэ цунами болж “Элбэгдорж-Энхболд-Баярын” триадыг няц даржээ. 
Ингээд Ц.Элбэгдоржид доромжлогдон гутаагдсан АН-ын өөр триад төрийн албаар бэхжив. АН-ын “Шонхор” фракцын З.Энхболд ЕТГ-ын дарга, нөгөө нөлөө бүхий “Жижиг Алтангадасын” тэргүүн Н.Алтанхуяг ЕТГ-ын улс төрийн зөвлөхөөр сонгогдсон нь шахагдаад байсан АН-ын улс төрийн талбайг чамгүй өргөсгөв. Одоо “Шонхор” болон “Жижиг Алтангадас” нэгдмэл байр суурин дээр ажиллах болов. Үүний дээрээс Х.Баттулгын “МоАХ” фракци нэмэгдээд ирэхээр хүч нь үнэмлэхүй ихсэх нь мэдээж хэрэг. Дээрээ зузаан шүхэртэй болсон С.Эрдэнэ дуулгаваргүй загнаж, Ц.Элбэгдоржийг үл тоох болов. Ингээд Ц.Элбэгдорж өөрийн фракцын хамт палианы гадна гарчээ.
Одоо бол энэ “нэгдмэл хүчин” Ц.Элбэгдоржийн “Барууны” фракцыг бутниргэх ажлыг гүйцэтгэв. Энэ нь 2018 оны 3 дугаар сард болсон АН-ын ротацын сонгуулиас тод харагдана. Энэ ротацын гол зорилго нь АН дахь Ц.Элбэгдоржийн “Барууны” фракцыг бутниргэх “их цэвэрлэгээ” хийх явдал байсан бөгөөд энэ нь тун амжилттай болж, үр дүнд Ц.Элбэгдоржийн “Барууны” фракци хуу арчигдаж, харин оронд нь С.Эрдэнийн “Шонхор” фракци хүч нөлөөгөө үлэмж тэлэв. Ц.Элбэгдоржийн залгамжлагчаа болгоно гэж хооронд нь зодолдуулж байсан Х.Тэмүүжин, М.Батчимэг, “Нэг ардчилал”, “МҮДН” фракц, бусад чөлөөт хөвөгчид хөөгдөв. Байдал энэ хэвээрээ байх ахул тэдэнд 2020 онд дэвших ч боломж олдохгүй байж мэднэ.
Одоо бол АН-д ойролцоогоор хүч тэнцүү “Шонхор”, “Жижиг Алтангадас” гэсэн хоёр том фракци үлджээ. АН-ыг Ц.Элбэгдоржийн үлдээсэн бохир заваан, угаадсаас цэвэрлэнэ гэдэг бол нэн хүнд ажил бөгөөд ийм зовлонтой нүсэр ажлыг С.Эрдэнэ шиг гүдэс, шулуун, тэнэгдүү зоригтой хүн л гүйцэтгэж чадах юм. Ямар ч гэсэн С.Эрдэнэ “АН-ын шинэчлэл” гэж нэрлэж болмоор анхны зарлаагүй дайныг амжилттай биелүүлэв. 
Армийг нь толгой дараалан хядан сөнөөж байхад Ц.Элбэгдорж тэднийг хөсөр хаяад гадагшаа зугтаж казинодож явжээ. Харин С.Эрдэнээр бохироо цэвэрлүүлчихээд дараа нь намын даргын суудлаа булааж авах уу, эсвэл нэгдмэл байдлаар цааш ажиллах уу гэдэг нь яваандаа мэдэгдэнэ. Үнэндээ шоовдорлогдогсод буцаж намын эрхийг авах найдлага байхгүй, тэд нөгөөдүүлээ чадъя гэвэл салж өөр нам байгуулах ганцхан зам бий…
Жижиг намуудын горьдлого
Том намуудын зодоон, дайны улмаас өөр хүчнийг эрэлхийлэх олон нийтийн сэтгэл зүйн хандлагыг ашиглан нэр нүүр олох гэсэн жижиг намууд идэвхижив. Түүний тэргүүн эгнээнд МАХН яваа.
МАХН бол Н.Энхбаяр гэсэн “мөнхийн” ганц даргатай, С.Ганбаатар, Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар гэсэн 3 хөгшин цэрэгтэй, залуусынхаа цус, нулимсаар хооллож байдаг, өш авахыг зорилтоо болгосон, МАН-ын оршуулгын газраас амилсан зомби нам юм. Нэлээн дээр амиа алдсан Ц.Түмэнгэрэлийг эс тооцлоо гэхэд МАН-ын Г.Шийлэгдамба шоронд орсон, З.Баянсэлэнгэ прокурор дээр, О.Баасанхүү намаасаа хөөгдсөн нь хөдөлшгүй баримт юм. Энэ болон “шоронгийн хадаас” болсон бусад олон залуус Н.Энхбаярын “эрх мэдлийн өвчний” золиос болсон юм.
Тэгээд ч авилгын системийг өөрийн гараар бүтээсэн хүн тэрхүү бузар системээ өөрөө эвдэлж байсан тохиолдол дэлхийн түүхэнд байхгүй. Сүүлийн үед Н.Энхбаяр өөрийгөө “эх оронч” болгох суртал нэвтрүүлэг эрчимтэй явуулж байна. Тийм юм ёстой байхгүй. Н.Энхбаяр аль 1998 оны үеэс казиногоос авилга авч, Р.Фридландад Оюутолгойн лицензийг зарж, оронд нь мөнгө зээлж, түүнийгээ Орост төлөх их өрийг дарах нэрээр халхавчлан, олон сая доллар луйвардаж, төрийн албан тушаалыг арилжаа наймааны хэрэгсэл болгох эхлэлийг тавьж, Солонгосын Муны шашныг нэвтрүүлж байхдаа “эх оронч” гэдгээ харуулах ёстой байсан юм. Одоо Н.Энхбаяр “эх оронч” болоход дэндүү оройтсон.
Түүний араас Буянгийн Жаргалсайхан удаалж буй. Бүдүүлэг тэнэг төсөөллөө улс төрийн хөтөлбөр хэмээн ойлгодог тэрбээр 20 гаруй жил нэг л сэдвээ давтан үглэж буй бөгөөд хоёр намын ялсан талд нь үйлчилдэг түүний холбиромтгой занг олон хүн мэддэг. Энэ удаад хоёр нам хоёулаа суларсныг тэрбээр “цойлон” гарах боломж гэж ойлгожээ. Ганц даргатай 20 гаруй жил болсон, нэг юмаа улиг болтол давтдаг нэхмэлийн үйлдвэрийн улстөрийн албыг нам гэж үзэх нь дэндүү сэрүүдсэн явдал болно. Хэрэв Жаргалсайхан Кромвелл болмоор байгаа бол хувьсгалаар л болдгийг ойлгох хэрэгтэй…
Ерөнхийлөгчийн байрлал
Өнөөгийн улс төрийн талбай дахь байрлалаар нь авч үзвэл Ерөнхийлөгчийн институт орь ганцаараа МАНАН-гийн улс төрийн талбай болон голлох тоглогчдын эсрэг байр суурьтай байгааг хялбархан нотолж болно. Х.Баттулга эхэн үедээ МАНАН-гаас хамааралтай байсан боловч сүүлдээ МАНАН-даа хавчигдан хөөгдөхийн чамгүй зовлон үзсэн учраас түүнийг сөрөн зогсогч эхний бөгөөд гол хүн болсон юм. Түүнээс гадна Х.Баттулга манай бүх хэрүүлийн цөм болсон уул уурхайтай холбогдсон гэмт хэргүүдтэй холбоогүй байгаа нь түүнд итгэх хүлээлт төрүүлж байна. Түүнийг чухам уул уурхайтай холбохгүйн тулд бүгдээрээ нийлж хавчиж байсан нь эргээд тэдэнд гай дуудсан хэрэг.
Миний хувьд Х.Баттулгыг ямар ч өө сэвгүй төгс хүн гэж үзэж байгаагүй, одоо ч тийм хэвээрээ байгаа. Гэхдээ тэрбээр МАНАН-г сөрөн зогсох гол хүчин болсныг нь онцгойлж байгаа юм. МАНАН эвдрэхдээ тулбал зөвхөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг л дамжин нуран унана гэдэгт би эргэлзэхгүй байна. Түүний ялалтын нэг жигүүр нь АН бол нөгөө жигүүр нь яалт ч үгүй иргэний улстөрийн хөдөлгөөнүүдийн “Үндэсний үзэлт” хэсэг байсан учраас “эрээн зангиаг цоохор дээл” ялсан юм. Тэр эрчээрээ МАНАН-гийн тулгуур болсон МАН-ын Засгийн газрыг ч сольж, дотор нь хагалаад, У.Хүрэлсүхэд намын даргыг нь хүртэл авч өгөөд зогссон билээ. Сонгуулийн дараах энэ үйл явцад АН-ын оролцоо зөвхөн эргэлзэнгүй дэмжихээр л хязгаарлагдсан юм. Тэр ч байтугай АН-ын НИТХ-ынхан Э.Бат-Үүлийн уриалгаар бүр эсрэг ажиллаж байсан билээ.
Хүчний байгууллагуудад шаардлага тавьж, үүрэг даалгавар өгсөн, УИХ-ыг тараах асуудлыг хөндсөн, оффшорын эсрэг тэмцэл эхлүүлсэн, алдагдсан хөрөнгө мөнгийг нэхэж, шударга ёс эхлэх алхам хийсэн зэргийг зөвхөн өөртөө болон АН-ын төлөө хийсэн зүйл гэж үзэж болохгүй.
Хэрэв М.Энхболд ялсан бол өнөөдөр улс орон өмхий цөөрөм мэт ногоорон мэлтийж чимээгүй ялзарч байх учиртай. Одоо шоронд байгаа хэд огцорсон Ерөнхийлөгчтэйгээ үндэсний баатрын дүрд тоглож, тэгш бус гэрээнүүд улс орныг тамирдуулан алгуур үхүүлэх байсан юм. 
Гэвч түүнд саад бэрхшээл их тулгарч байна. Хүчний байгууллагууд улс төрийн тэмцлийн явцад баримжаагүй болсныхоо улмаас нуувчиндаа орсон боловч тэдний дотоод зөрчил тэмцэл ид өрнөж байна. Том бизнес бүлгийнхэн “төвийг сахих” байр суурь баримталж буй боловч дадсан сурсан дураар авираа татаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл хүчнийхэн болон бизнесийнхэн улс төрийн шинэ талбай, шинэ тоглогч тодрохыг хүлээн, ялаад гарсан хэнд ч боловч үйлчлэхэд бэлэн байна.
Цаашид яахыг МАН шийдэх нь
АН-ын дотоод цэвэрлэгээ амжилттай чимээгүй хэрэгжсэн нь тэр хагарал дээр тоглох чадвар МАН-д байгаагүйгээс болсон юм. Учир нь өөрсдөө хагаралдаа идэгдээд байсан бөгөөд юун АН-ыг хагалах, харин тэндээс дайралт ирэхгүй байгаад залбираад суухаас аргагүй нөхцөл байдалд орчихоод байв. У.Хүрэлсүх Ерөнхий сайдынхаа ажилд дадахаас гадна Ерөнхийлөгчийг цаашид түших үү? Эсвэл намтайгаа учраа олох уу гэдгээ шийдэх гэж айн тарчилж байв.
Эцсийн шийдлээ БНХАУ-д айлчлах үедээ “олсон” бөгөөд “түүнд” өмнөд хөршөөс яг Ж.Эрдэнэбатад өгсөнтэй адил хадаг барьжээ. Үүнийг магадгүй тэр өмнөд хөршийн дэмжлэг гэж харсан байх. Хоёрт сонгуулийн үед идэвхтэй явсан “эрлийз”-ийн акцид хэтэрхий итгэснээс “эрлийз биш” өөрийг нь өмнөд хөрш нь ад үзнэ гэж айсан комплекс нь том алдаа байсан юм. БНХАУ-ын төрөөс аль нэг “эрлийзийн” бүлгийг дэмжих гэх мэт ёсгүй алхам хийхгүй, харин хэн Монголыг удирдана тэр бүртэй адил тэнцүү хандана гэдгээ л ил тод ойлгуулжээ. Дэлхий дахины улстөрийн асуудал хурцадмал байгаа энэ үед өмнөд хөрш умард хил дээр нь тогтворгүй, таагүй уур амьсгалтай улс байхыг огт хүсэхгүй байгаа билээ. Үүнийг нь харин У.Хүрэлсүх “дэмжлэг” гэж үзсэн бололтой биеэ тоож эхлэв. Үүнийг бас харж мэдэрсэн М.Энхболд ар хударгаар нь байр сууриа бэхжүүлэхийн тулд АН-д тал засаж эхэлжээ. Хүүхэд бүрт мөнгө олгох ба Ардчилсан хувьсгалын анхдагчдад тэтгэмж олгох хуулийг Ерөнхийлөгчтэй л дайтаж байвал барав гэж үзээд унагасан УИХ-ын алдааг засаж, босгоод зүтгүүлжээ.
Үүнд уурласан Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдод сүрийг үзүүлж, загнаж дөвчигнөснөөс дараагийн зөрчил эхэллээ. “Би Ерөнхий сайд, зүгээр ч Ерөнхий сайд биш намын дарга. Би 2020 онд нам чирч сонгуульд орох гэж байхад АН-д тал засдаг хэн бэ чи?”… Бүлгийн хурал дээрх энэ дөвчигнөлийг нь М.Энхболд чимээгүй өнгөрөөжээ. Гараад ярилцсан нь “У.Хүрэлсүх шиг тэнэг УИХ-ын гишүүдтэй ингэж ярьдаггүй л байхгүй юу.., 2020 онд энэ хөтлөж орох юм гэнэ дээ…”
М.Энхболдын талынхан шууд намын шинэлэлийн урианд таарах нэртэй олон нийтийн байгууллагын эрэлд гарч, хэлэлцээр хийж худалдаж авах болов. У.Хүрэлсүхийг өөрийнх нь аргаар унагахаар тооцжээ. Хуучин ЗГ-ийн гишүүд өс авахаар хөдлөж эхэлжээ. У.Хүрэлсүх ч өрсөж, М.Энхболдын сонгуульд дэмжиж ажилласан пиар бүлгүүдийг цуглуулж эхлэв. 5 тэрбум төгрөг төсөвлөж “Үндэсний брэндингийн зөвлөл” гэгчийг байгуулж, хагасыг нь намын шинэчлэлд далдуур зарцуулахаар болжээ. М.Энхболдод ойр ажиллаж байсан хүмүүсийг ч худалдан авч, эзнийх нь эсрэг турхирч хужаа хувхайгаар нь дуудуулжээ. Харин өнөөдүүл нь М.Энхболдтой байлдах ажилтай хэр нь сонгуулийн өсөрхөлдөө автаж Ерөнхийлөгч рүү архирч эхлэв, үүнийгээ 2021 онд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид дэвших тул одооноос бэлдэж эхлэх ёстой гэдгээр халхавчилжээ. Яг энэ үеэр У.Хүрэлсүхийн холбоотон Сү.Батболдын бүлэглэлийн У.Хүрэлбаатарын идэж шамшигдуулсан хэргийг мөрдөн шуугиан дэгдээсэн нэвтрүүлэг цацсан нь байдлыг улам хурцатгав.
Харалган, явуургүй хорчин Занданшатар, айсан Хүрэлбаатар нар сандрахдаа өнөө бэлэн зэхээний сүлжээгээ ашиглах гэж яарснаас бүхнийг гэрэл цохиулж орхижээ. М.Энхболдтой дайтах гэж бэлтгэж байж ар талаа сүйтгэсэн урагшгүй албатууд нь Засгийн газарт зөвлөмж илгээж байгаа боловч холыг хардаггүйн харгайгаар эзнээ найдваргүй байдал руу шахаж орхив. Шоронд орсон С.Баярыг дэмжигч бүлэглэл У.Хүрэлсүхийн дөвчигнөлийг дарахын тулд нөгөө тийш эргэжээ.
Энэ зуур нөгөө талаас Бандааш Гантулгыг “шалгуулах” болзлыг хангах хуулийг оруулж ирснээр нөхөн сонгууль гарцаагүй болов. Бандааш Гантулга баригдаад явбал нөхөн сонгуульд орохоос өөр аргагүй болох ба яг өнөөгийн судалгаагаар МАН ялагдах нь тодорхой. МАН ялагдвал 2016 оноос хойш хоёр дахиа ялагдсан “Бага газрын тулаан”-ы хариуцлагыг У.Хүрэлсүхэд үүрүүлнэ. М.Энхболд сонгуульд ялагдсаны хариуцлагыг үүрсэн, одоо чиний ээлж. Дараагийн дарга нь… Байлдаан ширүүсч Ж.Энхбаяр-Оюунхорол (Оюунхорол нь У.Хүрэлсүхийн талд шүү), М.Энхболд ба Өмнөговийн Энхболд гэсэн заагт өрнөж байна. Энэ фронт өргөжих нь гарцаагүй.
Харин энэ бол З.Энхболд-С.Эрдэнийн “азын од” гийж байгаа хэрэг юм. Хэрэв тэд бага газрын тулаанд ялбал нам дахь байр сууриа бэхжүүлж, өмнөх ротацийн шинэчлэл зөв болохыг батлан харуулах юм. Гэхдээ ийм шийдвэрлэх тулааны эцсийн дүн зайлшгүй тооцсоноор гардаггүй, санамсаргүй гурав дахь хүчин зүйл, том багаас үл хамаарч шийддэг нь жам юм даа…
Ийм нөхцөлд МАН 2020 онд бүрмөсөн сүйчихгүйн тулд, “Сүх нэртнээр эхлээд Сүх нэртнээр дуусчихгүйн тулд” Үндсэн хуулийн өөрчлөлт рүү яаран орохоос өөр замгүй болчихож байна.
Гол тоглогчийн төлөө тэмцэл
Ийнхүү Монгол оронд 20 шахам жил халаагүй ноёрхож, улс орныг сүйрлийн ирмэгт авчирсан МАНАН хямралаас цууралтад, түүнээсээ эвдрэл гацаанаас сүйрэл нуралтад орсон нь хэн бүхэнд тодорхой байна. Өдөр тутам хоосрон доройтож буй улс төрийн орон зайг эзлэх гэсэн “бага хаадын бага газрын тулаан”, жижиг намууд, горьдогчдын бүлгүүдийн дайн эхэлж, хайр найргүй өрсөлдөөнөөр үргэлжилж байна.
Энэ нь идэж уусан, залилж луйвардсан, хулгайлж дээрэмдсэн хур их баримт, фактуудыг ашиглан ямар ч эмх замбараагүй, ямар зорилгогүй харилцан “буудалцаж” байгаагаар илэрч байна. Өмнө нь баримт фактуудаар “буудалцаж” байсан боловч өнөөдрийнх шиг нэгэн зэрэг, асар их хэмжээгээр “буудалцаж”, чингэхдээ хүч болон давтамжийг нь галзуутай нэмж байсан тохиолдлыг би л лав санахгүй байна.
Ийм нарийн, үнэн зөв мэдээлэл ард түмнээс гарахгүй, ТББ-аас гарахгүй, жижиг намуудаас гарахгүй, зөвхөн өрсөлдөгч МАН, АН, тэдгээрийн гол тоглогчдоос гарах боломжтой. Эдгээр баримт фактууд бараг бүгдээрээ үнэн бөгөөд хөдөлшгүй шинжтэй юм. 
Иймээс эдүгээ олон нийтэд ил болоод байгаа баримт фактууд МАНАН эрх мэдэлтэй жилүүддээ хэр зэрэг өм цөм, хайр найргүй, энэрэлгүй идэж уусны гарцаагүй нотолгоо болно. Мөн үүний дээрээс сүүлийн үеийн баривчилгааг нэмээд үзвэл МАН, АН хоёрын “бага хаадын” дайн дэндүү эрчимтэй, хэтэрхий аймшигтай болж байгааг бас төсөөлж болно. МАН, АН-ын хоёрын дайн тэдний алины ч нэр хүндэд тус нэмэр болоогүй, мөн өргөөгүй, харин бүх нийтийн хараал зүхэл, жигшил дургүйцлийг төрүүлж байгаа.
МАНАН-гийн “бага хаадын” дотоод дайны улмаас олон нийтэд ил болсон гэмт хэргийн асар их баримт, фактын бөөгнөрөл барагтай хүн эрэмбэлэх аргагүй түвшинд хүрч, олон нийтийг төөрөгдүүлэх болов. Монголын олон нийт үй түмэн гэмт хэргийг эрэмбэлэн ойлгох чадваргүй болсон нь тэдний тэмцлийг ихээхэн саармагжуулж байгаа юм. Мөн баригдагчид амиа хоохойлохын тулд асуудлыг аль болох том сэдэвтэй уяж улам төөрөгдүүлж байна.
Ухаандаа 65 тэрбум төгрөгөөр төрийг худалдан авах, оффшорын гэмт хэргийн аль нь илүү ноцтой вэ? С.Баярын гадаад дахь 7 байр, бондын мөнгө үрэн таран хийсний аль нь илүү хорлогчинтой вэ ? төсөв, төслийн мөнгийг тэрбум тэрбумаар нь идэх, албан тушаалын болон авилгын гэмт хэрэг үйлдэгсдийн алийг түрүүлж шийтгэх ёстой вэ? гадаадын эрх ашгийн төлөө эх орноо сүйрүүлсэн, гадаадын байгууллагуудад Монгол төрийн нууцыг мэдээлсэн гэмт хэрэгтний алийг нь эхэлж цээрлүүлэх ёстой вэ? гэх мэт гэх мэт бараг хязгааргүй үргэлжилнэ.
Ийм хүнд нөхцөлд манай ард түмэн юу хийхээ мэдэхгүй, толгой нь эргэсэн мэт боловч асар удахгүй МАНАН-г гэсгээх нь гарцаагүй. Учир нь энэ бүхэн бүгдээрээ МАНАН-гийн үйлдсэн гэмт хэргүүд болно. Хэрэв ил болсон болон удахгүй илрэх гэмт хэрэг бүрийг зориг нь хүрээд хуулийн дагуу шийтгэх юм бол Монголын улс төрчдөөс “цэвэр” үлдэх хүн хуруу дарам цөөхөн гарах нь мэдээж хэрэг.
Миний мэдэх хэмжээнд ийм заваан хүнд байдлаас улс төрийн аргаар л гарч болдог. Энэхүү улс төрийн аргыг би болон бид тун удахгүй хэлэх цаг нь хаяанд байна. Одоохондоо бол энэхүү улс төрийн арга нь МАНАН-г устгах, түүний бүтээсэн улс төрийн талбайг халан өөрчлөх, түүний гол гол тоглогчдыг нь зайлуулахад чиглэгдэнэ гэдгийг л хэлж болох байна. МАНАН-гийн үлдэгдлүүд наад зах нь тэд шоронгоос санхүүжилттэй нийгмийг өөрчлөх үйл явц өрнүүлэхийг үгүйсгэхгүй, нийтийг хамарсан өөрчлөлт бужигнаан дундаас өөрийгөө авч гарахын тулд ийм юм зохион байгуулахад их мөнгө хаяхаас ч сийхгүй болсон байна.
Ямар ч гэсэн МАНАН-гийн улс төрийн талбай хумигдаж, гол гол тоглогчид нуран унаж, түүний оронд улс төрийн шинэ талбай, тоглогчид бүрэлдэх үйл явц эргэлт буцалтгүй эхлэж байна. 
Судлаач Х.Д.Ганхуяг.
2018 оны 5 дугаар сарын 05
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn -ээс уншина уу?

Сэтгэгдэл (3)

  1. I precisely needed to say thanks again. I am not sure the things I might have worked on in the absence of those aspects provided by you about that subject. It had been a very frightful scenario in my opinion, however , understanding the very professional form you resolved that made me to weep over gladness. I’m just thankful for the work and then sincerely hope you realize what an amazing job you happen to be undertaking instructing people today thru your websites. Most likely you have never encountered all of us.
    longchamp http://www.longchamp-bag.us.com

  2. I have to show thanks to this writer for rescuing me from this type of issue. After surfing around through the search engines and seeing views which are not powerful, I thought my life was well over. Living devoid of the approaches to the difficulties you’ve fixed through your entire report is a crucial case, and those which may have in a negative way damaged my entire career if I had not encountered your website. Your personal know-how and kindness in dealing with all the details was invaluable. I’m not sure what I would have done if I had not come upon such a stuff like this. I’m able to now look forward to my future. Thanks for your time very much for the expert and sensible help. I will not be reluctant to endorse the blog to anyone who requires care on this problem.
    michael kors outlet http://www.michael-kors-handbags.org.uk

  3. I want to show my appreciation for your kind-heartedness giving support to men and women that must have guidance on that matter. Your very own dedication to getting the solution around appears to be extraordinarily productive and has usually permitted associates much like me to attain their pursuits. Your personal insightful guide denotes a whole lot a person like me and somewhat more to my mates. Thanks a lot; from all of us.
    adidas tubular shadow http://www.adidastubular.co.uk

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master