Hot Topic + Experts

УИХ-ын даргын зүгээс улстөрчдөд хаягласан онцлох мессежүүд

Politik.mn 108 үзсэн0

Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийж УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Х.Баттулга нар үг хэлсэн. Төрийн өндөр албан тушаалтнуудын чуулганыг нээж хэлсэн үгс дотор хаврын хавсаргатай хэрнээ халуухан улс төр ид эхэлж байгааг сануулсан, бусад улстөрчдөд хаягласан мессежүүд цөөнгүй байлаа. УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгнээс онцлох мессежүүдийг түүвэрлэн хүргэж байна.


Газар тариалан эрхлэгчид ургуулсан төмс, хүнсний ногоогоо дараагийн ургац хүртэл хадгалж, борлуулж, орлогын тогтвортой эх үүсвэртэй байх хүсэлтэй байдаг. Гэтэл агуулах, зоорьгүйгээс болоод үнэ ханш хамгийн бага үед буюу намар бөөнд нь, хямд зарахаас өөр сонголтгүй болдог. Салбарын яам хүнсний ногоо хадгалах хүчин чадлын хангамж 2016 оны байдлаар 80 хувьд хүрсэн гэж ярьдаг ч үр өгөөж мэдрэгдэхгүй байна.


Ирэх жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангаас нүхэн болон энгийн зоорь барих зориулалтаар зээл олгох, хөдөө аж ахуйн биржээр арилжих бараа, түүхий эдийн нэр төрөлд төмс, хүнсний ногоог нэмж оруулах замаар газар тариалан эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгая.


УИХ нийслэлийн утаа, орчны бохирдлыг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, төсөв, хөрөнгө оруулалтыг өнөөгийн нөхцөлд хангалттай гэж хэлж болохуйц түвшинд шийдвэрлэсэн. Тодорхой үүрэг, чиглэл Засгийн газарт өгсөн. Одоо хийх ёстой ажлаа хойш тавилгүй эхэлмээр, явц үр дүнг тухай бүр тооцож, дүгнэж баймаар байна.


УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, УИХ-ын шийдвэрүүд, баталж өгсөн төсөв, хөрөнгийн зарцуулалтад УИХ хяналт тавих ёстой.


Хотын иргэдийг бухимдуулж, цаг, мөнгийг үрж байгаа нэг асуудал бол авто замын түгжрэл. Түгжрэлийг уулзвар өргөтгөөд шийдвэрлэж чадахгүй гэдэг нь ойлгогдлоо. Харин нүхэн гарц, давхар зам барих, замын урсгалыг зөв зохион байгуулах, нийтийн тээврийн маршрутыг оновчтой болгох байдлаар шийдвэрлэж байгаа дэлхий нийтийн жишгийг анхаарч үзье.


Улсын төсвийн хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээр хийгдэх бүтээн байгуулалтын ажил эхний улирал дуусчихаад байхад тендерээ зарлаагүй, орон нутагт эрх шилжүүлэх ажил удаашралтай, тодорхойгүй байгааг анхаарч, ажлаа шуурхайлах хэрэгтэй.


Мөн хүүхэд залуучуудын хүмүүжил, боловсрол, ёс суртахууны асуудалд онцгой анхаарал тавих цаг болжээ. Энэ зорилгоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг шинэчлэн боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоё.


Түүнчлэн өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, түүнд ногдуулах ял, шийтгэлийн бодлогыг оновчтой тогтоож чадсан эсэхийг эргэж харах шаардлага байгааг Засгийн газар анхааралдаа авах нь зүйтэй.


Мөн бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар эхчүүдээс гаргасан саналыг элдэв тайлбараар аргацаан өнгөрөөж болохгүй гэдгийг зориуд тэмдэглэе. (Жагсагчид: Бид цаазын ялыг сэргээхийг дэмжихгүй байгаа)


2017 онд л гэхэд Засгийн газраас 105 хууль өргөн барих ёстойгоос өргөн барьсан буюу баталсан хуулийн тоо 39, хэрэгжилт 37.1 хувь байна гэсэн дүн гарчээ.


Парламентын бүрэн эрхийн эхний 3 чуулганы дүнгээр баталсан, нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн тоо өмнөх парламентынхаас даруй 83.3 хувь илүү байгаа. Гэхдээ тоо биш, чанар илүү чухал нь хэнд ч ойлгомжтой билээ.


Авлигатай тэмцэх хуулийг 22 жилийн өмнө батлан гаргаснаас хойш Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэх, түүнд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, авлигатай тэмцэх бие даасан байгууллага байгуулах, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх чиглэлээр бид олон ажил хийжээ. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ.


Үүний хамт авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг хангах ёстой.


“Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудлыг одоо шуурхай шийдвэрлэж, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой.


Авлига авсан, эсэх хэргийг шалгаж байгаатай холбогдуулаад Оюутолгойн гэрээг цуцлах, хөрөнгө оруулагчдыг хөөх тухай яриа гарч, зарим нам, улстөрчид мэдэгдэл хүртэл хийлээ. Оюутолгойн төслийг хэтэрхий улс төржүүлж, улс төрийн сэдэв болгох нь Монгол Улсын ашиг сонирхолд сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Асуудлыг хуулийн аргаар биш улс төрийн аргаар, улс төрийн ашиг хонжоо олох хэлбэрээр шийдэх буруу хандлага байж болохгүй ээ.


Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий хүмүүс оффшор бүсэд данс нээсэн бол хаах, мөнгө байгаа бол буцаан татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилж, хуулийн этгээд үүсгэсэн бол үйл ажиллагааг нь зогсоох хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгааг энэ дашрамд анхааруулж хэлье.


УИХ-аас “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” батлахдаа бодит салбарыг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн. Тавантолгойн бүлэг ордыг ашиглах, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцыг барих, Дулааны III цахилгаан станцын 250 МВТ, Чойбалсангийн ДЦС-ын 50 МВТ-ын өргөтгөл зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ гэж тэнд тусгасан. Таван толгой-Гашуун сухайт, Нарийн сухайт-Шивээхүрэн, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжиж, “Богд хан” төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр хэвээр байгаа. Эдийн засагт шийдвэрлэх нөлөө үзүүлэх эдгээр томоохон төслүүд хэрхэх нь тодорхойгүй явсаар 2 жил өнгөрлөө. Төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн гэж ойлгож байгаа. Яагаад хэрэгжихгүй байна? Ямар саад тотгор байна вэ?


УИХ-ын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол хэлэлцэхэд бэлэн байна. Засгийн газар саналаа оруулж ир. Хаврын чуулганы хугацаанд багтаан том төслүүдээ хөдөлгөе.


Хүүхдийн мөнгийг 80 хувьд биш, шаардлагатай хэсэгт бүрэн олгох, цалин нэмэх асуудлыг 10-р сарыг хүлээлгүй наана нь шийдэхийг хичээх нь зүйтэй.


Иргэд, сонгогчидтойгоо уулзаж явахдаа Та бүхэн “ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” гэсэн үгийг олон удаа сонссон гэдэгт би эргэлзэхгүй байна. Иргэдийг бухимдуулж, төрдөө итгэх итгэлийг нь ээдүүлж байгаа энэ асуудалд төр, түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Тиймээс хариуцлагатай, ёс зүйтэй байх асуудлыг УИХ өөрөөсөө эхэлнэ хэмээн би сонгогчдодоо амласан.


Та биднийг сонгогчид маань өөрийгөө төлөөлүүлэн Төрд илгээсэн. Тиймээс бид хэн нэгний, эсвэл өөрийнхөө төлөө биш, тэдний төлөө ажиллах ёстой. Өөрийнхөө сайнд сонгогдсон, төрийг би л түшиж байгаа гэж бодож болохгүйн учир энэ. Биднийг төлөөлөх үүргээ гишүүд хариуцлагагүй биелүүлж байна гэж тэд анхааруулж байна. Тиймээс үүргээ муу биелүүлсэн, сонгогчдынхоо итгэлийг алдсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг дээрх хуулиудад тусгах болно.   


УИХ-ын гишүүний ёс зүй Монгол төрийн нүүр царай болж байдаг гэдгийг дор бүрнээ санаж ухаарцгаая.

Сэтгэгдэл үлдээх