5:24

“60 тэрбум”-ын гэж нэрлээд буй асуудлаар тодорхой мэдээлэл өгөхийг Төрийн Албаны Зөвлөлд даалгалаа

Politik.mn 669 үзсэн0

1. УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр /2017.05.15/  ээлжит хурлаа хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын  гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийн талаар хэлэлцлээ.

Тус  хуулиудын төсөлтэй холбоотойгоор  Бүлгийн гишүүдэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон ажлын хэсгийн гишүүд  мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын  гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хуультай зөрчилдөж буй заалтууд нэлээд байгаа төдийгүй Төрийн албаны зөвлөлийн хараат бус байдалд нөлөөлөх Засгийн Газраас төрийн албаны томилгоо, сонгон шалгаруулалтад дам болон шууд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэхээр зүйл заалтууд олон байгааг эргэн харж, Мэргэжлийн байгууллага хүмүүсийн саналыг тусган өөрчлөн найруулах, Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэж үзлээ.

Мөн хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн 46.2 дахь хэсэгт заасан  Монгол Улсын Төрийн жинхэнэ албан хаагч гэсэн агуулга томъёоллыг  орхигдуулсан, журам дүрмээр зохицуулах боломжтой олон зүйлийг хэт хавтгайруулан тусгасан, Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын мэдэлд /ЗГХЭГ/  шилжүүлэн төвлөрүүлэхээр заасан байгаа нь Төрийн албаны зөвлөл,  төрийн алба хаагчийн хараат бус тогтвортой ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж дүгнэжээ.

Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ лхагва гараг буюу 2017.05.17-ны өдөр Төрийн Албаны зөвлөл болон бусад мэргэжлийн байгууллага, холбоодын оролцоотойгоор тус хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар болов.

Төрийн Албаны Зөвлөл Сүхбаатар аймгийн хууль зөрчсөн асуудалтай холбоотойгоор шаардлага хүргүүлсэн. Бүлгийн хурлын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогоос бүлгийн гишүүд одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, Сүхбаатар аймагт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар Төрийн албаны зөвлөлийн зүгээс авч буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн хэлж буйгаар “Сүхбаатар аймагт үнэхээр хууль зөрчсөн зүйл болсон. Төрийн албаны зөвлөлөөс байр сууриа албан тоотоор хатуу илэрхийлсэн байгаа. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар ИТХ-ын гишүүн буюу улстөрийн албан тушаал хашиж байгаа хүн төрийн Захиргааны алба давхар хаших хууль эрх зүйн ямар ч боломж байхгүй. Тиймээс Сүхбаатар аймагт хууль бусаар төрийн албанд ажиллаж байгаа гурван хүнийг ИТХ-даа, эсвэл төрийн захиргааны ажлыг нь хийлгэ” гэсэн шаардлага хүргүүлсэн. Харин аймгийн Засаг даргаас нь Төрийн албаны зөвлөлд хариу бичиг ирүүлсэн. Хариу бичигт “УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүний санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор тун удахгүй Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орох гэж байна. Тиймээс тэр болтол энэ байдлаараа ажиллаж байх болно” гэсэн  батлагдаагүй байгаа хуулийн төсөлтэй холбон, одоо мөрдөгдөж буй хуульд нийцээгүй албан тоот ирүүлсэн байгаа  гэсэн хариултыг өглөө.

Түүнчлэн  сүүлийн үед төрийн албанаас 22,365 хүн халагдсан. Үүнээс 3,000 гаруй хүн тэтгэвэрт гарсан тухай Төрийн Албаны Зөвлөлийн дарга мөн энэ үеэр мэдээлэл өгсөн. Тиймээс одоо УИХ-аар хэлэлцэж буй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр төрийн албаны тогтвортой байдлыг анхаарч үзэх хэрэгтэй байгаа талаар мөн ярилцлаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс төрийн албыг арилжааны хэрэгсэл болгож буй талаар ярилцсан “60 тэрбум”-ын гэж нэрлээд буй асуудлаар тодорхой мэдээлэл өгөхийг Төрийн Албаны Зөвлөлд даалгалаа.

Бүлгийн хуралдааны эцэст Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа эдгээр ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар болов.

2. “Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мьянмарын холбооны бүгд найрамдах улсын төрийн зөвлөх Аунг Сан Сү Чийд бараалхлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хатагтай Аунг Сан Сү Чийд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлаад хоёр улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд иргэд хоорондоо харилцан зорчих, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухлыг онцлов.

Бидний хувьд Монгол Улсаас суралцах зүйл их байна, хамгийн эхний ээлжид нийгмийн шилжилтийг тайван замаар хийж, улс төрийн ардчилал тогтоож, эдийн засгийн шинэчлэлээ хэрхэн хийсэн Монголын туршлагаас суралцах хүсэлтэй байна гэдгээ Аунг Сан Сү Чий илэрхийллээ.

Монгол Улс нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний хувьд Мьянмарын холбооны бүгд найрамдах улсын хойд нутгуудад хүний эрх эрх чөлөөг ноцтой зөрчсөн үйлдэлд НҮБ-аас эерэг дүгнэлт гаргахад туслахыг хүслээ.

207249-15052017-1494814102-1578192101-ae99121e848f28034e28c03274decd46

3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд хамтран үйл ажиллагаагаа ард түмэндээ сурталчлах, танилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбай дээр өнөөдөр зохион байгуулж байна.

Үндэсний Хөгжлийн газраас дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтод хүргэхийн тулд явуулж буй дунд хугацааны хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаагаа иргэдэд тайлагнажээ.

Түүнчлэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас иргэдэд худалдан авах ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, цахим тендер шалгаруулалтын шинэ системийн талаар мэргэжлийн баг зөвлөгөө өгч, цахим тендерт оролцогчийн нууцлалын код олгосон байна.

MPA PHOTO 2017 -6474

4. Өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр”. Энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газар, Гэрлэх ёслолын ордноос хамтран “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл бүхий найман хос гэрлэлтээ албан ёсоор батлуулж, хуримын ёслолоо дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүлжээ. Гэр бүлийн бат бэх харилцаа, хамтын амьдралын нандин холбоог дээдлэн таниулах зорилготой “Дурсамж” өдөрлөгийн хүрээнд арав гаруй жил ханилж, аз жаргалаа бататгаж яваа 8 хосын хуримын ёслолын үйлчилгээний төлбөрийг Гэрлэх ёслолын ордны зүгээс 70 хувиар бууруулсан байна.

_MPA5314

5. 57 дахь жилдээ нээгдээд буй Венецийн Биенналь дүрслэх урлагийн үзэсгэлэнд 86 орны 1000 гаруй уран бүтээлч оролцсон байна. Харин  манай улсаас төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж, МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайван, залуу уран бүтээлч Ж.Болортүвшин, Г.Мөнхболор, Ц.Даваажаргал нар оролцон “Диваажингаас үлдэгсэд” нэртэй үзэсгэлэнгээ дэлгэжээ.

122044

Сэтгэгдэл үлдээх