5:24

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэх тушаал гаргалаа

Politik.mn 1,291 үзсэн9

1.БСШУС-ын сайдын “Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/195, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/196 тоот тушаал гарлаа.

Тушаалд тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн талаар ямар ажил хийж, хэрэгжүүлэх талаар тодорхой зааж, холбогдох хүмүүст үүрэг болгожээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх, 29 дүгээр тусгай  сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, 6 дугаар сард багтааж шийдвэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авах боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхой асуудлыг тусгасан байна.

Улмаар энэхүү тушаалын хэрэгжилтийн явцын эхний тайланг 2017 оны 7 дугаар сарын 05-ны дотор, цаашид улирал тутам танилцуулахыг БСШУС-ын сайд холбогдох газар, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.

2. “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл” сэдэвт  үндэсний  хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан болон яамны газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, Монголын ахмадын холбоо, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий  газрын дарга, удирдлагууд, хот, орон нутгийн хэлтсийн дарга, нягтлан бодогч, судлаач, багш нарын төлөөлөл 160 гаруй хүн оролцлоо.

Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагын төлөөлөгч, төслийн ажилтнууд оролцжээ.

121872

3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Их Монгол” мянгат малчдын холбоо, ХХААХҮЯ-тай  хамтран  5 дугаар сарын 13-нд “Мянгат малчдын нэгдсэн чуулга уулзалт Улаанбаатар -2017” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа  талаар ташаа мэдээлэл олон нийтэд хүрсэн байна. Мөн энэхүү арга хэмжээнд  оролцож байгаа нэг малчнаас 260-280 мянган төгрөгийн төлбөр авч байгаа талаар  ХХААХҮЯ-нд аймгуудын ХХААГ-аас мэдээлэл ирсэн. Энэ талаар МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл “Ямар нэгэн арга хэмжээ уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах нь тухайн байгууллагын эрх боловч хамтран зохион байгуулж буй  байгууллагад нь мэдэгдэлгүй нэр болон лого ашиглах нь хууль бус үйлдэл юм. Мөн эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед малчдаас төлбөр хураан авах нь буруу” гэдгийг онцлон хэлэв.

Харин ХХААХҮЯ-наас энэ сарын 26, 27-нд “Малчдын улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулахаар ажиллаж байна. Уулзалт зөвлөгөөн Төрийн ордонд зохион байгуулагдах бөгөөд сум бүрээс хоёр малчин оролцох юм. Тус зөвлөгөөнөөр өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлтийн явц, төл бойжилт, 2017 оны хадлан тэжээл бэлтгэл, төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Мал, амьтны эрүүл мэнд тухай  болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар малчдын санал бодлыг сонсож, санал солилцох юм.

IMG_21281_1000

4. Олон улсын сувилагчийн өдрийг манай улс “Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна.

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Сувилагчийн алдар” нийслэлийн зөвлөгөөн Соёлын төв өргөөнд боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сувилагч, тусгай мэргэжилтнийг урамшуулах, дэмжлэг үзүүлэх зорилготой зохион байгуулсан “Шилдэг сувилахуйн тусламж, үйлчилгээтэй байгууллага шалгаруулах” болзолт уралдаанд шалгарсан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, тусгай мэргэжлийн төв, өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд шагналыг нь гардуулан өглөө.

_MG_3867

5. 21 дэх удаагийн “Ulaanbaatar book fair” олон улсын номын баяр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Энэ жилийн номын баярын арга хэмжээг “Номын соёлт ертөнц” ТББ болон “Эмпати ертөнц” ХХК-аас зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс олон улсын номын баяр хэмээн нэрлэгдэх болсон юм. Хаврын номын баярын арга хэмжээнд номын худалдаачид, дэлгүүр, хэвлэлийн газар оролцож, 20-70 хувь хүртэл хямдралтай үнээр номоо худалдаалж байнаМөн 18 улсын хүүхэд, залуус Улаанбаатар чуулга, Монгол кино нэгтгэлээс урлагийн тоглолтоо сонирхууллаа.

_MPA4342

Сэтгэгдэл үлдээх