Other Voices

О.Баасанхүү: МАН-ын явуулж буй зөвлөлдөх санал асуулга шал худлаа зүйл

Medee.mn 627 үзсэн1

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:


Ард түмэн татвар нэмлээ, тэтгэврийн насыг 65 болголоо, улс орныг өрөнд унагалаа гээд төр засагтаа бухимдалтай хандаж байгаа. Энэ бухимдлыг арилгахын тулд МАН үндсэн хоёр сэдэв гаргасан гэж би хувьдаа харсан. Үүний нэг нь Үндсэн хуулийг өөрчлөх тухай яриа. Энэ өгсөн өгөөшийг нь эхнээсээ хэвлэлийнхэн ч авчихлаа. Хоёр дахь асуудал нь, нийслэлийн төмөр замыг Богд уулын өмнүүр тавина гэж ярих юм билээ. Тэгснээ Богд уулын модыг тайрч сүйтгэж байна гэхчлэн ярина. Энэ хоёр хоёулаа МАН-ын нийгэмд өгч буй өгөөш юм. Яг нарийндаа Үндсэн хуулийн талаар гурван байр суурь ажиглагддаг юм. Нэг, Үндсэн хуулийг огт өөрчилж болохгүй. Хоёр, бага зэрэг өөрчлөх, гурав дахь нь бүр мөсөн өөрчлөх асуудал. Бүр мөсөн өөрчилье гэдэг хувилбар дээр МАХН-аас Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай асуудлаар боловсруулсан хуулийн төсөл бий. Сайн, муу нь хамаагүй. Ямар ч байсан хүнд үзүүлэх зүйл байна. Харин бага зэрэг өөрчлөх дээр хувилбар байхгүй.

Тиймээс ч МАН-ынхан бодож байгаад өмнөх парламентын үед Н.Батбаярын ярьж байсан санаануудаас бага багаар нь татаж, зөвлөлдөх санал асуулгынхаа агуулгыг босгосон. Олон нийт энэ асуудлыг ярьж байх хооронд тэд ерөнхийлөгчийн сонгуулиа хийчихнэ. Энэ нь иргэн бүрийг завгүй байлгах, анхаарлыг сарниах гэсэн нэг пиар технологи юм. Яг бодит байдал дээр МАН 2020 он хүртэл Үндсэн хуулийг өөрчлөхгүй. Үндсэн хууль өөрчлөгдсөнөөр маргааш нь сонгууль болно. Өнөөх хоёр танхимын асуудал нь сөхөгдөнө. Ийм эрсдэлтэй нөхцөлд гишүүд дахин сонгууль хийе гэж хүсэх үү. Хүсэхгүй. Тэгэхээр МАН-ын явуулж буй зөвлөлдөх санал асуулга явуулах ажил шал худлаа зүйл.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master