5:24

О.Баасанхүү: Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюултай хууль батлагдлаа

Politik.mn 421 үзсэн0

1. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Уг хуулийг баталж буйг УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр УИХ-аар хэлэлцэж баталсан Эрүүгийн хуулийн 19.1 дэх заалтад Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдалд зэвсэгт халдлага мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл, эсвэл бүх насаар нь хорино гэж заасан нь зөвхөн дайны үед эх орноосоо урваснаас бусад тохиолдолд хамаарахгүй болж байгаа нь эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байгаа маш ноцтой зүйл юм.

Түүнчлэн Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон хамтран ажилласан гадаадын иргэн байгууллагад шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаатай мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жилээр ял шийтгүүлнэ гэх заалт шинээр батлагдлаа. Тэгэхээр Монгол Улсын төрийн нууцыг задруулсан бол наймхан жилийн ял авах юм байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюултай энэхүү хуулийг ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байна. Тиймээс өнөөдөр Тагнуулийн Ерөнхий газрын даргатай уулзаж энэ талаар анхаарахыг сануулсан бөгөөд үе, үеийн Тагнуулын дарга нар анхаарлаа хандуулж уг хуулийг хэрэгжихээс өмнө  өөрчлөлт оруулах ёстой.

Өнөөдөр нэг хувийн сургууль төгссөн Х.Нямбаатар гээд хүүхэд хуулийн төслийг ахалсан нэртэй ажиллаж, янз бүрийн юм оруулж ирсэн нь ийм ноцтой байдалд хүргэлээ. Хуульд нэг үг, нэг таслал бүхэлдээ нэг утга агуулдаг. Биднийг Ерөнхийлөгчийн сонгууль гээд хэрүүл хийж байх хооронд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал алдагдаж байна.  Үүнийг эсэргүүцсэн хүнийг хэн ч биш болгодог, ганцаардуулах технологи руу оруулж ирж байна” гэдгээ илэрхийллээ.

2. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд бүхэлд нь батлах санал хураалт явуулж гишүүдийн 76,3 хувийн саналаар хуулийн төслийг баталлаа. Хууль ирэх долдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлнэ.

20160701094919-1443837365560f35b5699ca

3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг Австрийн Ерөнхийлөгч Александер Ван Дэр Беллэнд өчигдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч Александер Ван Дэр Беллэн Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Монгол, Австрийн улс төрийн харилцаа идэвхтэй хөгжиж байгаад хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хоёр талын харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын чиглэлээр баяжуулан бэхжүүлэхийг зорьж буйгаа Элчин сайд Г.Баттунгалаг илэрхийлж, Австрийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов.

Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх өргөн боломж, бололцоо бий гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Александер Ван Дэр Беллэн илэрхийлэв.

Хувийн хэвшил, бизнес эрхлэгчид хооронд шууд түншлэлийг тогтоох нь эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд чухал болохыг талууд онцолж, энэ чиглэлээр арга хэмжээ зохион байгуулахаар болов.

b59c7f_battungalag_x974

4. Монголын Татварын алба жилийн бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 18 дахь удаа зохион байгуулж байгаа  бөгөөд “Эх орныхоо хөгжлийг бүтээгч эрхэм татвар төлөгч танд баярлалаа” уриатайгаар тэмдэглэж байна.

ТЕГ-ын даргын 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн А/84 дугаар тушаалаар батлагдсан “Шилдэг татвар төлөгчийг шалгаруулах, татвар төлөгчийг шагнаж урамшуулах журам” –ын 2.2-т заасны дагуу 31 татварын албанаас 99 татвар төлөгчийг 2016 оны шилдэг татвар төлөгчөөр шалгаруулан Монголын татварын албаны дээд шагнал цом, батламж гардуулах ёслол, хүндэтгэлийн ажиллагаа Шангри-Ла зочид буудлын Их танхимд зохион байгуулагдлаа.

MPA PHOTO 2017 -4006

5. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г 2012 оноос эхлэн 5 дахь жилдээ гаргаж байгаа. Тус төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын 2016 оны тайланг гаргасныг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Энэхүү тайлангаас аймаг бүрийн давуу болон сул тал байгааг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, болон дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 180 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулан хардаг байна. Мөн тайлангаас өмнөх жилтэй харьцуулахад хамгийн их өссөн болон буурсан 20 үзүүлэлтийг гаргадаг аж.

Сүүлийн 5 жил Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгуудын өрсөлдөх чадварын оноо харьцангуй өндөр байгаа бөгөөд өөрсдийн эрэмбээ хадгалсаар байгаа аж. Энэ жилийн тайланд ч мөн Орхон аймаг тэргүүлсээр байгаа бол удаах эрэмбэд Өмнөговь, Дархан-Уул аймгууд орсон байна. Харин сүүлийн байруудад Архангай, Дундговь, Говь-Алтай аймгууд эрэмблэгджээ.

Энэ жил Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий зэрэг аймгууд өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр ахиулсан бол Архангай, Говь-Алтай, Завхан аймгууд хамгийн их бууралттай нь байв.

Сэтгэгдэл үлдээх