Hot Topic + Experts

Засгийн газар болон УИХ дахь МАН-ын бүлгийг гуядсан Ерөнхийлөгчийн мессежүүд

Politik.mn 46 үзсэн2

УИХ-ын ээлжит хаврын чуулган нээлтээ хийсэн билээ. Нээлтийн үеэр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Х.Баттулга нар үг хэлж Засгийн газрыг шүүмжлэлээр бөмбөгдсөн. УИХ-ын даргын зүгээс улстөрчдөд хаягласан онцлох мессежүүд-ийг нийтэлсэн бол энэ удаа Ерөнхийлөгчийн зүгээс УИХ дахь МАН-ын бүлэг болон Засгийн газарт өгсөн мессежүүдийг түүвэрлэн хүргэж байна.


Өнөөгийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тэтгэврийн хүрэлцээгүй байдал, ирээдүйд тэтгэвэр авах тэтгэврийн даатгалд даатгуулагчдын итгэл найдварыг сэргээж, урт хугацаанд монгол хүний нийгмийн хамгааллын баталгааг хангах чадамжтай Үндэсний тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх болно.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн асуудлыг Засгийн газар тогтоол гаргаад шийдчих боломж бүрэн бий. Бүх аймаг, дүүрэг сумдын цэцэрлэг, сургуульд тусгай ангиуд гаргаад өгчихөд шийдэгдчихээр асуудал юм.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах асуудлыг ч гэсэн шийдэх цаг нь болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйл, Засгийн газрын “Аж ахуйн нэгж байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлбөр төлөх” тухай 2009 оны 26 дугаар тогтоол зэргийг мөрдүүлэх журамд өөрчлөлт оруулах замаар шийдчихэж болохоор байна.


Хадгаламж эзэмшиж байгаа иргэдийн хоёр хувь нь нийт хадгаламжийн 96 хувийг эзэмшиж байна гэдэг хэт цөөнхөд баялаг хуримтлагдаад байгааг л илтгэж байгаа тоон үзүүлэлт юм.


Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн нэгд газрын баялаг нь нийт ард түмний өмч гээд заачихсан байдаг. Энэ заалтыг Монголын төр хэрэгжүүлэх юм уу үгүй юу? Үндсэн хуулийн 6-р зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх аваас ахмадуудын тэтгэврийг 500 мянган төгрөгт хүргэх нь биелшгүй хүнд зорилт биш байх юм. Ард түмнээс сонгогдож, үнэмлэхүй эрх мэдлийг олж авсан олонхийн бүлгийн 65 гишүүн та бүхнийг энэ чиглэлээр дорвитой шийдвэр гаргах болов уу гээд сонгогчид чинь найдаж, хүлээсээр сууна. Та бүхний сонгогдсон дөрвөн жилийн бараг тал нь өнгөрлөө.


Оффшор дансанд хөрөнгөө нуусан улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр АТГ зэрэг хууль хяналтын байгууллага туйлын идэвх санаачилгагүй, хашин хандаж байгааг олон нийт бүгдээр харж буй. АТГ-ын удирдлага солигдсон сүүлийн хоёр жилд Монгол Улс авлигын индексээрээ даруй 31 байраар ухарчээ. Нэг ч дорвитой хэрэг шийдвэрлэгдсэнгүй. Ажил хариуцсан хүн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа нөхцөлд өөрчлөх, солих ёстой байх. Би ойрын үед АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй гэдгийг давхар сануулъя. Ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудаа яаралтай сольж, төрийн хэвийн үйл ажиллагааг хангаач гэж олон түмэн та бүхнээс шаардаж байна. АТГ-ын удирдлагыг нэр дэвшүүлэх эрх нь надад байгаа ч томилох эрх нь УИХ-ын гишүүн та бүхэнд байгаа. Миний бие хуулийн дагуу томилдог албан тушаалтнуудаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь нотлогдвол үг дуугүй ажлаас чөлөөлж хариуцлага тооцно.


Одоо хараад суух цаг алга. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээнд би зохих асуудлуудыг тусгасан хуулийн төслүүдийг санаачлан УИХ-аар удахгүй хэлэлцүүлэх болно. Харин эрхэм гишүүд та бүхэн намчирхалгүй, улс төржилгүй, иргэд сонгогчдынхоо эрх ашгийг дээдлэх зарчмаар хэлэлцүүлэгт оролцоорой, идэвхтэй дэмжээрэй гэж хүсэх байна.


Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 80 хувьд олгохоор шийдвэрлэсэн нь санхүүгийн боломж байгааг илтгэж байна. Хүүхдүүдээ ялгаварлалгүйгээр бүх хүүхдэд буюу 100 хувьд хүүхдийн мөнгө олгох тогтоолын төслийг удахгүй өргөн барих болно.


Миний зүгээс дөрвөн сарын өмнө ХЗДХЯ-нд “хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд цаазын ял оноодог байдлаар цаазын ялыг сэргээх” санал хүргүүлсэн. Гэвч тус яамны зүгээс албан ёсоор хариу ирүүлээгүй, ямар нэг санаачилга гаргаагүй байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ дагуу хуулийн төсөл санаачилж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын www.president.mn цахим хуудсаар иргэдийн саналыг сарын турш албан ёсоор авч, мөн уг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсны дараа “бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт цаазын ял оноох” Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын энэ хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлнэ. Та бүхэн Монголын ард түмнээс сонгогдсон юм бол иргэдийнхээ санал, шаардлагыг эн тэргүүнд мөрдлөг болгох учиртай.


Хавар болж барилгын ажил эхэллээ. УИХ шинээр ямар бүтээн байгуулалт хийх вэ гэж хайж явах бус нэгэнт батлагдсан бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдээ сэргээгээд, үргэлжлүүлээд хэрэгжүүлэх боломж бүрэн бий.


Батлагдсан хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн оронд шинэ хөтөлбөр бодон олж, батлуулах гэж цаг алдахын хэрэг байхгүй. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, батлуулсан эрхэм гишүүн, тухайн үеийн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаад би олзуурхаж байгаа. Нэгэнт батлагдсан бодлогыг хэрэгжүүлээд ажил болгох их үйлс таныг хүлээж байгаа шүү.


Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтөд ихээхэн санаа зовж, нэг намынхны хүслээр туйлширсан, намчирхсан зүйл, заалтууд орох гэж байгаагаас эмээж байна. Иргэдийн хүсэлт шаардлага байгаа учир энэ хаврын чуулганаар хэлэлцэх “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн асуудалд иргэдийн эрх ашгийг хамгаалан, идэвхтэй оролцоно.


Ерөнхийлөгчөөс томилдог шүүгчдийн ёс зүй, иргэдээс гарч буй шүүмжлэлийг нягтлан, Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн хөрөнгөө нотолж чадахгүй бол, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгчидтэй хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх болно гэдгийг энд тодотгож хэлье.


Улаанбаатар хотын цэвэр усны хангамж 2030 он гэхэд шавхагдах судалгаа тооцоо гарсан. Энэ асуудлыг улсын хөрөнгөөр хайгуул, зураг төсөл нь хийгдчихсэн, Туул голын бэлэн усан сангийн төслийг Мянганы сорилын сангийн 300 сая ам.долларын хөтөлбөрт хамруулан шийдвэрлэх нь чухал байгааг Засгийн газар эртнээс анхаарч шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Ус бол аюулгүй байдлын нэгэн баталгаа, өдөр тутмын юугаар ч орлуулшгүй хэрэгцээ болохыг санаж асуудал хүндрэхээс өмнө урьдчилан шийдвэрлэх хэрэгтэй байгааг дахин, дахин сануулъя.


Олон улсад хэрэглэгдэж, үр дүнтэй нь нотлогдсон төвлөрлийг сааруулах, дагуул хотууд яаралтай байгуулах, хөдөөд ажиллах, амьдрах тав тухтай орчныг бий болгох гээд аргуудыг ашиглаач. Утаагүй зуух, утаагүй түлш гэх мэт улиг болсон зүйлд цаг мөнгөө битгий үрээч гэдгийг зориуд дахин, дахин хэлье. Энд гагцхүү сэтгэл л дутагдаж байгаа.


Орон нутагт 70 гаруй суманд сонгогдсон төлөөлөгчдийг Иргэдийн хуралд эрх мэдлээ хэрэгжүүлэхэд нь саад болсоор хоёр жил гаруй боллоо гэж байна. Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, ИТХ-ын үйл ажиллагаа бүрэн завхралд өртлөө.


Гадаад орнуудад суух Элчин сайдуудын асуудлыг зөвшилцөхөөр Засгийн газар, УИХ-д саналаа хүргүүлсэн ч нэгээс бусад нь шийдэгдээгүй өдий хүрлээ.

Сэтгэгдэл (2)

  1. “I loved your blog.Thanks Again. Great.”

    http://fiverr.com/eebest8

  2. Im thankful for the post.Really looking forward to read more. Cool.

    http://www.tri-cityherald.com/news/local/news-columns-blogs/article31757694.html

Сэтгэгдэл үлдээх