Budget Observer

Улаанбаатар хот Москва, Сөүл ба Тайпэйд төлөөлөгчийн газартай, тэдгээрт төсвөөс хэдийг зарцуулдаг вэ?

Ил тод байдал сан 1,048 үзсэн3

budget observer copy

Саявтар Монгол улсын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн манай төр, захиргааны байгууллагууд гадагшаа тус тусдаа олон жижиг цонх нээж хүн хүч, хөрөнгө зардал үрэхийн оронд нэг том цонхоор харилцахыг уриалж, анхааруулж байсан билээ.

Гэтэл зарим орон нутгийнхан гадаадад өөрсдийн тусдаа төлөөлөгчийг суулгадаг байх юм. Яахав, тэнд амьдарч ажилладаг хэн нэгнийг төлөөлөгчөөр томилоод хааяа мэдээлэл авч, хэлхээ холбоо тогтооход туслуулж, бас заримдаа зочин төлөөлөгчөөр очихдоо угтуулж үдүүлдэг байж болох. Харин зөвхөн энэ үүргийг гүйцэтгэх тусдаа хүнийг суулгаж өндөр түрээстэй байр сав эзэмшүүлэн, тэр улсын жишгээр цалин пүнлүү өгч, энэ бүх зардлыг төсвөөс гаргах нь хэр зөв бол?

Улаанбаатар хот гэхэд ОХУ-ын Москва, БНСУ-ны Сөүл, бас Тайваны Тайпэйд гурван төлөөлөгч буюу төлөөлөгчийн газартай юм байна. Гэтэл эхний хоёрт Монгол Улсын бүхэл бүтэн, тэр тусмаа гадаад дахь хамгийн том ЭСЯ-тай тэдгээрт худалдаа-эдийн засгийн болон бусад асуудал хариуцсан алба, ажилтнуудтай, тэднээр дамжуулан ажил хэргээ бүтээгээд явах бүрэн боломжтой. Цаадуул нь ч тийм үүрэгтэй. Харин Тайпэйд Улаанбаатар хотын худалдаа-эдийн засгийн төлөөлөгчийн газартай юм байна. Тэгвэл яагаад зөвхөн энд гэж? Одоогоор хотын зүгээс эдгээр төлөөлөгчийн газар юу хийдэг, ямар үр ашигтай, хэнийг яагаад томилсон талаар тодорхой тайлбар, мэдээлэл өгөөгүй хэвээр байна.

Одоо зардлуудыг сонирхьё.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шилэн данснаас үзэхэд, Москва болон Сөүл хот дахь төлөөлөгчийн газрынхаа санхүүжилтэнд зориулж сар бүр 12 сая төгрөгийг тус тус шилжүүлжээ. Харин Тайпэй дахь төлөөлөгчөө улиралд 162,5 сая төгрөгөөр санхүүжүүлж байна..

Доорх хүснэгтэд Улаанбаатар хот гадаад улсын нийслэл хотуудад байрлах төлөөлөгчийн газартаа он гарсаар өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг зарцуулаад байгааг харуулав. Нэгтгэж үзвэл, нийтдээ 500 гаруй сая төгрөг болжээ. Үүн дээр он дуусталх хугацаанд төлөх зардлыг нэмбэл, бас шилэн дансанд тусдаггүй 5 саяас доош өөр зарцуулалтууд байж болохыг харгалзвал дахиад ганц нэг зуун сая төгрөг нийслэлийн төсвөөс хилийн чанад руу урсах юм байна.

Бас нэг зүйл. Нийслэлийн шилэн дансны баримтад Тайпэй, харин Гадаад харилцааны яамны цахим хуудсанд Тайбэй хэмээн бичжээ. Энд бас “нэг цонх” хэрэгтэй болсон байна.

Нийслэл Улаанбаатар хот Москва, Сөүл ба Тайпэйд төлөөлөгчийн газартай ..

Сэтгэгдэл үлдээх