Breaking

С.Жавхлан: С.Жавхлан гэдэг УИХ-ын гишүүн завсарлага авах ч эрхгүй, засагт нөлөөлөх ч эрхгүй ийм л хүн болчихоод байна

О.Туяа 620 үзсэн1

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гаргаж, албан бичгээр оффшор данстай холбоотой хэд хэдэн шаардлагуудыг УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, МАН, АН, МАХН-ын дарга нарт хүргүүлж, шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны дотор ирүүлэх, ирүүлэхгүй бол Байнгын хороодын хурал болон УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн байна. Түүний өгсөн  шаардлагын хариуг өнөөдрийг хүртэл өгөөгүй учраас тэрбээр ажил хаялт зарлаад байгаа аж.

С.Жавхлан “Миний өгсөн шаардлагыг энэ хүмүүс нохой хуцсан чинээ тоодоггүй юм байна. Гадаадад мөнгө хадгалсан хүмүүсийн мөнгө хүчтэй юм. Хүний олон нь цөөнөө барьдаг болчихжээ. Уг нь Монголд сайн сайхан цаг ирээсэй, үнэн зөв амьдрал бий болгох юмсан гэсэн зорилгоор би УИХ-д орж ирсэн. Би энд байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Худлаа зүйлийг өдөр болгон хэлэлцэж, түмэн олныхоо талд шийдвэр гаргадаггүй төр байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу.

Би өнөөдөр төр засагт өгсөн шаардлагынхаа хариуг нэхэж албан ёсоор ажил хаялт зарлаад байхад намайг хурал тасаллаа гэж байна. Гэтэл зарим нэг нь шалтгаангүйгээр хэчнээн цаг хурлаа тасалж байхад тоохгүй хэрнээ Жавхлан тэмцээд хурал хаяхаар тасаллаа болгоод сурталчилж байгаа нь шударга ёс мөн үү. Би энэ талаар залруулга хийх шаардлагыг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж байна” гэлээ.

Шаардлагад: “УИХ-ын гишүүн С.Жавхлан миний бие 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гаргаж, албан бичгээр тодорхой шаардлагуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, МАН, АН, МАХН-ын дарга нарт хүргүүлсэн болно. Уг шаардлагуудын хариуг иртэл миний бие УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, ажил хаялт зарлаж, тэмцэл өрнүүлж байгаа билээ. Гэтэл үүнийг буруу ташаагаар нийгэмд ойлгуулж, идэвхигүй мэтээр харуулж байгаад харамсаж байна.  Ийм энэ нөхцөл байдалд УИХ-ын дарга та залруулга хийж өгнө үү” гэжээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

-Танаар төрийг төлөөлүүлж буй иргэдийн зүгээс УИХ-ын чуулгандаа суухгүй байгаад чинь шүүмжлэлтэй хандаж байна. Энэ тэмцэл чинь хэдий хүртэл үргэлжлэх юм бэ?

-Энэ долоо хоног, дараа долоо хоног шаардлагынхаа хариуг харна даа.

-УИХ-ын чуулгандаа суугаад шаардлагаа хүргүүлж болохгүй юу?

-Ер нь бол С.Жавхлан гэдэг УИХ-ын гишүүн завсарлага авах ч эрхгүй, засагт нөлөөлөх ч эрхгүй ийм л хүн болчихоод байна. Энд түмэн олны төлөө гэсэн, цаг үеийн байдалтай холбогдсон, иргэдийн амьдралд нөлөөлөх хууль гарахгүй байна та минь ээ. Эрх баригчдын бузар булхайгаа хамгаалсан, хаацайлсан хуулиуд л гарч байна.

УИХ-д би ганцаараа байгаад нэмэр алга. Хашхирлаа, ориллоо, хаалгалаа, боолголоо, ялагдлаа, гунилаа, гутарлаа. Нэгэнтээ хүчин мөхөсдөөд байгаа ийм газар би орж суугаад яах юм бэ.

-Та ямар нэгэн хууль боловсруулах ажлын хэсэгт орсон уу. Хууль санаачилсан уу?

-Миний хувьд хоёр Байнгын хороонд харьяалагдаж ажилладаг. Хуудасны тал ч хүрэхгүй энэ шаардлагын хариу өгөхгүй байхад хэчнээн мянган сайхан хууль боловсруулаад нэмэргүй. Зөндөө олон хууль боловсруулах төлөвлөгөө, судалгаанууд явж байна.

Сэтгэгдэл (1)

  1. I simply want to mention I am just beginner to blogging and absolutely enjoyed your web page. Very likely I’m likely to bookmark your blog post . You really come with perfect posts. Cheers for sharing with us your web-site.

Сэтгэгдэл үлдээх