Chronicle

“Эрдэнэс Тавантолгой” ба С.Эрдэнийн тэмцэл

Ж.Бат-Ирээдүй 1,109 үзсэн10

-Энэ оны тавдугаар сараас эхлүүлсэн ажилчдын эсэргүүцэл Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ өөрийгөө шатааснаар өндөрлөж, хамтын гэрээ байгуулах асуудлаар хоёр талаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэллээ-

2015.05.05

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Гал Үндэстэн холбооныхон олон нийтэд хандлаа. Тус Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ “Өнөөдөр хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтэд хэн ч анхаарлаа хандуулахаа больсон. Хоногийн ялгаанаас цагт ногдох хөдөлмөрийн үнэлгээний зөрүүгээр хөдөлмөрийн мөлжлөг маш их ялгаатай байна. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” компани 14:14 хоногоор ажиллаж 1.5-1.9 сая төгрөгийн цалин авдаг. Харин Энержи ресурс 20:10 хоногоор ажиллаж 900-1.9 сая төгрөг, Оюутолгой 28:14 хоногоор ажиллаж 1.5-2.5 сая төгрөгөөр ялгавартай ажиллаж байна. Тиймээс манай компанийн удирдлага, ажилчид хамтраад Хөдөлмөрийн хуулийн шинэ стандартыг тогтоож, салбарын сайдад танилцуулсан. Хэрэв бидний хэрэгжүүлж эхэлсэн хоногийн бодлогыг хуульчилбал уул уурхайн үйлдвэрлэлийн ажлын байр, татвар төлөгчид нэмэгдэнэ. Ажилчдын хөдөлмөрийг үнэлж, оюуны том хөрөнгө оруулалт хийдэг Я.Батсуурь захирлыг гүтгэх ёсгүй” гэлээ.

2015.10.19

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 гаруй ажилтан төв байрандаа суулт зарлалаа. Ажилчдын мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүүн Цанхид олборлолт явуулж байсан Австралийн компани гэрээний хугацаа дууссантай холбоотой түр зогсолт хийж эхэлсэн байна. Тэдгээр ажилчдын хувьд Австралийн компанийн удирдлага дор ажилладаг байсан аж.

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК 2012 оноос Австралийн “МакМахон холдингс” компанитай олборлолтын гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэвч энэ онд “МакМахон холдингс” компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хийсэн гэрээгээ дуусгавар болгосноор түр зогсолт хийсэн байна.

Түр зогсолт хийх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 56.2-т “Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй” гэж заасны дагуу 200 ажилтныхаа цалингийн 60 хувийг олгох ёстой байсан ч “мөнгөгүй” гэх шалтгааны улмаас ганц ч төгрөг олгоогүйг ажилчид эсэргүүцэж байлаа.

2015.10.22

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг “Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 203 хүний ажлын байрны нөхцөлийг дордуулахгүй, цалинг нь бууруулахгүйгээр “TTJVCo” компанид шилжүүлэхээр болсон. Энэ шийдвэрийг өөрчлөхгүй. Ажилтнууд ойлгоно гэж найдаж байна” гэв.

Харин суулт зарласан ажилтнуудын зүгээс эсэргүүцлээ түр зогсоожээ. Тэдний мэдээлснээр компанийн удирдлагууд ажилтнуудтай ямар нэг байдлаар тохиролцоонд хүрээгүй. Тиймээс дараа дараачийн эсэргүүцлийн хэлбэрт удахгүй шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм.

2015.10.27

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 203 уурхайчныг Хятадын “TTJVCO” гэх компанид шилжүүлэх болсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлээс жагсаал зохион байгуулахаа мэдэгдэж мэдээлэл хийлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д ажилтнуудаа шилжүүлэхгүй байх шаардлагыг хүргүүлсэн ч хүлээн аваагүй тул УИХ-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргасан аж. Мөн тэд “Уурхайчид, үйлдвэрчний эвлэлд урьдчилан мэдэгдэж, тохиролцолгүйгээр ажилчдыг шилжүүлэх тушаал гаргасан бөгөөд биднийг эсэргүүцэх үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар уурхайчидтай тохиролцсон хэмээн худал мэдээлэл тараасан” гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэлэв.

Мөн тэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс гаргасан шийдвэр хууль зөрчсөн төдийгүй компанийн үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцсон гэж мэдэгдлээ.

Тиймээс “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлээс дээрх нэр бүхий төрийн түшээдийг шүүхэд өгч, хариуцлага тооцохыг бусад УИХ-ын гишүүдэд уриалж, аравдугаар сарын 28-нд 12.30 цагт нийтийг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулахаа мэдэгдлээ.

2015.11.09

Иргэн С.Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлсэн байна. Уг өргөдөлд “Компанийн удирдлагууд компанийн эдийн засгийн байдлыг сайжруулах нэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3, 40.5 дахь заалтуудыг ноцтой зөрчин 206 мэргэшсэн ажилтнаа халсан. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь ноцтой зөрчин, бусдад худалдсан хэмээн үзэж байна. Австралийн нэр бүхий компани, БНХАУ-ын харьяа компани болсныг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны итгэлцлийн гэрээг Монгол Улсын газар нутаг дээр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ болгон өөрчлөх эрхзүйн чадамжгүй, хүчингүй гэрээ хэмээн тооцож байна. Мөн уг гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа бөгөөд Засгийн газраас ажлын хэсэг байгуулан шалгуулах хүсэлтэй байна” гэжээ.

2015.11.13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид 12.00 цагаас “Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгуулав. Хэвлэлийн хурлын үеэр Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ ундааны савтай бензин бие дээрээ асган гал тавьж өөрийгөө шатаахыг завдлаа.

Тэрбээр “Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа” хэмээн хэлж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа илэрхийлсэн юм.

2015.11.13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудыг яаралтай цуглуулан, үүрэг даалгавар өгсөн байна. Үүний дагуу Уул уурхайн сайд Р.Жигжид албан тушаалтантай хариуцлага тооцох шийдвэр гаргаснаа сэтгүүлчдэд танилцууллаа.

Тэрээр юуны өмнө харамсал илэрхийлээд өөрийгөө шатаах оролдлого хийсэн С.Эрдэнийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр гүйцэтгэгч, Шадар сайд Ц.Оюунбаатараас хүсч, эмчилгээ, сувилгаанд шаардлагатай зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гаргуулах хэрэгтэйг сануулсан байна.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлж, шинэ удирдлага томилогдтол “Эрдэнэс Монгол” ХК-ийн Хууль эрх зүйн асуудал хариуцсан захирал Т.Билгээг орлон гүйцэтгэгчээр томилсноо мэдээллээ.

2015.11.13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтан, Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Тодруулбал, түүнийг санаатайгаар амиа хорлох гэж оролдсон, ил гал гаргахыг хориглосон газар гал гаргасан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан шалгаж эхэлсэн байна.

2015.11.14

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагууд “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон ажилчдын төлөөллийг хүлээн авч уулзан үүсээд буй асуудлын талаар санал солилцож, зарим асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээ илэрхийлэв. Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн төлөөлөл нь “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж, холбогдох бүхий л тусламж дэмжлэгийг компанийн зүгээс үзүүлэх, компани болон Үйлдвэрчний эвлэл хоорондын хамтын гэрээг яаралтай байгуулах, TTJVCO-той байгуулсан гэрээтэй холбоотой зарим заалтыг эргэн харах зэрэг саналыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д тавьсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16.00 цагаас ажил хаясан 21 ажилтан 2015 оны 11 дүгээр сарын 14-ний 15.30 цагт ажил хаялтаа зогсоож, уурхай хэвийн үйл ажиллагаанд шилжив.

2015.11.15

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж байгаа бөгөөд шаардлагатай эм тариа, эмчийн заавраар хангаж байна гэв. Мөн хамтын гэрээ байгуулах асуудалд хоёр талаас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд асуудлыг эцэслэн шийдвэрлэх болно гэж мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх