Asia/Africa

Катарчууд Арабын дөрвөлийн шаардлагыг үл хэрэгсэв

О.Нар 476 үзсэн0

-Катарын засаг захиргаа Арабын орнуудын шаардлагыг хүлээн зөвшөөрөх аргагүй гэжээ-

Катар улс Саудын Араб, Бахрейн, АНЭУ, Египет зэрэг Арабын дөрвөн орны бүс нутаг дахь дипломат хямралыг зохицуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх аргагүй гэж үзжээ. 13 шаардлага бүхий уг жагсаалтад Дохаг Сирид үйл ажиллагаа явуулдаг “Исламын улс”, “Жабхат ан-Нусра” зэрэг алан хядах бүлэглэлүүдтэй хамтран ажиллахаа зогсоо гэсэн зүйл заалт багтсан аж.

Энэ тухай Катарын Гадаад хэргийн сайд аль-Тани энэ сарын 24-нд мэдэгдсэн аж. “Жагсаасан шаардлага нь Катар улсыг анхнаасаа л терроризмоос болж бүслээгүй, Катарын халдашгүй дархан эрхийг хязгаарласан, түүний гадаад бодлогод нөлөөлөх гэсэн үйлдэл гэдгийг баталлаа” хэмээн аль-Тани мэдэгджээ.
Энэ сарын эхээр Катартай дипломат харилцаагаа цуцалсан Саудын Араб, Египет, Бахрейн, АНЭУ нь бүслэлтийг зогсооход тавих хэд хэдэн шаардлагыг Катарт тавьсан юм. 13 шаардлага бүхий энэхүү шаардлагыг 10 өдрийн хугацаанд бүрэн биелүүлсэн тохиолдолд Арабын дөрвөн орон харилцаагаа дахин сэргээнэ гэжээ.
“Ройтерс” агентлагт шинжээчдийн мэдээлснээр гаргасан шаардлага нь биелүүлэхийн аргагүй харгис хатуу байгаа гэнэ.
Тухайлбал, Арабын орнууд Катараас Ирантай дипломат харилцаагаа тасалж, цэрэг дайн салбарт хамтран ажиллахыг болиулах, тус улс дахь Туркийн цэргийн баазын барилгын ажлыг зогсоох, Катарын нутаг дэвсгэрт Турктэй цэргийн аливаа хамтын ажиллагаа явуулахаас татгалзах, Катарын удирдлагуудын санхүүжилттэй “Al Jazeera” сувгийг болон түүний салбаруудыг хаах, тусгаар тогтносон орнуудын дотоод хэрэгт хутгалдан орохыг зогсоох зэргийг багтаажээ.
Үүнээс гадна Дохаг “Ах дүү мусульманчууд”, “Исламын улс”, “Аль-Кайда”, “Жабхат ан-Нусра”, түүнчлэн Ливаны “Хезболла”-тай холбоогоо таслах үүрэг өгчээ.
Катар улс эдгээр байгууллагыг албан ёсоор алан хядах байгууллага хэмээн зарлаж, Саудын Араб, Бахрейн, Египет, АНЭУ-ын гаргасан алан хядагч байгууллагын жагсаалтуудыг хүлээн зөвшөөрөх, түүнчлэн цаашид шинэчлэл хийх болбол түүнийг нь ч хүлээн зөвшөөрөхийг шаардсан байна.

Энэхүү дөрвөн улс Катараас өөрсдийнх нь болон бусад орнуудын алан хядагч байгууллага, групп, хувь хүн гэж зарласан газруудыг санхүүжүүлэхийг зогсоох, түүнчлэн Катарын дэмжиж байсан сөрөг хүчний бүх гишүүний хувийн мэдээллийг гаргаж өгөх, яагаад дэмжиж байсан тухай дэлгэрэнгүй ярихыг шаарджээ. Уг баримтад Катар улс зөрчилдөөнийг шийдэхийн тулд Саудын Араб, АНЭУ, Египет, Бахрейны улс төрийн сөрөг хүчинтэй ямар ч холбоо тогтоохгүй байхыг үүрэгджээ.
Катар болон Персийн булангийн бусад хаант улс сүүлийн хэдэн арван жилийн турш Ойрхи Дорнодын иргэний дайнуудаар сөрөг хүчний бүлэглэлүүдийг дэмжиж байсан билээ. 2012 онд Катарын удирдлагууд “Ах дүү мусульманчууд”-д тусламж үзүүлж, тэд ч Египетэд засгийн эрхэнд гарсан. Гэвч жилийн дараа төрийн эргэлт гарч, “Ах дүү мусульманчууд” унасан юм. Үүнээсээ болж Доха Египет, Саудын Арабын өнөөгийн засаг захиргааны шүүмжлэлд байнга өртдөг. Сирийн дайнд ч Катар улс сөрөг хүчнийхнийг идэвхтэй дэмжиж ирсэн. Хамгийн гол нь Катар улс Сирийн дайчдад туслалцаа үзүүлдэг Персийн булангийн цорын ганц улс биш билээ.

Хамгийн олон тооны хүнтэй исламист байгууллага
Катар, Саудын Араб улс Сири дэх хамгийн нөлөө бүхий босогчдын бүлэглэлийн нэг болох “Ахрар аш-Шам”-ыг санхүүжүүлдэг болох нь ил болсон. Энэ бол Сирид үйл ажиллагаа явуулдаг исламистуудын байгууллагууд дотроос хамгийн зэр зэвсэг сайтай, хамгийн олон тооны хүнтэй юм. Тус бүлэглэл 20 мянга орчим дайчинтай тухай “The Economist”-д бичжээ. “Ахрар аш-Шам” ийнхүү хүчирхэг болоход Персийн булангийн орнуудын салафитуудын сангууд их тус хүргэсэн гэдэг. 2012 онд байгуулагдсан тус байгууллагыг Сирид 2011 онд өршөөлөөр суллагдсан исламистууд байгуулсан аж.
“Ахрар аш-Шам” нь “Жабхат ан-Нусра”, “Исламын улс”-аас ялгаатай нь гадаадын дайчингүй, ихэвчлэн сиричүүд үйл ажиллагаа явуулдаг. 2014 оны есдүгээр сард тус бүлэглэлийн тэргүүн Абдулла аль-Хамауи болон хэдэн арван командлагч нь Идлибт минажуулсан автомашины дэлбэрэлтэд өртөж амиа алдсан аж. Бүлэглэлийн нэгдүгээр тэргүүн нь ингэж амиа алдсаны дараа Сирийн Алеппо мужаас гаралтай Абу Жабер үйл хэргийг нь үргэлжлүүлсэн. 1968 онд төрсөн тэрбээр Иракийн дайны үеэр “Аль-Кайда”-гийн талд дайтаж, Сириэс жихадуудыг оруулж ирэхэд тусалдаг байсан аж. Хожим нь тэр Сирид баривчлагдан хоригдож байгаад 2011 онд бусад исламистай хамт суллагджээ. Абу Жабер 2015 оны есдүгээр сард сайн дураараа албан тушаалаа өгөх хүртэл “Ахрар аш-Шам”-ыг удирдаж байв.
“Ахрар аш-Шам” нь дэлхий нийтийг хамарсан халифат байгуулахыг эрмэлздэггүй. Тус бүлэглэл зөвхөн Сирийн газар нутагт л үзлээ түгээн дэлгэрүүлэхийг оролддог нь “Исламын улс”-аас ялгаатай юм.

Аль-Кайдагийн жигүүр
Катар, Саудын Араб улс түүнчлэн “Жабхат ан-Нусра”-гийн дайчид зэрэг илүү радикал исламистуудыг дэмжиж байгаа нь ч илэрчээ.
“Ан-Нусра” нь “Аль-Кайда”-гийн Сирийн жигүүрт тооцогдож байгаад 2016 онд нэрээ өөрчилж, “Жабхат Фатх аш-Шам” болсноо энэ оны нэгдүгээр сараас дөрвөн жижиг фракцийг нэгтгэж, “Хайят Тахрир аш-Шам” (HTS) болсноо зарласан билээ.
HTS-д Алеппо мужийн радикал исламистуудын хамгийн том бүлэглэлийн нэг “Нур ад-Дин аз-Зенка” бүлэглэл ч багтжээ. Тус бүлэглэл Вашингтон, Саудын Арабаас дэмжлэг авдаг байжээ.

Сэтгэгдэл үлдээх