Asia/Africa

Өмнөд Солонгос юуны учир хойдууддаа Олимпийн шигшээгээ нэгтгэх санал тавив?

О.Нар 1,588 үзсэн3

-Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пёнчаны өвлийн Олимпийн наадмын нээлтэд хоёр Солонгосын шигшээ багийг нэг далбаан дор нэгтгэж оролцуулах саналыг Пхеньянд тавьжээ-

Сөүл улс төрийн бус, хүмүүнлэг, эдийн засаг, спортын салбарт хамтран ажиллах замаар “нарны илч” тактикаа хэрэгжүүлж, Пак Кын Хэгийн үед тасарсан хоёр Солонгосын харилцааг дахин сэргээнэ гэж найдаж буй аж. Тэгвэл Мүн Жэ Ин хойгт “нарны илч”-ийг оруулж чадах болов уу?

Сөүлээс 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн Олимпийн наадамд Хойд Солонгосын шигшээг оролцох санал тавьжээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдсэн байна. Үүнээс гадна тэрбээр нээлтийн ёслолын ажиллагаанд хоёр Солонгосын багуудад нэгдэж орох санаачилга дэвшүүлжээ.
“Би спортын энх тайвныг тогтоогч хүчинд итгэдэг. Хойд Солонгосын төлөөлөгчид Пёнчанд болох өвлийн Олимпийн наадамд оролцох нь Олимпийн үнэ цэнэ болох найрамдал, нөхөрлөлийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно” хэмээн Өмнөд Солонгосын төрийн тэргүүн мэдэгджээ.
Тэрбээр саяхан Өмнөд Солонгосын Мужу хотод болсон таэквондогийн олон улсын аварга шалгаруулах тэмцээнд Хойд Солонгосын төлөөлөгчид оролцсонд баяр хүргэх үеэрээ Өмнөд, Хойд Солонгосын Олимпийн шигшээ багийнхан өмнө нь буюу 2000 оны зуны Олимпийн наадмын нээлтэд хамтдаа оролцож байсныг дурссан аж.

Анх удаа биш
Сөүл БНАСАУ-тай улс төрийн хувьд биш юм аа гэхэд спортын салбарт эвлэрэхээр шийдсэн нь энэ бололтой. Үүнээс өмнөхөн Өмнөд Солонгосын Засгийн газар хоёр улсын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багийг нэгтгэх, түүнчлэн ирэх өвлийн Олимпийг зохион байгуулах замд Хойд Солонгосын Масикрён амралтын газрыг оруулах санал тавьж байсан юм.
Ер нь БНАСАУ, Өмнөд Солонгосын шигшээгийнхэн аливаа тэмцээн наадамд хамтран оролцож байсан уламжлал бий. Тухайлбал, хоёр орны тамирчид 2002 онд Пусанд, 2006 онд Дохад Азийн зуны наадмын нээлт, түүнчлэн 2007 онд Хятадад өвлийн Олимпийн наадмын нээлтэд хамтдаа оролцож байсан түүхтэй.
Гэвч хоёр Солонгосын харилцаа муудсанаас болж спортын салбар дахь хамтын ажиллагаа нь тасалджээ. Ялангуяа 2013 оны хоёрдугаар сараас 2017 оны гуравдугаар сар хүртэл Өмнөд Солонгосыг тэргүүлж байсан Пак Кын Хэгийн үе хамгийн хүнд, хэцүү нь байсан гэж хэлэхэд болно. Түүнийг төрийн эрхэнд байх хугацаанд хоёр Солонгосын эмзэг харилцаа үгүй болжээ. Шинжээчдийн үзэж буйгаар Пак Кын Хэ хэтэрхий хатуу бодлого явуулж байсан нь ч огцроход нь нөлөөлсөн гэнэ. Учир нь экс Ерөнхийлөгч БНАСАУ-тай харилцаагаа таслаад зогсохгүй Хятадтай муудаж, үүний улмаас Хятад улс эдийн засгийн бичигдээгүй хориг арга хэмжээ авч эхэлсэн билээ.

Урагш ахих алхам
Тавдугаар сарын сонгуульд ялалт байгуулсан Мүн Жэ Ин хөрш орнуудтайгаа сүүлийн жилүүдэд хурцдаад байсан харилцаагаа зөөлрүүлэх бодлого баримтална гэж амлан гарч ирсэн билээ. Тиймээс ч тэр сонгуулийн амлалтаа биелүүлэхийг хичээн ажиллаж байгаа нь энэ юм.
Бас нэг сонирхолтой зүйл нь Мүн Жэ Ин БНАСАУ-ыг бүрэн цөмийн зэвсэггүй болох ёстой гэж шаардахгүй байгаа юм. Харин Пхеньяныг цаашид л пуужин, цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Тэрбээр Солонгос хоорондын нэгдүгээр дээд хэмжээний уулзалтын 17 жилийн ойгоор үг хэлэх үеэрээ “Хэрвээ Хойд Солонгос цөмийн болон пуужингийн нэмэлт өдөөн хатгалга хийхээс татгалзах юм бол бид Хойд Солонгостой ямар ч нөхцөлгүйгээр яриа хэлэлцээнд орох болно гэдгийг тодорхой мэдэгдэж байна. Хойд Солонгосын зүгээс эерэг хариултыг шаардаж байна” хэмээжээ.
Түүнчлэн Мүн Жэ Ин Хойд Солонгостой харилцаагаа хэвийн болгохын тулд бүхий л хүчээ дайчлахаа амласан юм.

“Нарны илч”-ийн гол санаа
Мүн Жэ Ин сонгуулийн сурталчилгааныхаа үеэр БНАСАУ-д “нарны илч”-ийн тактикийг эргүүлэн авч ирнэ гэж амласан билээ. Энэхүү гол санааг гаргасан хүнээр Нобелийн энх тайвны шагналт, 1998-2003 онд БНСУ-ыг удирдаж байсан, тус улсын найм дахь Ерөнхийлөгч Ким Дэ Жүн бичигддэг.
“Нарны илч” нь Хойд, Өмнөд Солонгосыг эдийн засгийн үндсээр алгуурхан ойртож дотносох бодлого юм. Ингэхдээ улс төрийн асуудлыг огт хөндөхгүй гэж тусгажээ.
2000-аад оны эхээр Пхеньян өмнөдийн энэ санаачилгад тун сэжиглэнгүй ханддаг байсан юм. Гэвч Пхеньян, Сөүл аажим аажмаар харилцан хамтран ажиллаж эхэлсэн билээ. Ингээд 2000 онд Ким Дэ Жүн Пхеньянд айлчлал хийж, Хойд Солонгосын удирдлагуудтай хэлэлцээ хийсэн нь түүхэн үйл явдал болсон.
Хоёр улс хамтын хүчээрээ зэвсэггүй бүсээс хэдхэн километрийн зайд Кэсоны аж үйлдвэрийн парк байгуулсан юм. Тус парк 2004 онд нээгдсэнээс хойш Өмнөд Солонгосын 15 том компани үйлдвэрлэлийн салбараа нээж, жижиг, дунд үйлдвэрийн 100 гаруй байгууллага хөрөнгө оруулалт хийх сонирхолтой болжээ.

Тааварлахын аргагүй үйл явц
Тэгвэл өдгөө Сөүлийн санаачилгыг БНАСАУ-ын одоогийн удирдагч хүлээн авна гэж хэлэхэд хүнд. Хэдийгээр Пхеньян БНСУ-тай хамтын ажиллагаа явуулахыг эрмэлздэг гэж мэдэгддэг ч бүс нутаг дахь цэрэг, улс төрийн байдал энэ харилцааг үгүй болгож мэдэх юм.
Хойд Солонгос бол гадаад бодлогын хувьд тааварлахын аргагүй улс. Тэд өмнөдийнхний саналыг хүлээн зөвшөөрч магадгүй ч эцсийн мөчдөө цөмийн ээлжит туршилт зэрэг ямар нэгэн үйл явдлаас болж шийдвэрээ эргэн харж ч болзошгүй.
Харин Олимпод хамтдаа оролцохоор болбол энэ нь хэлэлцээрийн чухал алхмын нэг, магадгүй зургаан талт яриа хэлэлцээрийн эхлэл болж мэднэ. Үүний үр дүнд Кэсоны аж үйлдвэрийн бүс ч эргээд сэргэж болзошгүй. Ийм нэгдэл нь сүүлийн 10 жилд тохиогоогүй бэлгэ дэмбэрэлтэй мөч байх бөгөөд хойг даяар итгэл найдвар сэргэх юм.

Сэтгэгдэл (3)

  1. хойтууд цөмийн зэвсэгтэй болох нь зөв ч дээ.дэлхийг ану эзлэн түрэмгийлж дээрэм тонуул хийж байх ёстой юм уу.тэд өөрсдийгөө аргагүй хөмгаалалт хийх эрхтэй.

  2. SEKSDICAWALDIXANGI

  3. SEKSYNTI89151141

Сэтгэгдэл үлдээх