Breaking

Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг дэмжлээ

О.Туяа 1,727 үзсэн0

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан танилцуулсаныг хэлэлцлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийнхээ хүрээнд, холбогдох хуулийн заалтыг үндэслэн гаргасан Монгол Улсаас зарим улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг эгүүлэн татах саналыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 84,6 хувь нь дэмжлээ. Дараа нь Монгол Улсаас

  • Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн,
  • Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидийн Баттөр,
  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат,
  • Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр,
  • Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр,
  • Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь

нарыг тус тус томилох саналыг Байнгын хороотой зөвшилцөхөөр хүргүүлснийг хэлэлцэж гишүүд байр сууриа илэрхийлсний дараа  хуралдаанд оролцсон гишүүдийн 76,9-84.6 хувь нь дэмжсэн байна.

Элчин сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн, А.Баттөр нар одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр, Д.Ганбат Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирлаар, Г.Тэнгэр Монголын зүүний хүчний холбоо төрийн бус байгууллагын орон тооны бус нарийн бичгийн даргаар, Ё.Отгонбаяр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар, Н.Чимгүүндарь Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх