5:24

А.Цогцэцэг: Хүүхдээ хөхөөр хооллоогүй эхийг шийтгэнэ гэсэн нь ташаа мэдээлэл

Politik.mn 151 үзсэн0

1. Өнгөрсөн долоо хоногт батлагдсан Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр тайлбар хийлээ.

Тэрбээр “Эхийн сүүг орлуулдаг бүтээгдэхүүн дэлхийн өөр хаана ч байхгүй учраас бид нялх балчир хүүхдийн хоол хүнсийг дэмжиж ажиллах гэсэн юм. Өнөөдрийн байдлаар нийт хүүхдийн 47 хувь нь эхийн сүүгээр хооллож байна. Эхийн сүүн дотор хүүхдэд шим тэжээл өгдөг маш олон бодис витаминууд байдаг.  Хэрэв хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, 2 ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж байгаа хүүхдийн амь насыг аварч, олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой юм. Эхийн сүүнээс хангалттай цадахгүй байгаа хүүхдүүд нэмэлт тэжээл хэрэглэнэ.

Гэтэл хэвлэл мэдээллээр 0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр юу ч өгөхгүй ба хөхний сүүгээр хооллоогүй эхийг зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ, мөн эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор зөвхөн эмийн сангаар худалдаална гэсэн буруу ташаа мэдээлэл гарах боллоо.

Бидний санаачилсан хуульд эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого болон үйл ажиллагаа гэж орсон. Үүнийг дэмжин хэрэгжүүлэх эрүүл мэндийн ажилтнуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай” гэв.

Сүүн тэжээл нь хүнс бөгөөд “Хүнсний тухай” хуулиар худалдааны зөвшөөрөлтэй аль ч газар худалдаалагдах боломжтой юм байна. Хуульд 0-6 сартай хүүхдээ хөхүүлэх боломжгүй эхэд эмнэлгийн мэргэжилтэн сүүн тэжээлийг хэрхэн хэрэглэх зөвлөгөө, зааврыг өгөх үүрэг хүлээсэн ба эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг хэрхэн хооллохыг өөрсдөө шийдвэрлэх юм байна.

2. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын “Россети” компанийн ерөнхий захирал Бударгин Олег Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Россети” компани сэргээгдэх эрчим хүчний сүлжээ байгуулах төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Монгол, ОХУ-ыг холбосон 500 вольтын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шугам сүлжээтэй болох чиглэлээр хоёр талаас Ажлын хэсэг байгуулж  ажлыг нь эхлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд дэмжлээ.

Шугам сүлжээтэй болсноор манай улс тогтвортой эрчим хүчээр хангагдах боломж бүрдэнэ. Мөн энэ төслийг хэрэгжүүлснээр цаашид 220 вольтын хүчин чадал бүхий сүлжээгээр өргөтгөхийг талууд зорьж байна.

Шилэн кабелаар тавих эрчим хүчний энэ сүлжээний хүрээнд харилцаа холбоог хөгжүүлэх боломж бий болно. Европын улс орнууд нэгдсэн эрчим хүчний тогтолцоотой болохыг зорьж байгаа өнөө үед Монгол улс үүнд нэгдэж энэ зах зээл дээр тоглох боломжтойг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

НҮБ-аас Дэлхийн эрчим хүчний нэгдсэн системд сэргээгдэх эрчим хүчийг ашиглана гэж шийдвэрлэсэн. Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж байгаа өнөөгийн нөхцөлд манай хоёр улс нэгдмэл эрчим хүчний сүлжээ бий болгож Ази-Европыг холбох боломж байгаа гэдэгт талууд санал нэгдлээ.

122274

3. Кувейт Улсын Эль-Кувейт хотод 2017 оны 05 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд болох Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

Хуралдаанаар Кувейт Улстай явуулж байгаа харилцаа, хамтын ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, цаашдын төлөвөө тодорхойлон, хөрөнгө оруулалт татах, буцалтгүй тусламж авах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ярилцах юм.

Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Энэ тусламжийн гэрээг байгуулж, Кувейтийн сангаас олгож байгаа санхүүжилтийг 12 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх боломжийг хуралдааны үеэр эрэлхийлэх юм. Мөн Хэнтий аймгийн “Өндөрхаан нисэх онгоцны буудлын хөөрч буух шороон зурвасыг асфальтан хучилттай болгох төсөл”-ийг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахыг зорьж байна.

Түүнчлэн Кувейт Улсад хонь, ямаа болон үхрийн мах экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагын тухай Протокол, хоёр орны Стандарт, хэмжил зүйн газар хоорондын Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.

Кувейтийн сан нь Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт, Уньт-Тариалан чиглэлийн 415 км зам барихад 58 сая, Тайширын усан цахилгаан станцыг барихад 20 орчим сая, нийт 78 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож, 13 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.

Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахлах бөгөөд Кувейтийн холбогдох өндөр албан тушаалтнуудтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцох юм.

9fe7a06e229b63coriginal

4. Хууль зүй Дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” Сүхбаатарын талбайд боллоо. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр ХЗДХ-ийн Сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа агентлаг, байгууллага 50 орчим төрлийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь үзүүлжээ. Тухайлбал, Оюуны Өмч Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ”Нээлттэй өдөрлөг” -ийн хүрээнд Гадаад паспортын сунгалт, шинээр олголт, ТҮЦ машины лавлагаа, Оюуны өмч, Хуулийн этгээд, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл, архивын лавлагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч, материалаа бүрэн бүрдүүлж ирсэн иргэдэд газар дээр нь гэрчилгээ олгох зэрэг үйлчилгээ үзүүлсэн. Мөн голомт банкны пос машин ажиллаж байгаа аж.

_MPA6224

5. УИХ-ын даргад Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг  2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан.

Энэхүү зээл нь нэг жилийн 1,75 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 5 жил зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх үндсэн нөхцөлтэй юм байна.

Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллараас дээших дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллараас дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байх юм.

Сэтгэгдэл үлдээх