5:24

Б.Чойжилсүрэн сайд нэр төрд халдсан үндэслэлээр гомдол гаргажээ

Politik.mn 447 үзсэн1

1. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өөрийнх нь нэр төрд халдсан үндэслэлээр нэр бүхий дөрвөн сайтыг Цагдаагийн байгууллагад өгсөн байна. Энэ талаар Zindaa.mn, Breakingnews.mn, Undesten.mn, Paparatsi.mn сайтын удирдлагууд тайлбар хийж, хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Тус сайтуудад нийтлэгдсэн “Б.Чойжилсүрэнгийн хязгааргүй шунал МАН-ыг шороотой хутгасаар байна” гэсэн  гарчигтай нийтлэлийг сайтуудаас буулгах тухай цагдаагийн шахалт ирсэн байна. Энэ талаар “Undesten.mn” сайтын захирал Ц.Мөнхбаатар “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол сэтгүүлчдийн хувьд баярын өдөр байдаг. Баярын өдрөөрөө хар бараан зүйл яриад яахав гээд өчигдөр бид дуугарсангүй. Улстөрчид сэтгүүлчдийг дарамталж, сүрдүүлж, улмаар шүүх цагдаагаар асуудлыг шийдүүлэхийг  нэн тэргүүнд зорьдог жишиг тогтлоо. Аль нам байхаас үл хамааран сэтгүүлчийг ад үзсэн, дарамталсан шинжтэй  үйл ажиллагаа явагдах  боллоо.

Цагдаагийн байгууллагаас асуудлыг тодруулах нэрээр  сэтгүүлчийн бичиж нийтэлсэн мэдээллийг мөрдөн шалгахын оронд сэтгүүлчийг өөрийг нь байцаадаг, айлган сүрдүүлдэг, эх сурвалжаа хэл гэж шаарддаг, захиалагчаа хэл гэж дарамталдаг, удаа дараа дуудаж, өдөржин үүдээ сахиулж залхаадаг явдал түгээмэл байсаар байгаагийн бодит жишээтэй өчигдөр бид нүүр туллаа. Гэхдээ бид хууль цагдаагийн байгууллагын шаардлагыг хүндэтгэн үзэж, гаргасан нийтлэлээ буцаан татаж байна” гэв.

Мөн Өмнөговь аймгийн Гурван-Тэс сумын нутгийн иргэдийн хүсэлтээр Zindaa.mn, Breakingnews.mn сайтын тусгай сурвалжлах багийн бэлтгэсэн “Тосон бумбын нулимс” цуврал нэвтрүүлэг цацагдсаны дараа тодорхой дарамт шахалтууд ирж байна гэж үзэж буйгаа Zindaa.mn сайтын гүйцэтгэх захирал С.Мөнхзул ярилаа.

Тэрээр “Бид энэ эрэн сурвалжилсан нэвтрүүлгээрээ “Сауд Гоби Коэл Транс” ХХК ашиглалтын лиценз авч, уул уурхайн олборлолт явуулах гэж байгаагаас үүдэж Тооройн төгөл, Загийн ой, Буйлсын хөндийн буйлс устаж үгүй болох аюул нүүрлээд байгааг хөндсөн юм. Харамсалтай нь нутгийн иргэдийн хүсэлтээр хийгдсэн уг нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч, редакцид тодорхой байгууллага, албан тушаалтны зүгээс дарамт шахалт үзүүлж эхэллээ гэж үзэх үндэслэлтэй хэд хэдэн үйл явдал өнгөрсөн хугацаанд бидэнд тохиолдлоо. Бид байдлыг маш  сайн ажиглаж байгаа. Хэрвээ дахин  ноцтой нөхцөл байдал үүсвэл  бид асуудлыг олон нийтэд цаг минуттай нь, баримттай нь мэдээллэх болно” гэлээ.

Түүнчлэн  олон нийтийн мэдэх эрхийг хангаж, сэтгүүлчийн ёс зүйг чанд эрхэмлэн аливаа дарамт шахалт, сүрдүүлгээс айж эмээхгүйгээр  зөвхөн үнэнийг олон нийтэд хүргэх ажлаа цааш үргэжлүүлсээр байх болно гэдгээ онцлон хэлсэн юм.

2. “Хотын хөгжил – Шинжлэх ухаан, технологи” олон улсын бага хурлын нэгдсэн хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Бага хурал  “Хотын хөгжил – эрх зүйн орчин”, “Хотын хөгжил – инноваци”, “Хотын хөгжил – эдийн засаг” гэсэн салбар хуралдаануудаар үргэлжиллээ. Олон улсын бага хуралд үндэсний болон гадаадын 200 орчим эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид оролцжээ. Хуралд оролцож буй гадна, дотны төлөөлөгчдөд зориулан Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар хамтран үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэнд Монголын уламжлалт ёс, зан заншил, түүх соёл болон Улаанбаатар хотын үе үеийн ерөнхий төлөвлөгөөг дэлгэн тавьсан байна.

IMG_5589

3. Нийслэлээс зарласан “Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэл”-ийн жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсож, цаашдын ажилдаа тусгах зорилготой юм.  Өдөрлөгт “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Тэнүүн-Огоо” ХХК, “Эрдэм Транс” ХХК, “Сутайн буянт” ХХК, “Мяралзаа” ХХК, “Атибус” ХХК, “Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” зэрэг Нийслэлийн Тээврийн газрын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд,  “Наранбулаг хан” ХХК, “Ялгуусан” ХХК, Улаанбаатар зам засвар арчлалтын газар зэрэг авто замын барилга, засвар үйлчилгээ эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож, өөрсдийн бодлого, чиглэл үйл ажиллагаагаа танилцуулж байна. Мөн өдөрлөгийн үеэр “Улаанбаатар смарт карт” компаниас иргэдийн дунд “Асуулт, хариултын тэмцээн” зохион байгуулж, зөв хариулсан иргэдийг Нийтийн тээврийн 5000, 10 000 төгрөгийн цэнэглэлттэй картаар урамшууллаа.

_MG_1934

4. Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа өнөө өглөө 07:00 цагт дохио дуугарснаар эхэллээ. Гамшгийн хор уршгийг арилгах “Говийн чоно-2017” арга хэмжээ өнөөдөр Даланзадгад сумын 24 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэлтээр үргэлжилж байна. Энэ үеэр өглөөний 07:00 цагаас 14:00 цаг хүртэл авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, айл өрхүүдийг гэрийн тэжээвэр амьтад  болон нохойгоо явган зорчигч саадгүй явах боломж олгохыг анхаарууллаа.

Нүүлгэлтийн үеэр хүнд өвчтэй болон хэвтрийн иргэдийг эмчийн зөвшөөрөлтэйгөөр гэрт нь байлгахаар болсон байна. Бага насны хүүхдийнхээ энгэрт хаяг, нэр, холбоо барих утсны дугаар зэргийг бичин хадаж, хараа хяналтаасаа салгахгүй байхыг эцэг эхчүүдэд сануулж байгаа юм.

Тус сумын иргэд дөрвөн цэгт цуглах бөгөөд энэ үеэр 200 ортой хээрийн хүн эмнэлэг, хээрийн мал эмнэлэг ажиллаж байгаа юм.

Дадлага сургуулилтад Өмнөговь, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар өмнөд бүсийн аймгуудыг хамарсан хүчтэй салхи шуурга, малын гоц халдварт өвчин зэрэг хавсарсан гамшиг осол тохиолдсон гэсэн сэдвээр цагийн үеийн байдлыг өгсөн байна.

206639-04052017-1493890534-40540304-9X1A9416

5. БСШУСЯ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын Үндэсний музей, Соёлын өвийн төв, Ховд их сургууль зэрэг байгууллагууд хамтран “Хадан гэрийн соёл” үзэсгэлэнг олон нийтэд толилууллаа. Хадны оршуулга нь нарны тусгалаас далд, бороо чийг нэвтэрдэггүй хуурай нөхцөлд хатаж занданшсан байдаг учраас олдворууд нь маш сайн хадгалагдсан учир эртний түүхийн судалгаанд үнэлж баршгүй чухал ач холбогдолтой байдаг талаар судлаачид өгүүлж байв. “Хадан гэрийн соёл” үзэсгэлэнг хоёр сарын турш олон нийтэд үзүүлэх юм байна.

IMG_5534

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх