Breaking

Европын Аюулгүй Байдал Хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар ирлээ

О.Туяа 355 үзсэн1

Ирэх сарын 26-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар Европын Аюулгүй Байдал Хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид манай улсад хүрэлцэн ирж Сонгууль ажиглах хязгаарлагдмал хүрээ бүхий түр хороог байгуулсанаа мэдэгдэж мэдээлэл хийлээ.

Тус хороог Монгол Улсын Засгийн газраас олгосон урилгын дагуу нээсэн бөгөөд БНХАУ, Вьетнам зэрэг улсад Элчин сайдаар ажиллаж байсан ноён Герт-Хинрич Арэнс удирдах юм байна. Олон улсын шинжээчдийн үндсэн баг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотод ажиллаж, урт хугацааны 20 ажиглагч хоёр, хоёроороо баг болон орон нутагт байрлан ажиллах ажээ.

Сонгууль ажиглах түр хорооны тэргүүн Гээрт-Хинрич Арэнс “Манай хороо өчигдөр албан ёсоор ажлаа эхлүүлж, Сонгуулийн Ерөнхий Хороотой эхний уулзалтаа хийсэн. Бид ажиглалт хийх явцдаа хорооны зүгээс холбогдох төрийн байгууллагууд, улс төрийн намууд, нэр дэвшигчдийн төлөөлөгчидтэй төдийгүй иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзах юм.

Манай түр хороо Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахдаа Европын Аюулгүй Байдал Хамтын ажиллагааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг амлалт, ардчилсан сонгуультай холбогдох бусад олон улсын стандарт, үндэсний хууль тогтоомж зэрэгтэй нийцэж байгаа эсэхэд үнэлэлт өгнө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг урт болон богино хугацаанд ажигласнаар гурван удаагийн тайлан гаргана. Сонгуулийн үеийн улс төрийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, сонгуультай холбоотой өргөдөл, гомдол, хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт зэрэг асуудлыг ажиглах бөгөөд энэ чиглэлийн шинжээчид төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон байгаа” гэлээ. 

Сонгууль ажиглах хязгаарлагдмал хүрээ бүхий түр хороо

  • Сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Сонгуулийн байгууллагын болон холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээллийн орчин
  • Сонгуультай холбоотой маргааныг шийдвэрлэж буй үйл явц зэргийг ажиглана
  • Хэвлэл мэдээллээр хийгдэж буй сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийнэ
Сонгуулийн өдөр тус хороо нь зөвхөн тодорхой тооны хэсгийн хороод дээр очиж ажиглалт хийх учраас санал өгөх, санал тоолох, дүнг нэгтгэх зэрэг үйл явцыг дэлгэрэнгүй ажиглахаар төлөвлөөгүй байна.

Харин сонгуулийн дараагийн өдөр хороо нь  Европын Аюулгүй Байдал Хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассемблейгээс томилсон ажиглагчдын төлөөлөгчидтэй хамтран хэвлэлийн бага хурал зарлаж, урьдчилсан үнэлэлт дүгнэлтээ танилцуулах юм. Сонгуулийг ажигласан талаарх эцсийн тайлан дүгнэлтийг сонгууль дууссанаас хойш ойролцоогоор хоёр сарын дараа олон нийтэд мэдээлэх аж.

Сэтгэгдэл (1)

  1. Thank you so much regarding giving everyone an update on this subject matter on your web site. Please realise that if a brand new post appears or when any alterations occur on the current post, I would consider reading more and knowing how to make good utilization of those tactics you share. Thanks for your efforts and consideration of other men and women by making this blog available.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх