Hot Topic + Experts

Шүүхээс С.Баярцогтыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзжээ

Politik.mn 113 үзсэн0

ЗГХЭГ-ын дарга асан, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан. Түүнийг Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

Өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргасан нь дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй хэмээн болгоомжилсон байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нийт таван үндэслэлийг тусгасан байдаг. Ингэхдээ С.Баярцогтыг тус хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар үргэлжлүүлэн хорихоор болжээ.

Тус хэсэгт, гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэж заасан байна. Үүнээс харахад, С.Баярцогтыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, магадгүй мөнгөний эх үүсвэрийг өөрчлөх юм уу, өөр этгээдэд шилжүүлэх байдлаар үйлдэл хийж болзошгүй хэмээн сэрэмжилсэн аж.

Гэхдээ энэ бол мөрдөн байцаалтын нууц. Шүүхийн тайлбарлаж буй үндэслэлийг ухвал ийм гаргалгаа гарч байгаа юм.

Юутай ч АТГ-ын мөрдөн байцаагчид үүнийг урьдчилан таамаглаж, С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорих саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн бололтой. Харин прокурор уг хүсэлтийг шүүхэд уламжилсанаар шүүх ийнхүү шийдвэрээ гаргасан байна.

С.Баярцогтыг АТГ-аас Эрүүгийн хуулийн 20.3 22.1.3 дүгээр зүйл ангид заасан гэмт хэргүүдэд буруутгаж шалгаж байгаа.

Тус зүйл заалтад,

20.3 дугаар зүйл. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх

22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

 3. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг юм.

Энэ талаар түүний өмгөөлөгч Г.Орхон “Одоогоор Эрүүгийн хуулийн 20.3, 22.1.3 буюу зохион байгуулалттай бүлэглэлд оролцсон, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. С.Баярцогт гэдэг хүнийг нэмж 30 хоног цагдан хорьж шалгах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Уг нь хүний үндсэн эрх болох халдашгүй чөлөөтэй байх эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой үндэслэлүүдээр хязгаарладаг байх ёстой” хэмээн тайлбар өгөөд байгаа юм.

Шинэ хуулинд шинэ нэр томъёо орж ирсэн нь С.Баярцогтод үүсгэсэн эрүүгийн хэргийн 22.1.3-т заасан улстөрд нөлөө бүхий этгээд гэх шинэ хэллэг юм. Үүний анхны субъект нь С.Баярцогт болох бололтой.

Түүнчлэн АТГ-аас С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа билээ.

Б.Чимэг

Zaluu.com

Сэтгэгдэл үлдээх