5:24

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхтэйгээ жагслаа

Politik.mn 232 үзсэн0

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүд хуучин аравдугаар цэцэрлэгийн нурсан барилгын өмнө эсэргүүцлийн жагсаал хийлээ.

10 дугаар цэцэрлэг нь 100 хувь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авдаг улсдаа ганц цэцэрлэг. Анх 1964 онд ашиглалтанд орсон бөгөөд 2013 онд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын ахлах байцаагчийн дүгнэлтээр шаардлага хангахгүй тухай албан ёсны акт тавигдаж, тухайн барилгад үйл ажиллагаа явуулахыг хориглосон тул хуучин барилгыг нурааж суурин дээр нь шинээр цогцолбор барихаар шийдвэрлэсэн ч өнөөдрийг хүртэл барилгын ажил эхлээгүй байгаа аж.

Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд байдаг 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгийн насны хүүхдүүдээс дөнгөж 120 хүүхэд л “Өнөр бүл” төвийн дэргэдэх 58-р цэцэрлэгт толгой хорогдож байгаа юм байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд “Хүүхдүүд маань 58 дугаар цэцэрлэгийн нэг ангид байдаг. Тэнд багтахгүй, тусгай сургалт, сэргээн засах эмчилгээ хийх ямар ч боломжгүй,  тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмжөө оруулах зайгүй, бүх хүүхдүүдээ оруулахаар эргэх ч боломжгүй болдог. Энэ хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг сэргээн засах эмчилгээний хамтаар зайлшгүй өгөх шаардлагатай учраас энэхүү цэцэрлэгийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэхийг хүсэж байна” гэдгээ илэрхийлж байлаа.

2. Өнөөдөр Агуу их эх орны II дайны ялалтын баярын 72 жилийн түүхэн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд болон Монгол Улсад суугаа ОХУ, Белорусь, Казахстан улсын ЭСЯ, монгол, орос иргэдийн төлөөлөл Зайсан дахь Зөвлөлтийн цэргийн хөшөө, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
121514
3. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд Вьетнам-Монголын бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо. Уулзалтыг Монгол Улс дахь БНСВУ-ын Элчин сайдын Яам, БНСВУ-ын Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн Нэгдсэн холбоо зохион байгуулжээ.

Уулзалтад БНСВУ-ын талаас Дэд Ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь, Гадаад хэргийн дэд сайд Ха Ким Нгок, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыөнг болон бизнесийн төлөөлөгчид, Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон бизнесийн төлөөллүүд оролцлоо.

БНСВУ-ын гаалийн мэдээгээр хоёр улсын худалдааны эргэлт 58,0 сая ам.доллар байна. Манай улс БНСВУ-аас 40 гаруй сая ам.долларын үнэ бүхий цагаан будаа, чихэр, лаазалсан бүтээгдэхүүн, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппарат импортоор авдаг. 1990 оноос хойш манай улсад Вьетнам Улсын хөрөнгө оруулалттай 164 аж ахуйн нэгж 32,9 сая ам.доллар хөрөнгө оруулалт хийсэн байна. Хоёр улс мөн худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт 20 гаруй гэрээ байгуулжээ.

Цаашид ашигт малтмал, газрын тос, хүнсний салбарт болон бусад бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах нөөц боломж их байгаа гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгдэж байлаа.

948c61dbb692c1e45c7ae69e4dd9dfc4_700

4. Зорчигч тээврийн нэгтгэл шинээр Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Зорчигч тээврийн нэгтгэлд Үйлдвэрчний эвлэлийн таван байгууллага байсан ч тэргүүлэгчдийн хурал болон тайлант хурлаа нэг ч удаа хийгээгүй байна. Харин Үйлдвэрчний эвлэл нь дээд байгууллагуудад буруу ташаа мэдээлэл өгч, хамт олны эв нэгдлийг бутаргах үйл ажиллагаа явуулж ирсэн учраас Зорчигч тээврийн нэгтгэлээс шинээр Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулах нь зүйтэй гэж үзэн, “Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороо”-г байгуулсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шинэ үйлдвэрчний эвлэлийн холбоог байгуулахад Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1590 ажилтнаас 1274 ажилтан буюу нийт ажилчдын 92 хувь нь гишүүнээр элсэж, батламжаа гардан авсан байна. Түүнчлэн Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид нэгтгэлийн захиргаатай Хамтын гэрээг байгуулсан нь ажилчдын эрх ашгийг хамгаалсан тэдний ажиллаж, хөдөлмөрлөх боломжийг илүү хангасан гэрээ болж чадсан гэдгийг хурал зохион байгуулагчид онцолж байлаа.

6429c2_IMG_5732_x974

5. Нийслэлийн Цагдаагийн газраас Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран их, дээд сургууль болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2017 оны хичээлийн жилийн эрдмийн баярыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээлэл хийлээ.

Нийслэлийн боловсролын газраас “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэхдээ хүүхдүүд сурсан мэдсэн зүйлээ эцэг эхчүүддээ тайлагнах, тэргүүний сурагчдыг алдаршуулах талаар анхаарч ажиллах тухай зөвлөмжийг сургуулиудад хүргүүлжээ.

Өнгөрсөн 4 дүгээр сарын 20-ноос энэ сарын 20-ныг хүртэл оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Төгсөлт” нэгдсэн арга хэмжээг нийслэл хотын хэмжээнд зохион байгуулан ажиллаж, энэ хүрээнд нийслэлд 28 их, дээд сургууль, 35 Ерөнхий боловсролын сургууль “Эрдмийн баяр”-ын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Үүнээс гадна цагдаагийн байгууллагаас төгсөх ангийн сурагчид оюутнуудыг ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газрууд сурагчдад согтууруулах ундаа худалдаалахгүй байх талаар зөвлөмж хүргүүлжээ.

 

Сэтгэгдэл үлдээх