Breaking

О.Баасанхүү: С.Ганбаатарын хувьд намд өгөх мөнгийг хаанаас гаргаж байгаа нь тодорхойгүй байна

О.Туяа 841 үзсэн0

Өчигдөр болсон МАХН-ын бага чуулганаас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарын нэрийг дэвшүүлэх шийдвэрийг гаргасан. Харин энэ шийдвэрийг тус намыг парламентад төлөөлж буй ганц гишүүн болох О.Баасанхүү дэмжихгүй байна гэдгээ олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр О.Баасанхүү гишүүн энэ асуудлаар албан ёсны мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

Тэрбээр “Өчигдөр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн хүнтэй холбоотойгоор би олон нийтийн сүлжээнд лайв хийж, байр сууриа илэрхийлснээс үүдэн хүмүүс О.Баасанхүү намаасаа гарах гэж байна гэх яриа гарсан.

Тэгэхдээ тэр бичлэгийг эргүүлээд харах юм бол “Намайг намаасаа гарахад битгий хүргээсэй. Ийм байдалд хүргэж байна шүү” гэж анхааруулж хэлсэн байгаа. Миний намаасаа гарах, гарахгүй байхаас үл хамааран нэр дэвших эрх МАХН-д хадгалагдаж үлдэнэ.

Хамгийн гол нь би МАХН-аас сонгогдсон гишүүний хувьд өөрийн намыг зөв, шударга, үнэний талд байх ёстой гэдэг байр суурийг хатуу баримталж байгаа. Өглөө манай намаас нэр дэвшиж байгаа С.Ганбаатартай би ярьсан.

Би энэ намаас сонгогдсон гишүүний хувьд хоёр нэр дэвшигчийг хэлж байсан. Нэгдүгээрт, Гадаад хэргийн сайд байсан Ц.Эрдэнэчулуун. Хятадууд Монголчуудыг өөртөө уусгах бодлого баримталж байгаа гэсэн нийгмийн айдастай энэ үед бид геополитикоор мэргэшсэн, маш өндөр боловсролтой хүнийг тавих ёстой. Мөн нэр дэвшигч зөвхөн гадаад бодлогын талын бус бусад олон талын мэдлэгтэй байх ёстой.

Хоёрдугаарт, С.Нарангэрэл багшийг Монголын ард түмэн бүгд хайрлаж хүндэлдэг. Энэ хүн нэрээ дэвшүүлэх асуудал тавьж, өргөдлөө өгсөн. Ардчилсан оронд заалнаас ч нэр дэвшиж болно.

Н.Энхбаяр дарга надад хэлж байсан. Сонгуульд оролцох бол 10 тэрбумыг намд өгөх, мөн сонгуульд оролцох 3.5 тэрбумын баталгаа бичгээ өгөх ёстой гэдэг асуудал тавьсан. Мэдээж сонгуульд ороход мөнгө хэрэгтэй. Гэхдээ улаан цайм нам дээр мөнгө төгрөг авчирч өгнө гэдэг утгагүй. Энэ асуудлаас болоод хэд хэдэн хүн нэр дэвшихээс татгалзсан.

Харин С.Ганбаатарын хувьд намд өгөх мөнгийг хаанаас гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Энэ нь МАХН-ыг аль болох зөв шударга байлгах зарчимтай минь зөрчилдсөн. Тиймээс С.Ганбаатар нэр дэвшигчийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа.

Энэ хүн аль нэг намаасаа гарсан талаар батламжийг МАХН-ын бага чуулган дээр ч гаргаж ирээгүй. Гарсан, орсныг нь хэн ч мэдэхгүй. Уг нь тодорхойлсон, баталгаажуулсан бичиг баримт байх ёстой биз дээ.

Иймэрхүү зүйлүүдээс болоод МАХН сонгуульд орохгүй байх вий гэдэг дээр санаа зовж байгаа.

Хамгийн гол нь бид зарчмаа барих ёстой. Мөнгөгүй хүн нэр дэвшүүлж байгаа юм бол бид С.Нарангэрэл гуайг, Ц.Эрдэнэчулуун гуайг нэр дэвшүүлж болох байсан.  Харин мөнгөтэй хүн нэр дэвшүүлж байгаа юм бол тэр мөнгө нь хаана, хэнд байна, хаанаас гарсан гэх мэт ил тод байх ёстой.

Түүнчлэн хэвлэлээр, нийгмийн сүлжээгээр намайг Х.Баттулга, М.Энхболдоос мөнгө төгрөг авсан гэх гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарч байна. Үнэхээр өгсөн авсан юм байдаг, тэгээд баримтыг нь гаргаад ирэх юм бол тэр мөнгийг нь 10 дахин үржүүлээд, тухайн хүнд нь өгье. Дээрээс нь УИХ-ын гишүүнээсээ больё. Хууль хяналтын байгууллагад нь өөрийн биеэр очъё. Би үүнийг хариуцлагатай хэлье” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх