Breaking

Зөрчлийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулахыг эрх баригчид дэмжсэнгүй

Ж.Бат-Ирээдүй 155 үзсэн8

Саяхан УИХ шийдсэний дагуу 7 төрлийн татвар нэмэгдсэний дарамтад өртөх гэж байгаа ард иргэдэд өнөөдөр УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлгийг нь хийхээр төлөвлөсөн юм л бол торгох, торгуулиа төлөхгүй бол баривчлах шийтгэлтэй Зөрчлийн тухай хуулийн төсөл өөр нэг айдас төрүүлж эхлээд байгаа билээ. Монголд дарангуйллыг ч сэргээх боломжтой энэ хуулийн төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганы хэлэлцүүлгээс хойшлуулах саналыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, гишүүн Л.Болд, О.Баасанхүү нар гаргаж Д.Эрдэнэбат гишүүний горимын саналаар санал хураасан ч нэг гишүүний саналын зөрүүгээр хуулийн төсөл хэлэлцэгдэхээр боллоо.

УИХ-ын гишүүн Л.Болд гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэг, зарим сумдын Засаг дарга нарыг улстөрийн шалтгаанаар одоог болтол томилохгүй, өнгөрсөн намар явагдсан орон нутгийн сонгуулийн үр дүнг баталгаажуулахгүй байгаа асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад тавьсан асуулгынхаа хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр сонсох санал тавьсныг Их хурлын дарга хүлээн авсан байна. Ингэснээр маргааш буюу баасан гаригт Ерөнхий сайд дээрх асуудлаар мэдээлэл хийх боллоо.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтийн 49 хувийг төрд шилжүүлэх асуудлаар УИХ-аас гаргасан тогтоолын хэрэгжилтийг парламентаар даруй авч хэлэлцүүлэх санал гаргалаа.

Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны ирэх 7 хоногийн хурлаар хэлэлцүүлж, шаардлагатай бол чуулганы хуралдаанаар оруулахыг Их хурлын дарга Эдийн засгийн байнгын хороонд чиглэл болголоо.

Мөн Монголбанк, Хөгжлийн банкинд хийж байгаа шалгалтын явц, үр дүнг чуулганаар хэлэлцүүлэх Л.Оюун-Эрдэнэ гишүүний саналыг УИХын дарга хүлээн авч хууль хяналтын байгууллагуудын шалгалт дуусч дүнгээ гаргасан тохиолдолд хэлэлцэж болох юм гэж хэллээ.

Сэтгэгдэл үлдээх