Breaking

“Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд ямар нэгэн саад, хүндрэл, асуудалгүй”

С.Цэнгэл 1,398 үзсэн0

МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон хуульч Ц.Монгол нар Н.Энхбаяртай холбоотой хэвлэлийн бага хурал хийлээ. Өчигдөр СЕХ-нд парламентад суудалтай намуудын нэр дэвшигчдийн материалыг хүлээлгэн өгсөн билээ. Энэ сарын 14-ний дотор СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх эсэх тухайгаа зарлах ёстой. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон Н.Энхбаярыг бүртгэх эсэхэд намынх нь гишүүд эргэлзээтэй байна уу гэлтэй, бүгд нэг нэг цаас барьж суугаад намын даргынхаа нэр дэвших асуудалд хууль эрхзүйн асуудал байхгүй болохыг нотлоцгоов.

2017 оны тавдугаар сарын 12. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр талаар МАХН-аас мэдээлэл хийлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Тэд “Н.Энхбаяр дарга ирж оролцоно гэж байсан ч БНСУ-ын Элчин сайдтай уулзах шаардлага тулгарч ирж чадсангүй. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хууль эрх зүйн ямар нэгэн саад, хүндрэлгүй болсон гэдгийг мэдэгдэж байна. Даргыг улс төрийн шинж чанартай хилс хэрэгт холбогдуулж 2012 онд шүүхээс таслан шийдвэрлэх тогтоол гаргаж, шийтгэл оногдуулсан. Н.Энхбаярт оногдуулсан үндсэн нэмэлт ялыг 2009 оны 9 дүгээр сард батлагдсан Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон. Тиймээс ялтай байдал байхгүй.  Энэ асуудлаар зарим ойлголцлын зөрүү явж ирсэн. 2016 онд Цагдаагийн байгууллагаас ялтай гэсэн тодорхойлолт гаргаж, сонгуульд оролцуулаагүй.  Цагдаагийн байгууллагын тодорхойлолт хууль зүйн үндэслэлгүй болсон. СЕХ бүртгэх эсэх тухай асуудлаа 2-3 хоногийн дараа гаргах гэж байна.  Энэ үеэр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар буруу ташаа мэдээлэл гарч байгаа нь сонгуулийн өрсөлдөөн луйвраар явагдахын дохио юм болов уу гэж бид дүгнэж байна. Н.Энхбаярыг нэр дэвшихэд саад хийх гэсэн үйл ажиллагаа их гарч байна. МУ-ын Ерөнхийлөгчийн тухай хуульд сүүлийн 5 жил эх орондоо байсан байх ёстой гэсэн байдаг. Бидний бүрдүүлж өгсөн материалаар Н.Энхбаяр нэр дэвшихэд бүрэн тэнцэнэ. Н.Энхбаярыг Монгол Улсад байнга оршин суусныг батлах материал бий. Тэр энд амьдарч байсан, цалин хангамжаа авч байсан, оршин сууж байсан хорооны тодорхойлолт зэргийг өгсөн. Н.Энхбаяр дипломат пасспортоор гадаадад зорчиж эмчилгээ хийлгэж байсныг энд дурдах ёстой. ЦЕГ-аас лавлагаа гаргаж өгөхдөө ялтай гэсэн утгатай байсан нь илтэд хууль зөрчсөн, хууль бус үйлдэл.  Монгол Улсын Дээд шүүх, ХЗЯ-наас эрх зүйн баримт бичгийг нь гаргачихсан байхад цагдаагийн нэг ажилтан тийм үйлдэл гаргасан нь хууль бус” хэмээн сэтгүүлчдэд ярилаа.

2017 оны тавдугаар сарын 12. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр талаар МАХН-аас мэдээлэл хийлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Сэтгэгдэл үлдээх