Post

Т.Аюурсайхан: Гэрээ байгуулах үед ТУЗ-ийн гишүүд ямар байр суурьтай байсныг эргэж харах цаг болсон

Politik.mn 74 үзсэн1

УИХ-ын гишүүн Т.АЮУРСАЙХАНТАЙ ярилцлаа.
-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнийг саатуулаад байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ. Энэ гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг шинээр байгуулсан нь хэр үр дүнтэй байх бол?
-Миний хувьд Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг сүүлийн хэдэн жил судалж байна. “Оюутолгой” компанийн санхүүгийн тайланг улирал бүр татаж аваад анализ хийдэг. Энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн цагаас Монголын талд үр өгөөжөө хэрхэн өгсөн гэх мэтийг нарийвчлан судалж байна.
Тиймээс ерөнхийдөө багцаагаар тооцоо судалгаатай байгаа. Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулаад ажиллаж эхэлсэн. Миний бие уг ажлын хэсэгт багтаагүй ч өнгерсөн хугацаанд хийсэн тооцоо судалгаагаа энэ ажлын хэсгийнхэнд өгсөн. Оюутолгойн гэрээ ямар нөхцөл байдалтай байгаа юм, цаашдаа ямар өөрчлөлт хийвэл Монголын талын өгөөж нэмэгдэх юм гэх зэрэгт үнэн бодит дүгнэлт гаргуулахын тулд хамтарч ажиллах хүсэлтэй байгаа юм.
Ажлын хэсгийн зүгээс чухам ямар дүгнэлт гаргах бол?
-Энэ ажлын хэсгийнхэн нэгдүгээрт, Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггай юу, үгүй юү гэдгийг шалгана. Өнөөдрийн байдлаар энэ асуултад шууд хариулахад бидэнд ямар ч ашиггүй нь хэн бүхний нүдэнд ил байгаа шүү дээ. Нөгөө талаар Монгол Улсын үр ашгийг яаж нэмэгдүүлэх вэ шалгах юм билээ. Шалгана гэхээр Оюутолгойгоос Монгол Улсад орж ирж байгаа үр ашиг нь бага байгаа учраас л энэ чиглэлээр шалгалт хийе гэж байгаа юм. Ерөнхийдөө энэ гэрээг өөрчлөх нь зүйтэй гэдэгт бүгд санал нийлж байгаа учраас бүхэлд нь өөрчлөлт оруулах байх гэж харж байна. Ингэж тодорхой шалгалт хийж дуусаад ажлын хэсгийн зүгээс Засгийн газарт чиглэл өгөх учиртай. Нөгөө талаар Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой л гэж би боддог. Тиймээс хууль хяналтынхан аливаа дарамт шахалтгүйгээр, хараат бусаар үнэн зөвөөр шийдвэрээ гаргаасай гэж хүсч байгаа. Ийм боломжийг ч бүрдүүлээсэй гэж хүсч байна.
-Томоохон гэрээнүүдтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа нь сайшаалтай ч энэ УИХ шийдвэртэй ямар ажил хийсэн бэ гэх асуултад хариу алга гэх шүүмжлэл байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Ямар ч байсан ойрын өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь болон Оюутолгойн гэрээ, Монголбанкинд үүссэн нөхцөл байдал гэх мэт олны анхааралд байгаа асуудлаар хууль хяналтынхан нэлээд шийдэмгий алхам хийж эхэллээ. Хамгийн гол нь энэ бүхний цаана тодорхой үр дүн гарах ёстой гэдгийг л хэлмээр байна. Гаднаас нь харахад энэ УИХ хэрүүл шуугиантай, бие биенээ элдвээр хэлдэг юм шиг харагдаж байж болох. Гэхдээ үүний хүчинд аливаа асуудлыг шийдэх, үр дүн гаргах талд бид ихээхэн дэвшилттэй ажиллаж байгааг хэлмээр байна. Бид шат шатандаа л ажиллаж байна. Тухайлбал, хамгийн сүүлд Туул голын сав газраар барилгын зөвшөөрлийг олноор олгосон асуудал гарсан. Ялангуяа Өргөдлийн байнгын хороонд энэ талаарх гомдол санал маш их ирж байна. Тиймээс бид холбогдох газруудтай нь ярилцаад энэ асуудлыг шийдэх гээд явж байна.
-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг сөхөөд ирэхээр ТУЗ-ийн гишүүдийнх нь талаар таагүй мэдээлэл гардаг. Энэ удаад ч мөн нэр бүхий хүмүүсийг хасах тухай санал гаргаад байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ тухайд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн нарийвчлан шалгаж, ажиллах байх.
Монгол Улс “Рио Тинто”-той гэрээ байгуулж байхад Монголыг төлөөлж байсан. ТУЗ-ийн гурван гишүүн ямар байр суурьтай байсан бэ гэдгийг одоо олон нийт маш их сонирхож байна. Ингэхээс ч аргагүй. Харин энэ бүхнийг тодорхой болгох үүднээс тухайн үеийн протоколыг нь гаргаж харах ёстой гэдэгтэй би санал нийлдэг. Ялангуяа Монголын талын хөрөнгө оруулалтыг нэмэх тухай ярилцахад манай талын ТУЗ-ийн гишүүд ямар байр суурь илэрхийлж байсныг эргэж харах шаардпага зайлшгүй бий. Дубайн гэрээнд ч гэсэн ямар байр суурьтай байсныг бид эргэж харах цаг нь болсон гэж үзэж байгаа юм. Үүнийг цаг алдалгүй нягтлах шаардлагатай.
-“Эрдэнэт” үйлдвэрийн гэрээтэй холбоотой асуудал ч мөн гацаанд орчих шиг боллоо. Энэ тухайд таны харж байгаагаар ямар гарц байна вэ?
 -“Эрдэнэт”-ийн 49 хувийн тухайд бид зохион байгуулалтад орж байгаад шийдвэр гаргасан нь 23 дугаар тогтоол шүү дээ. Харин 51 хувьд хоёр асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, энэ үйлдвэрийг барьцаалж зээл авсан нь үнэн юм байна, цаашлаад үйлдвэрийн удирдлагуудын тодорхой оролцоо ч байгаа гэдгийг олон нийтэд мэдээлсэн. Одоо арбитрын шүүхэд яагаад материалаа дутуу өгсөн, давж заалдах боломжоосоо яагаад татгалзсан бэ гэдэгт хариулт тодорхойгүй байна. Цаашлаад 2018 оны нэгдүгээр сард Засгийн газрын сайд нараас хэн нь материал бэлдэж, Засгийн газрын хуралдаанаар асуудал оруулж шийдүүлсэн бэ гэх мэт эргэлзээтэй асуудлыг мухарлах ёстой. Төрийн өмчийн 51 хувьд үйл ажиллагааны маш их зардал гаргадаг, шахаа хийдэг, урамшуулал олгодог асуудал бий. Энэ бүгдийг нэг талд нь гаргах хэрэгтэй.
-Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх нь хуулийн талаасаа гацаанд орчихлоо. Та хувь гишүүн бас залуу хүний хувьд энэ асуудлыг хэрхэн дүгнэж байгаа вэ? 
-Өөрийнх нь хувьд хууль хяналтынхнаар шалгуулаад үр дүнг нь харах бодолтой байгаа юм билээ. Хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор асуудлыг хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх ёстой л доо. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан хаалттай болсон учраас хэвлэлээр гарсан хэмжээний л мэдээлэлтэй байна. Энэ асуудлыг ойрын хугацаанд хуулийн дагуу шийдэх юм байна гэж ойлгосон.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Сэтгэгдэл (1)

  1. Манай тойргийн гишүүн шудрага, шийдэмгий овоо зөв залуу шиг санагддаг. 20 онд баталгаатай гарна шүү.

Сэтгэгдэл үлдээх