Hot Topic + Experts

Эрх баригчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс уучлал гуйх ёстой!

Н.Эрдэнэ 3,598 үзсэн2

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн асуудал сүүлийн үед манай нийгэмд дуулиан дагуулж байгаа. Төр засгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлыг анхаарлын гадуур үлдээхгүй байх хэрэгтэй ч манай эрх баригчид сүүлийн үед харин ч эсрэгээр нь тэднийхээ эрхийг уландаа гишгэж, илт ялгаварлан гадуурхсан бодлого явуулж байгаа нь эмзэглүүштэй. Туршлагатай парламентчид, хуульчдын эсэргүүцэлд өртсөн ч эцсийн хэлэлцүүлэгт шилжчихээд байгаа Зөрчлийн тухай хуулийн төсөлд л гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд жагсаал, цуглаан хийж, ямар нэг хэлбэрээр төр засагт эсэргүүцлээ илэрхийлвэл эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож, Эрүүгийн хуулиар шийтгэгдэх аж.

Гэтэл 2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхах” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах, тохирох хэрэглэгдэхүүнээр хангагдах боломжийг үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж зааснаар бол дээр дурдагдсан Зөрчлийн хуулийн төсөл нь хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхсан үйлдэл, өмнөх хуулиа үгүйсгэн зөрчилдсөн алдаатай бодлогын гэрч болжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол азгүй хувь тохиолоор эрхтэн дутуу боловч бидний л нэг адил ухаан санаа саруул, уйлж, инээж, өлсөж, даардаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бүгд л насанд хүрмэгц Монгол Улсын иргэний үнэмлэхээ төрөөсөө авна.

Гэтэл тэднийг эрүүл саруул биш, бүгд л оюун ухааны согог, хомсдолтой бие даан шийдвэр гаргах, үзэл бодлоо илэрхийлэх чадамжгүй, эрхгүй хүмүүс гэж төрийн эрх баригчид үзэж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй хэрэг бөгөөд төрийн хүний ёсзүйг уландаа гишгэсэн явдал юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх нь зөрчигдвөл нийгэмд дуу хоолойгоо хүргэх нь эрүүгийн гэмт хэрэг гэж хуулиндаа зааж оруулж өгөх улс Монголоос өөр хэд байгааг Их хурлын гишүүдээс асуух хэрэгтэй.

Бас нэг жишээ дурдахад давхар дээлтэй гишүүн Н.Номтойбаяр байгалийн баялгаар хөлжсөн “МАК” компанийн “Нялх Сэнгүм” бус Монгол төрийн сайд хүн гэдгээ ялгаж, салгадаггүй бололтой. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр салбарынхаа харьяаллаар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар энэ нийгэмд хамгийн тод дуугарч байх ёстой хүн атал эсрэгээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ялгаварлан гадуурхсан гэж хэлж болох үгсийг чуулганы танхимд хэлжээ.

Н.Номтойбаяр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ухаан санаа саруул бус, ер нь жирийн хүүхдүүдээс өөр гэж үздэг байж болно. Гэвч тэрээр Нийгмийн хамгааллын сайдын хувиар ийм үгс олон нийтийн өмнө унагаж хэрхэвч болохгүй. Тэрээр сайдын хувиар нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс уучлал гуйгаад зогсохгүй, улстөрчийн, төрийн албан хаагчийн ёсзүй өчүүхэн төдий байгаа бол албан тушаалаасаа огцрох ёстой юм.

Чимхийн төдий ёсзүй байхгүй аваас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар болон УИХ-ын Ёсзүйн дэд хороо түүний энэ байдлыг авч хэлэлцэн хариуцлага тооцох нь хэрэг дээрээ олон нийтийн өмнө навс уначихсан Засгийн газар, парламентын нэр хүндийг бага ч атугай өргөх боломж гарна.

Ямар ч улс орны улстөрчид, сайд дарга нар, ялангуяа нийгмийн хамгааллын салбар хариуцсан сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ тун болгоомжтой ханддаг гэдгийг Н.Номтойбаярт дахин сануулъя.

Саяхан Соёл шинжлэх ухаан, спортын сайд хүртэл нийгэмд дуулиан дэгдээгээд байгаа тусгай сургуулийн хүүхдүүдийн асуудал надад падгүй гэж хэвлэлээр ичих ч үгүй зарлаж байсныг ч энд давхар сануулж, эрх баригчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудалд хэтэрхий хөнгөн гоомой хандаж, ил ялгаварлан гадуурхаж байгааг тэдгээр иргэдийн эрхийг хамгаалах холбоод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхааралдаа авах биз ээ.

Сэтгэгдэл (2)

  1. Rattling informative and excellent structure of content, now that’s user friendly (:.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

  2. I just want to say I’m all new to weblog and honestly savored you’re web page. Most likely I’m going to bookmark your website . You absolutely come with terrific stories. Thanks a lot for sharing with us your webpage.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master