Hot Topic + Experts

Төсвийн тогоо руу өнгийхүй

Ж.Эрдэнэцогт 984 үзсэн2

УИХ-ын чуулганаар өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийг баталсан. Төсвийн төслийг хэлэлцэх үеэр төсвийн тухай хуульд нийцүүлэн цөөнгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудыг хэлэлцсэн ба энэ явцад олны анхаарлыг татаж, зарчмын зөрүүтэй байр суурь үүсгээд байсан асуудлууд аль талдаа, хэрхэн шийдэгдсэнийг тоймлон хүргэж байна.

Төсвийн орлого, зарлага

Монгол Улсын 2016 оны улсын нэгдсэн төсөв 7 их наяд 954 тэрбум төгрөг байхаар батлагдлаа. Алдагдал 940 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 3.4 хувьтай тэнцэж байна. Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн төслөөр бол алдагдлыг 3.3 хувь байхаар оруулж ирсэн бол УИХ хэлэлцүүлгийн явцад 0.1 хувиар буюу 20 орчим тэрбум төгрөгөөр өсгөн баталсан байна.

Төрийн албаныхныг халахгүй, цалин хасахгүй

Засгийн газраас өргөн мэдүүлснээр 3000 төрийн албан хаагчийг цомхотгож, 1.2 тэрбум төгрөг хэмнэхээр төсөлд тусгаад байсан. Энэ саналаа санаачлагч хэлэлцүүлгийн явцад эргүүлэн татсанаар хямралын үед ажлаасаа халагдах вий гэсэн айдсаасаа төрийнхэн саллаа. Үүнд цомхотголд өртөж магадгүй байсан УИХ-ын гишүүний туслахууд мөн хамаарч байна.

Түүнчлэн төрийн өндөр, улс төрийн албан тушаалтнуудын цалинг 10 хувиар хасах санаачилга ч хамтдаа буцаагдаж, “Би цалингаараа амьдардаг хүн” гэж мэдэгдэж байсан Б.Бат-Эрдэнэ аварга тайван байж болохоор боллоо.

Хавдрын эсрэг аянд нэг сарын цалингаа хандивлахдаа “Хэдийгээр цалин маань 10 хувиар хасагдаж байгаа ч гэсэн…” хэмээн битүүхэн гомдоллоод амжсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өдгөө энэ үгнээсээ ичиж байгаа болов уу.

Дарга нар буюу төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтны цалин, төрийн албан хаагчдын цалингийн санг бууруулахгүй гэсэн эл шийдвэрээс үүдээд төсвийн урсгал зардлыг 140 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Яамдыг цөөлөхгүй, газруудыг татан буулгахгүй

Засгийн газрын бүтцийг өөрчлөн яамдын тоог 9 болгон цөөлөх санал дэмжигдээгүй. Мөн Ашигт малтмалын газрыг Газрын тосны газартай нэгтгэх, Худалдан авах ажиллагааны газар, зарим сан, ажлын албад, нийт 12 байгууллагыг /үүнээс зургаа нь байгаль орчны чиглэлийнх/  татан буулгах санаачилга энэ удаад хэрэгжсэнгүй. Агентлаг, газруудыг татан буулгаснаар 2-3 тэрбум төгрөгийг төсөвт хэмнэх байсныг ялихгүй хэмнэлт гэж үзжээ. Харин энэ дүйвээн дунд Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороотой, Татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газартай нэгтгэх шийдвэр батлагдсан юм. Мөн Төрийн өмчийн хороог татан буулгаж эрх, үүргийг нь яамдад шилжүүлэхээр тогтсон. Энэхүү бүтцийн өөрчлөлт нь төсөв хэмнэх, цалингийн санг бууруулах гэсэн анхны зорилгоо гээж, зарим нэг албан тушаалтныг суудлаас нь буулгах агуулгатай болж хувирсан гэхэд буруудахгүй.

Шүүгчдийн цалинг хасаагүй

Засгийн газраас санаачилсан төслөөр бол Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчдийн цалинг бууруулахаар байсан. Хэлэлцүүлгийн явцад шүүгчдийн эрх ашигтай холбоотой асуудал парламентын гадна хүчтэй босч, Олон улсын байгууллага руу гомдол, захидал хүргэгдээд амжсан. Шүүхийнхний эдийн засгийн хараат бус байдлыг хангах зарчим алдагдаж байна гэж тэд үзсэн юм. Төслөөр бол шүүхийнхний 80 гаруй хувийнх нь цалин 63 хувиар буурахаар байлаа. Гэтэл тэдний 98 хувь нь 1-3 төрлийн зээлтэй гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж мэдээлж байв. Эцэст нь шүүгчдийн цалинг хасахгүйгээр шийдвэрлэгдсэн.

Шүүгчдийн цалинг төсвийн хэмнэлт дор хасч танах гэсэн эл оролдлого эцсийн дүндээ шүүхийн хараат бус байдал хуулиар хангагдаагүйн нотолгоо болж үлдэв.

Хайрхан сумын барилгын 2 тэрбум төгрөгийг тусгаагүй

Архангай аймгийн Хайрхан суманд хоёр тэрбум төгрөгөөр нийгмийн даатгалын барилга баригдахаар төсөлд тусгасныг олон нийт ихээхэн шүүмжилсэн. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ www.politik.mn сайтад тайлбар өгөхдөө:

– Архангай аймгийн Хайрхан сумын барилгын төсөв 2015 онд батлагдаад ажил нь хийгдчихсэн асуудал. Төсвийн хөрөнгө оруулалтаар аймгуудын алслагдсан сумдад зориулсан үйлчилгээний тасгуудын барилгыг барьж байгаа. Архангай аймгийн алслагдсан сумд, Булган аймгийн ойролцоо сумдыг хамарсан сум дундын тасгийн барилгыг Хайрханд барьж байгаа юм. Энэ нь төсвийг үр ашиггүй зарцуулж байгаа хэрэг хараахан биш. Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд зэрэг хүн ам ихтэй сум, Ховд аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хужирт, Завхан аймгийн Тосонцэнгэл гээд нийгмийн даатгалын тасагтай сум олон байдаг. Тухайн орон нутгийн хүн амын төвлөрөл, үйлчилгээний хүртээмж, боломж, нөхцөлийг сайжруулах зорилгоор энэ ажлуудыг хийж байна гэв.

Хүүхдийн 20 мянгыг хүүхэд бүрт өгдгийг болиуллаа

Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг ирэх онд 823 мянган хүүхдэд олгохоор шийдвэрлэгджээ. Анх 2012 оноос дээрх шийдвэр хэрэгжиж,  900 орчим мянган хүүхдэд 20 мянган төгрөгийг олгож ирсэн бол 2015 онд энэ тоо нэг сая 25 мянган болж өсөөд байжээ. Харин ирэх онд тэдний 83 хувь нь л хүүхдийн мөнгө авах нь байна. Ингэснээр төсөвт 102 тэрбум төгрөгийг хэмнэлт гарч буй юм байна.

Хүүхдийн 20 мянган төгрөгийн тэтгэмжид 2012 онд 848 тэрбум, 2013 онд 278 тэрбум, 2014 онд 312 тэрбум, 2015 онд 246 тэрбум төгрөг зарцуулсан бол  ирэх 2016 онд 144 тэрбум зарцуулах нь ээ.

Хавдрын эмнэлгийн өргөтгөл, аппаратын мөнгийг шийдвэрлэлээ

Хавдар судлалын үндэсний төвийн барилгын өргөтгөлийн ажлын үлдэгдэл 1.5 тэрбум төгрөг, компьютер оношлогооны тоног төхөөрөмжийн 1,6 тэрбумыг ирэх оны төсөвт баталлаа. Мөн эмнэлгийн шинэ барилгын дотоод тохижилтын төсөв 1.5 тэрбум орчим төгрөгийг Эрүүл мэнд, спортын яамны багцаас гаргахаар болжээ. Төсвийн хэлэлцүүлэг эхлэх үед Хавдар судлалын үндэсний төвд шаардлагатай байгаа 4.5 тэрбум орчим төгрөгийн асуудал яригдаж байсан нь дээрх байдлаар шийдэгдсэн хэрэг юм.

Сэтгэгдэл (2)

  1. Trandate Viagra Achat En Ligne Belgique cialis 5mg United Pharmacy Viagra Fertilita

Сэтгэгдэл үлдээх