Featured Portrait

Фельетонч

Politik.mn 2,143 үзсэн2

Хоёр зуу гаруй жилийн тэртээ /1800 оны нэгдүгээр сараас/ Францын “Журналь де дебо” сонин нийтлэлийнхээ зай багтаамжийг томруулж, сонины нүүрийн доод хэсэгт /бидний ярьж хэвшсэнээр подвал/ фельетон хэлбэрийн бүтээлийг анх нийтэлжээ. Энэ нь яваандаа албаны хэвшиж тогтсон  нэгэн хэвийн уйтгартай бичлэгийн өнгө аясыг эвдэж өөрчилсөн “Фельетон”-ы бие даасан булан болон хувирч, фельетоны сонгодог зохиолчид төрж хурцлагдах үйл явцыг түргэтгэсэн байна. Бичлэгийн энэ төрлийг ийн эрчимтэй хөгжиж, олон сая уншигчдыг соронзон мэт татахад тухайн үеийн Францын аугаа хувьсгалт үйл явцын нийгэм-улс төрийн учир шалтгаанууд шууд нөлөөлжээ. Тиймээс  дахин сэргэлтийн үеийн нийгмийн сэтгэл зүйн уур амьсгал байнга өөрчлөгдөн  шинэчлэгдэж, Э.Сюгийн “Парисын нууц”, А.Дюмагийн “Шадар гурван цэрэг” зэрэг уншигчдыг хорхойсуулж алмайруулсан фельетон маягийн зохиол бүтээлүүд сонины дугаар дамжин цувралаар хэвлэгдэн гарах нь олширчээ. Сонирхол татам бичлэгийн энэ төрөл зүйл ертөнцийн нөгөө бөөрөнд ингэж л үүсч хөгжиж өнөө цаг үетэй золгосон  байна.

Харин Монголд Францын “Журналь де дебо” сонины нийтлэлийн чанарт гарсантай адил төстэй, магадгүй түүнээс ч давж мэдэх үзэгдэл бол 1980-аад оны дунд үеийн “Үнэн” сонины нийтлэлийн агуулгыг ил тод хурцалж, сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлийг илт баяжуулсан Л.Түдэвийн шинэчлэлийн бодлогын үр дүн байлаа. Түүний үр нөлөө одоо ч ач тусаа өгсөөр байна. Энэ нь тухайн үедээ монголчуудын сэтгэлгээний нэг хэв загварыг эвдэж, олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрсөн ерэн оны ардчилсан өөрчлөн байгуулалтын үйл явцыг түргэтгэсэн оюун санааны шинэчлэлийн эхлэл болсон билээ. Манай сэтгүүлчдийн бүтээл туурвилд  уран яруу дүрслэн өгүүлэхээс задлан шинжилж, нэгтгэн дүгнэсэн арга барил энэ үеэс зонхилох болж, толгойтой бүхэн шүүмжлэлт болон асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичиж ур чадвараа гайхуулах үзэгдэл моод мэт дэлгэрээд байсан цаг. Энэ үеэр “Үнэн” сонин, “Тоншуул” сэтгүүлийн хуудаснаа Г.Дамба, М.Гүрсэд, Н.Иштавхай, Б.Цэнддоо, Ц.Доржготов, Б.Ерентэй нарын зохиолч, сэтгүүлчид фельетоны хэв шинжийг агуулсан шог өгүүлэл, хошин өгүүллэг, егөөдөл, онигоо зэрэг хэлбэрээр бичиж туурвисан бүтээлүүд уншигчдын сонирхлыг гойд татаж эхэлсэн юм. Тэр цагаас хойш өнгөрсөн гуч гаруй жилийн турш сэтгүүл зүйн бичлэгийн энэ төрөл зүйлээр сэтгүүлч Б.Цэнддоо бусдаас ялгаран тодорч, фельетоны нэрт мастер болж өсчээ.

Түүний гучин жилийн турш туурвисан зохиол бүтээлд нь дүн шинжилгээ хийж үзэхэд, фельетоны төрөл зүйлээр дагнан туурвиж мэргэшсэн уран бүтээлч болох нь тодорхой харагдана. Тэрээр юуны түрүүнд уншигчдын тэр бүр гүйцэд ойлгодоггүй нийгэм-улс төрийн хүнд сэдвийг шог хошин зохиомжоор чөлөөтэй сэтгэж, уран сайхны аргаар баяжуулан энгийн ойлгомжтой хэлбэрээр өгүүлэхийг чухалчилж иржээ. Ер нь Б.Цэнддоогийн туурвисан бүтээлүүдтэй уншиж танилцсан мэргэжлийн судлаач, шүүмжлэгч хэнд боловч чөлөөт сэтгэлгээний олон хувилбарыг өөртөө агуулсан фельетоныг романы түвшинд хөгжүүлэхийг эрмэлзж ирсэнийг аяндаа ойлгоно. Ерээд оны Тунгалаг Тамир, Нянгар хаданд гарсан нь, Хаврын 17 зочин, Соёлын довтолгоо, Ерөнхий уучлал, Голын тэртээх гацааны хавар, Зугаатай танин мэдэхүй, Хөгжөөнтэй танин мэдэхүй зэрэг зохиол бүтээлийг нь уншихад яалт ч үгүй ингэж үнэлэхээс өөр дүгнэлт олдохгүй. Тэгээд ч  фельетоныг  сонгодог хэлбэрээр хөгжүүлсэн түүнээс өөр уран бүтээлч Монголд хараахан гарч ирээгүй байна. Сэтгүүлч Б.Цэнддоо монголын утга зохиолд эзлэх өөрийнхөө зиндааг нэгэнтээ тодорхойлж “би фельетоны оройд байгаа, гоё” гэж фельетонч маягаар илүү, дутуу үггүй шулуухан хэлсэн нь үнэнд нийцнэ. “Орчин үеийн нийтлэлийн төрлийг шинэ хэлбэр агуулгаар баяжуулж, оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан” хэмээн фельетонч Б.Цэнддоог төр тоож, 2010 оны Төрийн шагналыг хүртээжээ.

Баримтад тулгуурлаж тодорхой санаа дэвшүүлсэн уран шог нийтлэлийн энэхүү хэлбэр хоёр зуун жилийн тэртээ Францад анх үүсч хөгжсөн хэрнээ монгол хөрсөнд ийм амархан соёлж, авьяаслаг монгол фельетончийг төрүүллээ гэж үү? Үүнд ямар учир байна хэмээн асуух уншигч эхнээсээ гарч л байна. Үнэн хэрэгтээ монголчуудын хувьд фельетон нь Францад үүссэнээс аль эрт ёгт үлгэр, туйлс, ардын дуу, шог хошин яриа, элэглэл зэрэг хэлбэрээр ам дамжин хөгжсөөр сэтгүүл зүйн бичлэгийн өнөөгийн хэлбэрийг олсон юм гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Тэгэхлээр фельетоны уламжлалт сэтгэлгээний монгол хөрс хэзээний л байсан гэдэг нь тодорхой байна. Наанадаж ноёд, дарга нарыг шоолж ичээсэн дуу, шүлэг зохиогоод элэглэдэг сум, орон нутгийнхан одоо ч байж л байна. Цаандаж ард түмний дунд шог хошин зохиол, кино, жүжиг, тоглолт нь урлагийн бусад төрлөөс илүү эрэлт хэрэгцээтэй хэвээр байна. Товчхондоо бол, фельетон хөгжиж дэлгэрэх нийгмийн сэтгэл зүйн хэрэгцээ, шаардлага, сонирхол байсаар ирсэн, цаашид ч улам нэмэгдэх чиг хандлагатай байгаа нь нийгмийн болон зах зээлийн эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдож байна. Тийм болохоор ганц Б.Цэнддоо төдийгүй олон шинэ фельетонч цаашид төрж гарах нь санамсаргүй, тохиолдлын зүйл огт биш, харин ч нийгмийн зайлшгүй үзэгдэл болох нь ойлгогдоно.

Сэтгүүлч, зохиолч Б.Цэнддоогийн хувьд уран бүтээлийн талбарт өөрийгөө олж нээхэд  гурван учрал шууд нөлөөлсөн гэж судлаачийн хувьд би үздэг юм.

Нэгдүгээрт, 1985 онд дөнгөж сургууль төгсөж буй Б.Цэнддоог уран бүтээлийн замд хөтлөн оруулж, хувь заяаг нь өөрчилсөн хүний нэг бол тухайн үеийн “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэв юм. Завхан аймгаас МУИС-ийн сэтгүүлчийн ангид сурч байсан оюутан залуугийн бичгийн авьяасыг Л.Түдэв гуай таньж мэдээд “Үнэн” сонинд өөрийнхөө туслахаар авч, дэргэдээ ажиллуулсан явдал хэний ч танихгүй хөдөөгийн нэгэн залуугийн өмнө уран бүтээлийн том хаалгыг нээж өгсөн хэрэг байлаа. Хүний хорвоо түүнд авьяас билэг заяасан шигээ  өөрийнхөөрөө амьдрах бодь чанарыг бас заяажээ. Өөрийн бодол өөртөө зөв гэгчээр төгсөх ангийн оюутан Б.Цэнддоогийн бие даасан бодь чанар түүнийг дур зоргоороо нэгэн болгон харуулах тул ангийнхнаасаа жилийн дараа төгсөх тохиолыг сургуулийн захиргаанаас яаж ийгээд гаргуулжээ. Тэгээд л төгсөх ангийн оюутан Төв аймагт нэг жил ажиллахаар одсон байна. Харин Л.Түдэв эрхлэгчийн нүдэнд тэр залуу гөжүүд нэгэн биш, үзэг, цаас, авьяас гурав болж харагдсан байх. Тиймээс нам, засгийн төв хэвлэл “Үнэн” сонинд намын гишүүн бус залууг авч ажиллуулах Ерөнхий эрхлэгчийн шийдвэр гарсан юм.

Цаг хугацаа жирэлзэж, ажилд орсон жилийнх нь анхны өвөл цас малгайлан орсоор халтиргаа гулгаатай тэсгэм хүйтэн улирал тохиов. Эрхлэгч туслахдаа хотын гудамж талбайд хүмүүс хальтарч унах, бэртэж гэмтэх тохиолдол их гарч байна. Үүнээс иргэдийг сэрэмжлүүлэх сурвалжлага бичиж, маргаашийн дугаарт нийтлүүлэх даалгавар өгч байна. Б.Цэнддоо ч үсрэх нь холгүй гүйхээрээ гарч байгаа харагдана. Бичсэн сурвалжлагыг нь уншиж засч дуусаад “Маажигнаж гүйгээд өөрөө хальтарч уналгүй бичээд ирсэн нь бас нэг олз” гэсэн утгатай үг чулуудаж байсан санагдана. Энэ мэтээр янз бүрийн сэдвээр бичих даалгавар өгч, уяа сойлгыг тааруулсаар миний харьяалдаг Нам, улсын ажлын хэлтэст залуу сэтгүүлчийг шилжүүлсэнээр бид хоёр нэг хэлтэст ажиллаж эхэлсэн юм. Сонины тэргүүн өгүүлэл бичиж нийтлүүлэх ажилд манай хэлтэс нэлээд дарагддаг тул залуу гэлтгүй биднийг дайчлана. Миний ээлж ирж, ёс суртахууны сэдвээр тэргүүн өгүүлэл нийтлүүлэх үүрэг ногдож, түүнийгээ бичээд Л.Түдэв эрхлэгчид оруулж өгөв. Гэтэл эрхлэгч маань миний бичсэн тэргүүн өгүүлэл бүхий дөрвөн хуудсыг уншилгүй  цонхны салхивчийг онгойлгон түүн дээр дамнуулан өлгөчихөв. Тэгээд эргэж суудалдаа тухалсхийнгээ,

-Энэ хэдэн хуудас өгөр юманд шингэсэн тамхины утаа арилсаны дараа уншиж үзье гэх нь тэр. Миний дотор палхийгээд явчихлаа. Эрхлэгчийн өрөөнөөс гарч, амаа усаар зайлж салхи сөрөн жаал зогсож, тамхины утаанаас салахыг оролдов. Удалгүй эрхлэгч дуудлаа. Жимийгээд л яваад орлоо. Бичсэн өгүүллийг эрээн цоохор болтол засчээ.

-Эдгээр засварыг хийж, тулгаж шалгаад нийтлүүл гэхийг сонсоод тэр дороо гарч одов. Хоёр шанаа даган хөлс дусалж байна. Тэргүүн өгүүлэл бичсэн хэдэн хуудас цаасаа үнэрлэж үзлээ. Ямар ч үнэр үл ханхлана. Цаас үнэр шингээдэггүй ажээ. Харин эрхлэгч намайг тамхинаас гаргах гэж л ёжолсон хэрэг байлаа. Би энэ удаа тамхинаас гарч чадаагүй ч хожим тамхинаас бүрмөсөн татгалзсан билээ. Энэ явдлыг эргэцүүлэхэд туслахаар нь ажилласан Б.Цэнддоо надаас илүү ёжлуулж мэргэжлийн фельетонч болж төлөвшсөн болов уу хэмээн бодогдоно. Сэтгүүлч Б.Цэнддоо 1990-ээд оноос өмнө шүлэг бичдэг байсан бол түүнээс хойш  фельетон бичиж эхэлжээ.

Хоёрдугаарт, Б.Цэнддоог мэргэжлийн фельетонч болон өсч хөгжихөд түүний анхны хэлтсийн дарга шог зохиолч Г.Дамба болон “Тоншүүл” сэтгүүлийн уран бүтээлч Ц.Доржготов, Ц.Байды, Б.Ерэнтэй нарын зэрэг шогчид онцгой нөлөө үзүүлжээ. 1988 он санагдана. Би Булган аймгийн Сайхан суманд сар орчим амраад хамт ажилладаг хэдийнхээ гэдэс гүзээг цайлгах санаатай нэлээд хэмжээний айраг, цагаан идээтэй ирсэн юм. Хамгийн түрүүнд нэг хэлтсийн ажилтан Б.Цэнддоог дуудаж, айраг гүзээлж эхлэв. Айрагт халсан бид хоёр даврахаар шийдэж, Гадаад хэргийн яаманд ажилладаг, хятад хэлтэй Сүхбаатарыг лонх юм аваад ир хэмээн утасдлаа. Төд удалгүй Сүхээ маань нэг биш, гурван шил чанга юм ганзагалчихсан ороод ирэв. Эхний шилийг задаллаа. Б.Цэнддоо өөрийгөө шалганаа гэсээр босч ажил руу утас цохилоо. Хэлтсийн дарга шог зохиолч Г.Дамба утас авч байна.

-Байна уу, Цэнддоотой ярья.

-Цэнддоо гадуур ажилтай, одоогоор алга байна гэх Г.Дамба даргын дуу дуулдана.

Б.Цэнддоо ч дарга намайг гадуур ажилтай гэж байна. Хар нүдэн тогтооноо гурвуулаа гэсээр Сүхээд сөн түшихийг дохилоо. Бид гурав ч нэлээд халж, ажил тарах цаг дөхөж байлаа. Б.Цэнддоо дахиад л өөрийгөө шалгана хэмээн Г.Дамба дарга руу утасдлаа.

-Байна уу, Цэнддоотой ярья

-Чи хаанаас яриад байна, Цэнддоо минь

-Би Батмөнхийн гэрээс ярьж байна, даргаа

-За за, та хоёр одоо ажилдаа ирэх хэрэггүй, Маргааш ажлаас хожигдолгүй ирээрэй, за баяртай гээд утас дуу… дуу… хэмээн дуугарсаар салав. Ийнхүү Б.Цэнддоо өөрийгөө төдийгүй бас намайг ажлын цагаар архидсаныг илчлээд өөрийн мэдэлгүй нуг нуг инээж суусан нь тэр чигээрээ фельетон байлаа. Нэг иймэрхүү фельетон маягийн явдлууд “Тоншуул” сэтгүүлийн гал тогоонд олонтаа тохиож байсныг дурдах нь илүүц биз. Ямартай ч түүнийг монголын сэтгүүл зүй, уран зохиолын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, хошин шог нийтлэлүүдээрээ уншигчдын танил болж хэрсүүжихэд дээр дурдсан “Тоншуул” сэтгүүлийн болдоггүй хэдэн шог зохиолчид  өөр өөрийнхөөрөө нөлөөлсөн юмдаг.

Гуравдугаарт,мэргэжлийн фельетонч Б.Цэнддоог хошин шогийн нэрт мастер, зохиолчийн зиндаанд хүртэл нөлөөлсөн уран бүтээлч бол эдүгээ хамтран зүтгэж буй нэрт нийтлэлч Б.Баабар юм. Өнгөрсөн зууны наяад оны сүүлчээр “Бүү март. Мартвал сөнөнө”, мөн бас бус нийтлэлийг надад өгч, “чи уншиж үзээд санаа оноогоо хэлэх үү.” гэв. Тэр үед би нийгэм-улс төрийн нийтлэлийн асуудал хариуцсан утга зохиолын ажилтан байсан болоод тэр үү, Б.Цэнддоогийн уншихыг санал болгосон нийтлэлүүдийг нэлээд анхааралтай эргэцүүлж уншив. Монголын нийгэм, улс төрийн үзэгдэлд зоригтой хурц дүгнэлтүүд хийж, үнэлэлт дүгнэлт өгсөн, олон нийтийг цочроож хөдөлгөөнд оруулахад нөлөөлөхүйц, бичлэгийн хувьд эргэцүүлж бясалгасан, сэнхрүүлж үнэмшүүлэхүйц, урьд өмнө уншиж байгаагүй тийм шинэлэг бөгөөд дэндүү задгай, илүү чөлөөтэй арга барилаар бичсэн нийтлэлүүд байлаа. Харин би Баабар гэж хэн болохыг мэдэхгүй тул түүнээс асуулаа. Чиний сайн танил байгаа гэхээс өөрийг хэлсэнгүй. Уг нь манай дошны Бат-Эрдэнийн Батбаяр байсныг хэдхэн сарын дараа нийтлэл нь “Үнэн” сонинд гарч эхэлснээр мэдэх болсон юм. Манай байрныхан түүнийг “тайрдас” гэж хочлоно. Нуруу намхан ч бэлчээр томтой гэдгээ “Үнэн” сонинд нийтлүүлж эхэлсэн бүтээлүүдээрээ харуулж, бусдын нүдийг бүлтийлгэсэн. Түүний нийтлэлийн өнгө аяс “Үнэн” сонин, “Тоншуул” сэтгүүлийн бичлэгийн агуулга, хэлбэрт ч нөлөөлж эхэлсэнийг дурдахгүй өнгөрч боломгүй санагдана. Б.Баабар, Б.Цэнддоо нарын бүтээлийг харьцуулж үзэхэд Баабарын нөлөө Цэнддоогийн бүтээлд хошин өнгө аясаар тодрон амилах шиг харагдана. Харин фельетонч Б.Цэнддоо нийгмийн үзэгдэлд нийгэм-улс төрийн дүгнэлт өгсөн уран сайхны баримтат нийтлэл бичих болсон нь фельетоныг улс төрийн өнгө аясаар хөгжүүлэхэд чамгүй нөлөөлжээ. Ийнхүү манай үеийн сэтгүүл зүйн ихэр цамхаг мэт хоёр уран бүтээлчийн авьяас билэг, бичлэгийн ур чадвар нь дутуугаа нөхөх, илүүгээ хуваалцах маягаар харилцан биенээ нөхцөлдүүлж ирсэн байна. Нийгмийн амьдралын хурц асуудлыг хөндөж, улс төрийн үйл явдлыг сонирхолтой хэлбэрээр бичиж, уран бүтээлийн төрөл жанрыг баяжуулахад тэдний туурвисан бүтээлүүд сэтгүүл зүйн хөгжилд фельетоны шинэ давалгаа үүсгэжээ.

Судлаач, доктор Д.БАТМӨНХ   

Сэтгэгдэл (2)

  1. Фельетончийн тухай сайхан фельетон бичсэн судлаач ДБатмөнхөд баяр хүргэе. Уран бүтээлчийн шүүмж
    судлалыг дэмжиж, сэтгүүлч зохиолчдоороо бахархах үзлийг дэлгэрүүлж амьдарцгаая хүмүүсээ. Монголчууд бид бахархах юмтай хүмүүс шүү. Хүмүүс ээ, амьддаа бие биенээ үнэлж хайрлацгаая

  2. Их соен гэгээрүүлэгч ЛТүдэв гуай агуу зохиолч, холыг харсан халамжлан хүмүүжүүлэгч, үлгэрлэн дагуулж байж. Одоогийн дарга нар Түдэв гуайгаас дууриал аваасай Цэнддоо сайн сэтгүүлч шүү

Сэтгэгдэл үлдээх