America/Europe

Д.Трамп: Цагаан ордонд өнгөрүүлсэн эхний 100 хоног манай улсын түүхэн дэх хамгийн амжилттай 100 хоног байсан

Э.Мөнхзаяа 313 үзсэн3

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд өнгөрүүлсэн эхний 100 хоногийнхоо тайланг тавилаа. Тэрбээр төрийн тэргүүнээр ажилласан эхний 100 хоногийг сэтгэл түгшээсэн, үр дүнтэй байсан гэж дүгнэжээ.

Энэ тухайгаа Пенсильвани мужид дэмжигчдэдээ хандаж хэлсэн үгэндээ дурдсан байна. “Миний засаг захиргааны эхний 100 хоног манай улсын түүхэн дэх хамгийн амжилттай 100 хоног байсан гэдэгт би эргэлзэхгүй байна” хэмээн Трамп өгүүлжээ. Тэрчлэн өдөр бүр улс орныхоо нөхцөл байдлыг сайжруулахаар ажилладаг хэмээгээд уурхайчдад ажлын байрыг нь эргүүлж олгосон ажлаа жишээ татан ярьсан байна. “Бид түүхэн өсөлт дэвшилтэд хүрч чадсан” хэмээн засаг захиргааныхаа талаар дүгнэн хэлжээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд мэдэгдэхдээ Трамп 40 дэх төрийн тэргүүн Рональд Рейганаас хойш цэргийн төсвөө асар ихээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэжээ. Сонирхуулахад “Симпсоныхон” олон ангит хүүхэлдэйн киног бүтээгчид Трампын засгийн эрхэнд байсан эхний 100 хоногийг шоглож кино хийсэн байна. Энэхүү хүүхэлдэйн киноны бүрэн эхийг дөрөвдүгээр сарын 30-нд буюу өчигдөр интернэтэд бүрэн эхээр нь тавихаар төлөвлөсөн аж.

Цагаан ордноос мэдээлснээр Ерөнхийлөгч ажлаа хүлээн авсан эхний сарууддаа дэлхийн бусад орны 38 төрийн тэргүүнтэй 70 удаа утсаар холбогдож, үүнээс 17 удаа хоёр талын уулзалт хийсэн байна.

Оросын төрийн далбааг шидэв

Ерөнхийлөгч Дональд Трамп Пенсильвани мужид индэр дээрээс үг хэлэх үед жижиг хэмжээний далбаа хэдэн арвыг шидсэн байна. Америкийн улс төрийн хүрээллийн зарим хүмүүс Трампыг Оростой холбоотой, Москвагийн зүгээс ардчилагчдын компьютерүүдэд хадгалагдсан материалуудыг ил болгох замаар түүнийг сонгогдоход тус болсон гэж буруутгадаг. Тиймээс түүнийг үг хэлж байх үед Оросын далбаа шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн бололтой.

Сири рүү пуужингийн харвалт хийсэн нь гол амжилт

Дональд Трампын хүү бага Дональд Трамп “Fox News”-т өгсөн ярилцлагадаа аавынхаа ажлын эхний 100 хоногт багтаан хийсэн ажлыг үнэллээ.

Тэрбээр эцгийнхээ гадаад бодлогод явуулсан хамгийн гол амжилтаар Сирийн цэргийн аэродром руу пуужингийн харвалт хийсэн, “Исламын улс” алан хядах бүлэглэлтэй тэмцсэн, БНАСАУ-аас гарч буй аюул заналхийллийг буцаахад бодит алхам хийсэн гэж тэмдэглэжээ.

Бага Дональд Трамп “Миний эцэг ерөнхий командлагчийн хувьд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэснийг эсэргүүцэж, шийдэмгий үйлдэл хийсэн” гэж мэдэгджээ. “Америк улс Исламын улсын эсрэг Афганистаны агуйгаас Мосул хот хүртэл энд тэндгүй тэмцэж байна. Бас АНУ эцэст нь Хойд Солонгосоос ирэх аюул заналхийлэлтэй тэмцэж байна. Ерөнхийлөгч Трамп АНУ-ын зэвсэг хүчний хүчин чадлыг сэргээх, дайснуудтай тэмцэхэд дайны бэлэн байдлыг нэмэгдүүлэх, Америкийг хамгаалахаар ажиллаж байна” хэмээн тэмдэглэжээ. Түүний үзэж буйгаар Ерөнхийлөгч Трамп холбоотнууд болон дайснууддаа Америк ямар шийдэмгий болохыг сануулж чадсан гэнэ.

Трампын экологийн бодлогыг эсэргүүцэв

Тэгвэл эдгээр мэдэгдэлтэй зэрэгцээд Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны цаг уурын өөрчлөлтийн асуудлын бодлогыг эсэргүүцсэн томоохон жагсаал АНУ-д боллоо. Ерөнхийлөгчийн эхний 100 хоногт зориулсан “Ард түмний цаг уурын марш” хэмээх энэхүү арга хэмжээ хэд хэдэн хотод болсон байна. Вашингтонд л гэхэд жагсагчид Цагаан ордныг хүрээлэн жагсахаар төлөвлөжээ. Гэвч үнэндээ Ерөнхийлөгч энэ үеэр Цагаан ордонд байгаагүй, Пенсильвани мужид 100 дахь хоногоо тэмдэглэж байсан юм. Жагсаалыг зохион байгуулагчдын хэлснээр АНУ-ын нийслэлд л гэхэд 15 мянга орчим хүн цугларч, өнөөгийн төрийн тэргүүний цаг уурын өөрчлөлтийн асуудалд хандаж буй бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлжээ.

Өмнөд Каролина мужийн жагсаал зохион байгуулагч Лео Вудберри л гэхэд “Бид хүүхдүүдээ багтраа өвчнөөс болж яаж нас барж байгааг хараад залхаж буйгаа тэдэнд илэрхийлэхээр энд цугларсан. Бид нүүрсний утаа тортгоос болж хорт хавдар туссан хүмүүсийг харж ханалаа. Бид далай тэнгисийн түвшин нэмэгдэж буйг харж залхлаа” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Вашингтонд ойрын өдрүүдэд маш халуун байгаа ч эсэргүүцэгчид үүнээс халширч хойш суулгүй гарч иржээ. Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр л Вашингтоны 2016 оны дөрөвдүгээр сард нэгдэн орсон Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрээс гарна гэдгээ амлаж байсан юм. Тэрбээр энэхүү хэлэлцээрийг нэг талыг баримталсан, АНУ-д ашиггүй гэж үзжээ. Учир нь агаарт хүлэмжийн хийн ялгаруулалтаараа тэргүүлдэг Хятад улс л гэхэд хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж тэмдэглэсэн байна. Трампын хувьд төрийн тэргүүнээр ажилласан эхний 100 хоногтоо өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг цуцалсан.

Обамагийн хувьд 2015 онд дулааны цахилгаан станцын агаар мандалд ялгаруулах хог хаягдлыг багасгах, метаны ялгаруулалтыг хязгаарлах, гидравлик фракинг аргаар нефть, хий олборлох зарлиг гаргаж байсан билээ. Обамагийн энэхүү шийдвэр АНУ-ын эрчим хүчний салбарт хохирол учруулж, энэ салбарт ажиллаж байсан хүмүүсийг ажилгүй, орлогогүй болгосон гэж Трамп үзжээ.

 

 

Сэтгэгдэл (3)

  1. Im obliged for the blog post.Thanks Again. Awesome.

    https://www.minds.com/newsfeed/832581508206579712

  2. Say, you got a nice article post.Thanks Again. Really Cool.

    https://buysellempire.tumblr.com/post/171119673115/buy-sell-empire-selling-website

  3. Really appreciate you sharing this blog. Really Great.

    http://www.tri-cityherald.com/news/local/news-columns-blogs/article31757694.html

Сэтгэгдэл үлдээх